Японы Фукүока хотноо болж байгаа мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн дундаа орлоо. Эхний найман өдрийн дараа их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүйгээр тэмцээнийг тэргүүлж явна. Ер нь бол энэ тэмцээн аварга, арслангуудад халтайхан өрнөж байгаа юм. Унааны хар салхи их аваргыг тойрлоо. Энэ нь мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноосоо хойш улам ахиулж яваа Хакүхог амласандаа хүрэх найдвартайг харуулж байна. “Би 36 түрүүлж аавынхаа улсын наадамд зургаа түрүүлсэнтэй дүйх амжилтад хүрнэ” гэж жилийн өмнө амласныг уншигчид мэдэх биз. Энэ Кюүшюү башёд түрүүлэхэд л зорьсондоо хүрнэ гэсэн үг. Хакүхогийн амжилтын буухиа буурах яагаа ч үгүйг тэмцээний зургаа дахь өдөр Окиноүмитэй барилдахдаа дэвжээний яг амсар дээр гайхалтай сайхан мэх хийж сүмогийн түүхэнд орох даваа авснаар харагдлаа. Харин аваргыг унасан гэж буруу заасан дэвжээний шүүгчийг Сүмогийн холбооноос гурван өдөр дэвжээнд гарах эрхийг нь хасчээ.
Найман даваатай их аваргын араас нэг унаатай ёкозүна Харүмафүжи, озеки Кисеносато, маэгашира Такаясу нарын хэдэн бөх нэхэж явна. Тийм болохоор одоогоор хэн түрүүлэхийг хэлэхэд бас эрт байна. Өмнөх хоёр башёг өнжсөн Харүмафүжиг энэ тэмцээнд хэрэв түрүүлэхгүй бол зодог тайлуулна гэсэн яриа бий. Урьд нь ч хэд хэдэн аварга хоёр жил дараалан түрүүлээгүйн улмаас зодог тайлж байсан баримт байдаг юм байна. Иймээс Харүмафүжи дахин унаж болохгүй төдийгүй аваргуудаа хаяж түрүүлэхгүй бол болохгүй бололтойдог. Мөн түрүүлэх бөхийн тоонд бичигддэг Тэрүнофүжи өвдөгний гэмтлийн улмаас төдийлөн олигтой барилдаж чадахгүй дөрөв ч уначихлаа. Ояката нарын хэлж байгаагаар түүнийг тэмцээнийг орхиж эмчлүүлсэн нь чухлыг сануулж байна. Гэвч Тэрүнофүжи шүд зуун барилдсаар байгаа юм. Какирюү аварга хоёр уначихсан яваа. Сүүлийн өдрүүдийн барилдааныг харахад дахиад унахгүй байх боломжтой сайн л байналээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин