Х.МОНГОЛХАТАН
Швейцарийн Люзанна хотод болсон дэлхийн паратаеквондогийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцон гурван хүрэл медалийн эзэд болжээ. Монголын паратаеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Отгонбаатартай ярилцлаа.
-Та бүхнийг паратаеквондогийн дэлхийн аваргаас ганзага дүүрэн ирсэн гэж сонслоо. Хэдэн тамирчин оролцсон бэ?
-Паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээнд таван тамирчин, дасгалжуулагч, багийн ахлагч гэсэн бүрэлдэхүүнтэй яваад ирлээ. 58 кг-ийн жинд хоёр хүрэл, нэмэх 80 кг-д нэг хүрэл, нийтдээ гурван хүрэл медаль авсан. Өмнөх гурван тэмцээнээс ч бид хоосон ирж байгаагүй.
2009 онд Азербайджаны Баку хотод болсон анхны Паратаеквондогийн дэлхийн аваргад бид нэг тамирчин оролцуулж хүрэл медаль авсан. 2010 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон тэмцээнд гурван тамирчин оролцсоноос А.Нямгарьд, Д.Ширнэн хоёр хүрэл медальтай ирсэн. Гурав дахь дэлхийн аварга 2012 онд Карибын тэнгис дэх Аруба улсын Сантакрузо хотод болоход бид зургаан хүний бүрэлдэхүүнтэй явж, Б.Шинэбаяр мөнгөн медаль, Хөвсгөлийн Ц.Даваачулуун, Багануурын А.Нямгарьд нар хүрэл медалийн эзэд болсон.
Явсан тэмцээн болгондоо амжилт үзүүлж, медаль авч байгаа бидний амжилтыг үнэлж сая Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч тусгай цом гардуулсан.
-Таеквондогийн урлаг манайд хөгжөөд удаж байгаа. Харин паратаеквондо саяхнаас сонсогдох боллоо?
-Монголын паратаеквондогийн холбоо энэ оны гуравдугаар сард албан ёсны үйл ажиллагаагаа эхэлсэн. Харин Монголын таеквондогийн холбоо 1991 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй анх нээгдэж байсан түүхтэй. Өнөөдрийг хүртэл бүгд энэ холбоондоо үнэнч зүтгэж явна. 1993 онд манайх Дэлхийн таеквондогийн холбоонд албан ёсны гишүүнээр элссэн юм. Энэ онд 20 жил болж байна. Тиймээс бид тэмцээн уралдаан олныг зохиож, амжилт бүтээл дүүрэн өнгөрүүлнэ.
Таеквондогийн спорт дэлхийн 207 улсыг эгнээндээ нэгтгэсэн, 80 гаруй сая хүн хичээллэдэг том гэр бүл. Монголын таеквондогийн холбоо ч энэ хугацаанд өргөжиж дотроо цэргийн таеквондо болон оюутны таеквондо, паратаеквондо гэж салбарласан. Мөн 18 аймаг, сум сууринд манай клубууд хичээллэдэг. Холбооны ерөнхийлөгчөөр “Касс таун” компанийн захирал Д.Энхбат ажилладаг. Бид дотооддоо жилд 10 орчим тэмцээн зохиодог бол гадаадад түүнээс олон тэмцээн уралдаан болж байдаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй залуус бие хамгаалах урлагаар хичээллэнэ гэхээр бас их тэвчээр, зориг, хөдөлмөр шаардах байх. Танай тамирчид ямар онцлогтой вэ?
-Таеквондо гэдэг нь хөл, гарын урлаг гэсэн утгатай. Хөлний техник 80 хувь оролцдог учраас хөл бокс гэж ойлгож болно. 2000 онд таеквондогийн спорт олимпийн төрөлд албан ёсоор орсон. Паратаеквондо ч олимпод орох гээд нэр дэвшиж байгаа. 2020 оны олимпод бараг орчих болов уу.
Манайд төрөлхийн болон ослоор гаргүй болсон хүүхдүүд хичээллэдэг. Энэ спортын гол техник нь хөл учраас хоёр гаргүй шахуу хэр нь амжилт гаргаж байгаа тамирчид бий. Тэд эрүүл хүүхдүүдтэй хамт хичээллэж, тэмцээнд ч хамт ордог. Гаргүй учраас бичиг үсэг сураагүй, гарын үсгээ ч зурж чадахгүй хэр нь бие бялдар, сэтгэл санааны хичээл зүтгэл, тэвчээр гаргаж зодолдож сурдаг. Мөн хэлгүй, дүлий, тэргэнцэртэй хүмүүс ч хичээллэдэг. Энэ хүмүүст зориулсан олон улсын том наадмууд бусад улс орнуудад их зохиогддог.
-Энэ жилийн Паратаеквондогийн дэлхийн аваргад хэдэн улсын тамирчидтай өрсөлдөв. Алт мөнгө авах боломж байсан уу?
-Паратаеквондогийн дэлхийн аваргад эхний жил 7-8 улс, дараагийн жил 13, гурав дахь тэмцээнд 18, энэ жилийнхэнд 25 улсын тамирчид оролцлоо. Азиас Монгол, Непаль, Иран гэсэн гурван улс л орсон. Жилээс жилд тэмцээнд оролцогч орнуудын тоо нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсч байна.
