Б.Түшиг

АНУ-ын “Нью-Йоркер” сэтгүүлд А.Фразиерийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.        

Өнгөрсөн зун Москва, Санкт-Петербург хотод зохион байгуулсан Чайковскийн нэрэмжит 15 дахь удаагийн олон улсын уралдааны эрэгтэй дуулаачдын ангилалд тэргүүлээд зогсохгүй гол шагнал Гранприг хүртсэн Г.Ариунбаатар нуруулаг, чийрэг биетэй залуу ажээ. Тэрээр тайзнаас буугаад жийнсэн өмд, бараан цамц, лаакдсан хар гутал өмсөх дуртай. Харин тайзан дээр гэл хар үстэй нь зохицсон хар зангиатай гардаг нэгэн. Дэлхий даяар өөрийг нь сонирхох болсныг мэдэрсэн хүмүүсийн нэгэн адил тэрээр итгэл төгс алхана. Чайковскийн нэрэмжит уралдаанд  өмнө нь монгол хүн түрүүлж байгаагүй билээ.

Өнгөрсөн бямба гаригт “Карнеги-холл”-ын танхимд тэрээр Чайковскийн нэрэмжит уралдааны эмэгтэй дуулаач, төгөлдөр хуур, хийлийн төрөлд түрүүлсэн уран бүтээлчдийн хамт Америкт анхныхаа тоглолтыг хийлээ. Г.Ариунбаатар тайзан дээр гарахынхаа өмнө хувцас солих өрөөндөө сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан юм. Түүний яриаг Нью-Йоркийн их сургуульд математик, эдийн засгаар суралцдаг Б.Номундарь орчуулж байлаа. 1988 онд Улаанбаатарт төрсөн дуучинг найз нар нь Ариука гэж дууддаг ажээ. Түүний гэр бүлийнхэн нүүдэлчид бөгөөд 400 км газар бэлчээрлэн үхэр, хонь, ямаа хариулж, харин өвлийг Улаанбаатар дахь орон сууцандаа өнгөрүүлдэг гэнэ. Тэд уналгандаа морьдоос гадна Япон, Хятадад үйлдвэрлэсэн мотоцикл хэрэглэдэг ба Г.Ариунбаатар тэдгээрийг яаж засварлахаа сайн мэддэг аж.

Тэрээр долоон настайгаасаа ардын дуу дуулж эхэлжээ. Монголчууд эх байгаль, хайр дурлал, ганцаардлын тухай олон ардын дуутай бөгөөд олон зууны өмнө, бүр Чингис хааны үед зохиосон дуу цөөнгүй. 17 настайдаа тэрээр Монголын Соёл, урлагийн их сургуульд дуулаачийн ангид элсэн суралцжээ. Гэвч мөнгөний гачаалаас үүдэн хоёр жилийн дараа сургуулиасаа гарч замын цагдаагаар ажиллах болсон байна. Улаанбаатарын цагдаагийн газар Монгол даяар төдийгүй заримдаа Орост айлчлан тоглодог эрэгтэйчүүдийн найрал дууны чуулгатай ажээ. Г.Ариунбаатар тус чуулгын гоцлол дуучин болоод Буриадын нийслэл Улаан-Үдэд очоод байхад нь Буриадын Дуурь, бүжгийн академик театрынхан дуулахыг нь сонсоод хамтран ажиллах санал тавьжээ.

Буриадын театрын дуулаач болоод сүүлийн нэг жилийн турш Улаан-Үд, Улаанбаатарын хооронд нүүдэллэн амьдарчээ. Тэрээр өмнө нь Нью-Йоркт нэг удаа ирэхдээ Метрополитан театрын өмнө зогсоод хэзээ нэгэн цагт тайзан дээр нь дуулах болно хэмээн алгаа нийлүүлэн залбирч байсан гэдэг. Ийн ярилцсаны дараа тэр хажуугийн зоогийн газраас авсан хавчуургатай талх, аяга шөлөөр дуулахаасаа цагийн өмнө өдрийн зоог барих ёстойгоо учирласан билээ.

Концертын эхэнд Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны зохион байгуулагчдын нэг, удирдаач Валерийн Гергиев үзэгчдэд хандан хэлэхдээ, medici.tv цахим хуудсаар тус уралдааныг 184 орны 11 сая хүн үзэж сонирхсоныг дуулгасан юм. В.Гергиев уралдаанд түрүүлсэн Румыны хийлч Андрей Ионут Ионита, Оросын эмэгтэй дуулаач Юлия Маточкина, Оросын төгөлдөр хуурч Дмитрий Маслеев /энд тэмдэглэхэд мөн Улаан-Үдийнх/ болон Г.Ариунбаатар нарыг танилцуулсан бөгөөд тэдний тоглолтыг үзэгчид магтан шагширч, алга ташин халуунаар хүлээн авсан. Г.Ариунбаатар тайзнаа Рахманиновын “Нууцлаг үдшийн нам гүм”, Чайковскийн “Гилийн хатан” дуурийн “Би чамд хязгааргүй хайртай” арийг дуулсан юм. Түүний дуулахыг биширсэн үзэгчид, “Г.Ариунбаатар үнэхээр дуундаа шингэж чадлаа”, “Тэр сэтгэлийн угаасаа дуулах юм”, “Метрополитэн дуурь энд юу болсныг мэдэж байгаа бол түүнийг шууд өөрийн болгоно доо” гэж байв.

Концертын дараа “Weill Terrace”-д болсон хүлээн авалтын үеэр радиогийн хөтлөгч Наоми Левин Г.Ариунбаатараас ярилцлага аван анх ямар дуурь үзсэн тухай асуусан юм. Тэрээр анхны дууриа телевизээр харсан гэж товчхон хариулсан. Сэтгүүлч эмэгтэй чухам ямар дуурь вэ гэж лавлахад “Том, Жерри хоёр” хүүхэлдэйн кинон дээр гардаг, Жерри хулганы дуулдаг “Фигаро” ари гэж ичингүйрэн хэлсэн билээ.

Долдугаар ширээн дээр сууж байсан Америкийн нэгэн хөгжмийн зохиолч байн байн эргэн харж энэ яриаг сонсоод нүдэнд нь нулимс цийлэгнэж, “Г.Ариунбаатар хуурмаг биш жинхэнэ авьяастан ” гэж дуу алдсан. Хүлээн авалтын дараа В.Гергиев зочдод хандан үг хэлэхдээ, “Залуу авьяастнууд Нью-Йорк, “Карнеги-холл”-д үүнээс хойш олон удаа ирж уран бүтээлээ хүргэх нь дамжиггүй. Харин энэ концерт анхных нь гэдгээрээ дурсагдах болно” гэжээ. 

Эх сурвалж: Www.polit.mn