Э.ОРХОНСҮРЭН

 

Энэ жил Үндэсний дуу бүжгийн чуулгын 50 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд олон ажлыг шат дараатайгаар хийж байгаагийн нэг нь Солонгосын үндэсний театртай хамтарсан тоглолт юм. Өнгөрсөн сарын 27-нд Солонгос улсыг зорьсон манай уран бүтээлчид амжилттай тоглоод эх орондоо иржээ. Энэ талаар ҮДБЧ-ын Ерөнхий удирдаач Н.Буянбаатартай ярилцлаа.  

 

-Сайн явж ирэв үү. Тоглолт амжилттай юу. Үзэгчид хэрхэн хүлээж авав?

-Манай чуулгын 50 жилийн ойн арга хэм­жээ­ний үргэлжлэл болгон Солонгост тоглоод ирлээ. Өнгөрсөн сарын 10-нд БНСУ-ын үндэсний теат­рын удирдаач найрал хөг­жимчид ирж манай чуул­гатай хамтарч тоглосон. Солонгосын хөгжмийн зохиолчдын бүтээлийг ма­най хөгжим дээр өөрсдийн найруулснаараа тоглож хүргэсэн. Харин энэ удаад бид тэдний хөгжмийн зо­хиолчдын бүтээлийг өөрсдийн найруулснаар үзэгчдэд хүргэлээ. 800 хүний суудалтай дугуй теарт нь хоёр удаа тогло­лоо. Үзэгчид маш сайн хүлээж авсан. Тэдний биднээс ганц илүү зүйл нь орчин нөхцөл сайн байна. Тоглож байгаа хөгжмийн зэмсэг, цалин хамгамж үнэхээр сайн. Тийм учраас зөвхөн хөгжмөө л тоглоно. 20-нд хаалтын тоглолтоо хийнэ. Мөн ах­мад үеийнхэнтэйгээ хам­тар­сан тоглолт, баримтат кино, шинэ цомог гаргах гээд завгүй ажиллаж байна даа.

-Солонгосын хөгжимч­дийг удирдах, монгол хөг­жимчдөө удирдах хоёрын хооронд ялгаа байна уу?

-Удирдаач хүний ял­гааг хөгжимчид хэлнэ. Харин манай хөгжимчид тэднийхээс дутахгүй юм билээ. Солонгосын үндэс­ний хөгжмийн чуулга 1995 онд байгуулагдсан. Ма­найх­тай харьцуулахад за­луу. Гэвч тэд үндэсний урлагаа маш сайн хөг­жүүлж чадсан байна. Орчин сайн, хөгжмийн зэмсгийн хөг сайн байсан. Төр засгаас нь үнэхээр оновчтой бодлого барьдаг нь харагдаж байлаа. Ма­най хөгжим бол хэцүү дээ. Ганц ая тоглоод утас нь сунана. Тийм учраас энэ тал дээр төрөөс анхаарч хөгжмийн зэмсгүүдэд шинэчлэл хийх цаг болсон.

-Хөгжимчдийн ур чад­варын хувьд ялгаа байсан уу?

-Манай хөгжимчдийн чадвар үнэхээр сайн. Хэ­рэв бидэнд тэдэнд байгаа шиг материаллаг бааз байвал бүр ч илүү байна.

-Урлаг гэдэг ерөнхий ойлголт. Харин үндэсний урлагт юу багтах ёстой байдаг юм бэ?

-Хошин урлаг, ний­тийн дуу хоёрыг хүмүүс урлаг гэж хүлээж авдаг. Ардчилал гарснаас хойш урлаг гэдэг утга нь ор­хигд­сон. Бидний муулаад бай­даг социализмын үед нам засгаас үндэсний болон сонгодог урлагаа бодло­гоор дэмждэг байжээ. Тэр цагаас хойш анхаархаа больсон гэж хэлэхгүй ч маш их хоцрогдож байна. Бид суурь сайтай байсан тулдаа өдий хүрсэн. Мон­голын үндэсний урлаг дэлхийд гайхуулаад бай­даг гол учир нь бидний нүүдэлчин ахуй, цаг агаар­таа дасан зохицож амьдардагтай холбоотой. Үндэсний хөгжим гэхэд таван хошуу малынхаа дэл сүүлээр хийдэг. Хошин урлаг, нийтийн дуу дэмж­лэгтэй дэмжлэггүй хөг­жинө. Учир нь тэдэнд зах зээл байгаа. Тиймээс үн­дэсний урлагаа дэмжих цаг болжээ. Хэрэв мэр­гэжлийн урлагаа унагавал дахин бос­гож ирэх гэж зовно. Бид хоёр том гүр­ний дунд байгаа уч­раас зах зээл бай­на. Үү­нийг л дэм­жээд өгвөл монгол урла­гийн өмнө дэлхий жижигхэн байна.