Бид алтан медаль авах зорилготой явсан. Гэвч Швейцарийн виз чанга учраас тэмцээн болохоос гурав хоногийн виз гарсан. Бид маргааш нь нисээд, цаашаа дамжсаар тэмцээний урд өдөр л тэмцээн болох Люзанна хотод очсон. Цагийн зөрүү гараагүй, уур амьсгал, хоол унданд нь дасч амжилгүй орсон гэхэд гурван хүрэл медаль авлаа. Хэрэв хэд хоногийн өмнө очсон бол илүү амжилт гаргаж, алтан медаль зулгаагаад ирэх ч боломж байлаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүний асрамжид амьдардаг. Гэтэл танай хүүхдүүд бие хамгаалах урлагаар хичээллэж, дэлхийн аваргаас хошой медаль авчээ. Энэ бүх амжилтыг төр засаг, спортын байгууллагуудаас хэрхэн үнэлж байна?
-Манай холбоо 2012 оны шилдэг холбоо болсон. Тамирчин Б.Шинэбаяр маань оны шилдэг тамирчин болсон. Нэг гар нь мөрөөрөө байхгүй. Оюутан хэр нь маш их хичээл зүтгэл гаргаж, тэсвэр тэвчээртэй хичээллэдэг.
Тэмцээн уралдаанд оролцоход хамгийн чухал зүйл бол ивээн тэтгэгч байдаг. Энэ удаагийн тэмцээнийг Мөнхбаатар захиралтай “Эрдхул” компани ивээн тэтгэсэн. Мөн Магнай трэйд, НИК, Шунхлай компаниуд тусалсан. Мэдээж тамирчид өөрсдөө тодорхой хэмжээний мөнгө гаргадаг.
Харин төр засгаас гэвэл өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас медаль авсан гээд 800 мянган төгрөгөөр шагнасан. Сая ирээд бид бас материалаа бэлдээд өгчихлөө. Хэдэн төгрөг өгөхийг нь мэдэхгүй байна.
-Таеквондо гэдэг зодооны урлаг. Хувцас хэрэгслээ яаж зохицуулдаг вэ?
-Бие хамгаалах урлагт заавал тусгай хэрэглэл хувцас шаарддаг. Зайлшгүй хамгаалалт шаардлагатай учир тамирчид өөрсдөө бэлдэх ёстой. Шилбэ, шуу, хөлийн подём, бэлэг эрхтэний хамгаалалтгүй бол тэмцээнд оруулдаггүй. Эдгээр нь багагүй үнэтэй. Мэргэжлийн сайн чанарын хэрэгсэл дунджаар 60-70 мянган төгрөг байх жишээтэй. Толгой руу их өшиглөж оноо авдаг учир толгой, цээжний хамгаалалт заавал байх ёстой. Тэмцээн дээр электрон тоолууртай цээжний хамгаалалт өгдөг. Тамирчид өшиглөх л юм бол шүүгчийн булхай байхгүй тоолуур нь тоолдог учир шударга. 2012 оны Лондонгийн олимпийн хамгийн шударга шүүлттэй спортоор Дэлхийн таеквондогийн холбоо шалгарсан шүү дээ.
-Спортын тамирчдыг тэмцээн уралдаанд бэлдэх, оролцох бүх боломжийг хангахад улсаас анхаардаг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хувьд энэ тал дээр ямар бэрхшээл байна?
-Бэрхшээл зөндөө байна. Тэмцээнд явах тамирчдын хувьд яам тамгын газраар дамждаг шат дамжлага ихтэй. Зардал мөнгө олдохгүй байхаас эхлээд олон зүйл ярьж болно. Гэхдээ Соёл спорт аялал жуулчлалын яам, Биеийн тамирын спортын газраас энэ жил Монголын таеквондогийн холбоог Улсын шигшээ багт оруулсан. Энэ нь бидний хувьд том амжилт. 20 гаруй жилийн түүхтэй манай холбоо цаашид илүү хөгжихийн эхлэл юм. “Эрдхул” компанийн захирал Д.Мөнхбаатар өөрийн хөрөнгөөр Дарь-Эхэд таеквондогийн заал барьж байгаа. Удахгүй ашиглалтад орчихвол хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэд хичээллэх боломж бүрдэнэ. Хөдөө орон нутагт энэ спортыг сонирхож, хичээллэж байгаа нь сайшаалтай юм. Таеквондогийн спорт олимпод орчихвол илүү боломжууд нээгдэнэ.
-Цаашид алтан медаль авахын тулд ямар бодлого баримтлаасай гэж бодож байна?
-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг маань төр засгаас дэмжээд тэмцээнд оролцох зардал мөнгийг нь гаргадаг бол бэлтгэл сургуулилтаа тайван хийж, амжилт гарах боломж илүү байна. Зардлаа хайж явсаар хамаг цагаа бардаг юм. Тиймээс хөрөнгө мөнгөний асуудал л чухал байна.