-Урла­гийг дэм­ж­ихээс илүү түү­нийг хүлээж авч байгаа үзэгчдийн бо­ловс­­ролд хөрөнгө оруулах хэ­рэгтэй гэсэн байр суури­наас зарим хүмүүс ханд­даг. Үүнд санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр үнэ­хээр үзэгчдийн боловс­ролыг дэмжинэ гэж байгаа бол төр анхаарлаа хандуу­лах хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулиас нь үндэсний урлаг гэж юу вэ гэдгийг суулгах нь зүйтэй. Мөн чадалтай боловсон хүчин бэлд. Гадаадын өндөр хөг­жилтэй орнуудад хөг­жимч­дөө сурга. Тэгж байж урлаг хөгжинө. Зүгээр яриад байх асуудал биш. Үүнийг төрөөс чиглүүлж өгөх үүрэгтэй. Хэрэв тийм биш бол төр гэж байхын хэрэг юу байна. Мэргэж­лийн урлаг гэдэг хүний оюун санааг гэгээрүүлдэг. Одоо бидний үзээд байгаа холливуд, солонгосын кино урлаг биш. Бид дэн­дүү туйлширч байна. Манай үндэсний кино урлаг яасан юм бэ. Үүний­гээ сэргээх хэрэгтэй. Теле­визээр гарч байгаа энэ олон гадаад дуу хөгжмийн оронд үндэсний дуугаа тодорхой хугацаа­тай гарга гэсэн шаардлага тавь л даа. Чадахгүй бол хаагдана биз. Ингэж байж хүмүүст хүрч хүүхэд багачууд ойлгож эхлэнэ. Монгол улс шиг дэлхийн стандартад нийцсэн театр­тай орон бараг байхгүй. Үүнийгээ л хадгалж үлдэх хэрэгтэй байна.

-Аливаа нэг зүйл ха­раат болохоороо тухайн зүйлдээ л үйлчилдэг. Хэ­рэв төр урлагийн амьдралд хэт оролцвол түүндээ үйлчлээд байх юм биш үү?

-Бидний хийж байгаа зүйлийг төр дэмжиж чиглүүлж өг л гэсэн үг. Түүнээс биш урлаг төрд үйлчилнэ гэж байхгүй.

-Тухайн орны хөгж­лийг сонгодог урлаг, үндэсний урлагаар нь дүг­нэж болдог гэж ярьдаг. Тэгвэл манай үндэсний урлаг ямар төвшинд байгаа бол?

-Үндэсний урлагийн өдий зэрэгт яваа нь урлагаа гэсэн хүмүүсийн сэтгэл, хуучин бидэнд үлдсэн суурь дээр тогтож байна. Урлаг гэдэг тэр чигээрээ сэтгэл шүү дээ. Тэр сэтгэлийг нь дэмжих хэрэгтэй.

-Сүүлийн үед спортоо түлхүү дэмжээд урлагаа хайхрахгүй байна гэх яриа олон гарч байна. Үнэхээр тийм байна уу?

-Тийм. Яагаад гэхээр их хуралд спортын хүмүүс их байна шүү дээ. Б.Бат-Эрдэнэ аварга, Х.Бат­тулга, Кёкшюүзан Бат­баяр гээд олон хүмүүс байна. Тэднийг аль нэг спортын холбоод нь ерөн­хийлөгчөөрөө томил­чихно. Тийм учраас аргагүй юм уу даа. Урлагийн хүмүүс улс төрд орох гэхээр энэ урлагийн юу ч мэдэхгүй юм байж болиосой гэж шүүм­жил­дэг. Энэ нь нөгөө нийтийн дуу, хошин шогоор урла­гийг ойлгодог гэдгийн илрэл. Уг нь урлаг соён гэгээрүүлэх үүрэгтэй.

-Сүүлийн үед монгол поп гэж ярих болжээ. Юуг нь монгол поп гэж нэрлээд байна вэ. Аялгуу, үг, бүр сэтгэлгээг нь хэлээд байна уу?

-Монгол поп гэдэг бол шинэ зүйл биш. Яахав хүмүүсийн юу хүсч бай­гаад нь илүү чиглүүлсэн гэж ойлгож байна. Түү­нээс биш Соёл-Эрдэнэ ч гэсэн монгол попоор дуулж байсан. Аливаа урла­гийн суурь нь үндэсний урлаг байдаг. Түүнээсээ салаалаад рок поп, жааз гээд төрлүүд үүссэн. Банзан гитар, даралтат хөгжимд морин хуурын талд байдаг.