1921-1980-иад он

Н.БАТМӨНХ

П.Аюуш 1921 оны цагаагчин төмөр тахиа жил одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Алтанширээ гэдэг газар эмэгтэй Пагамын хүү болон төржээ. Тэрээр эхтэйгээ хоёулаа цөөвтөр ямаатай, хар багаасаа түүнийгээ маллан аж төрөн явсаар 10 настайгаасаа эхлэн адуу, тэмээ малласаар хүч бяр сууж эхэлжээ. П.Аюуш 17 настайгаасаа бөхийн аманд гарч барилдаж. Тэгээд 21 насандаа Богд, Жинст, Баялаг сумдын наадамд дараалан түрүүлж сумын заан цолтой даага хөтлөн ирж, ижийгээ баярлуулан, нутгийн олон түмэнд Пагамын хүү ч сайн бөх болох нь гэсэн итгэл төрүүлжээ. Бяр чадал орж барилдах хүсэлд хөтлөгдсөн үедээ 1942 онд эр цэргийн албанд татагдаж Архангай аймаг дахь 31 дүгээр морьт хороонд хоёр жил алба хаагаад 1944 онд Улаанбаатар хотод гурван нөхдийн хамт шилэгдэн ирж, нисэхэд цэргийн алба хааж байхдаа яармаг, голын цэнгэлдэхэд болдог барилдаануудад тогтмол сайн барилдаж, бөхийн хорхойтон, наадамчин олны анхаарлыг татсан учраас “Нисэхийн” Аюуш хэмээх тодотголтой болжээ.

П.Аюуш 1945 онд улсынхаа баяр наадамд анх удаа зодоглож дөрөв даваад Архангай аймгийн Чулуут сумын харьяат тэр үедээ улсын начин цолтой байсан Дэндэвийн “Жонго” хэмээх Даваасүрэнтэй тунаж өвдөг шорооджээ.

1946 оны 25 жилийн ойн их баяр наадамд 1024 бөх барилдахад зургаа давж улам нэмэх заан цол хүртжээ.

1947 онд мөн зургаа давж идэр хүчит чимэг.

1949 онд есийн даваанд Ш.Батсуурь аваргатай үлдэж аваргыг гурвантай дугтрахад өсгийлдөөд хаячихжээ. Гэтэл тэр хоёрыг хуйвалдаж худлаа барилдлаа, Батсуурь баз хүргэндээ бууж өглөө гэх зэрэг яриа гарч, Аюушийн авах ёстой арслан цолыг нь битгий хэл, чимэг ч олгоогүй аавын хүүгийн аз хийморийг хохироожээ. Ш.Батсуурийг төрийн наадамд үнэн хүчээ гаргаж барилдалгүй бууж өгч үлгэргүй байдал гаргалаа хэмээн үзэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдахь хилийн цэргийн ангид нутаг заан суулгаж, П.Аюуш заан арслан цол ч үгүй, бай мөрий ч үгүй нутаг буцсан гэдэг юм.

1950 оны наадамд дөрөв давж, Булган аймгийн Могод сумын харьяат залуу бөх Равжаагийн Дэлэгпилд өвдөг шорооджээ. Тэрээр 1948, 1951, 1952 оны улсын баяр наадамд барилдалгүй өнжөөд 1953 оны улсын баяр наадамд ирж барилдан тав давж хурц шаламгай шалгарсан хүчит чимэг авчээ. Мөн тэрээр улсын баяр наадамд 1956 онд нэгийн даваанд унаж 1959 онд гурав, 1961 онд нэг давжээ.

П.Аюуш арслан аймгийнхаа баяр наадамд 1946, 1947, 1949 онд түрүүлж, 1948, 1950 онд үзүүрлэжээ. П.Аюуш заанд алдар цолыг нь амжилт гаргасан тэр дор нь өгөхгүй элдвээр муучлан хэлмэгдүүлсэн нь түүний цаашдын барилдааны амжилтад илэрхий муугаар нөлөөлсөн нь эргэлзээгүй юм. Тэрээр түрүүлэхэд нь арслан цол олгоогүй учир гомдсон уу, аль эсвэл нутаг газар хол, унаа машин ховор байснаас ч тэр үү улсын баяр наадамд харьцангуй цөөн  жил барилджээ. Хожим 1956 онд ардын хувьсгалын баяр наадмын бөхийн комиссын гуравдугаар хурлын тогтоолд “Нөхөр Аюушийг өөрийн хүчээр барилдаж түрүүлээгүй гэж үзэж цол олгох явдлыг хассан нь зохисгүй учир” гэсэн үндэслэл дурдаж улсын арслан цолыг нь нөхөн олгожээ. Наадмын төв комиссын дарга, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэнгийн гарын үсэгтэй улсын арслан цолны үнэмлэхийг нь хүү А.Уртнасанд гардуулж өгчээ.

П.Аюуш арслан 1940 онд Цэрэндорж хэмээх бүсгүйтэй ханилан суужээ. Тэднийх гурван охин, дөрвөн хүүтэй өнөр өтгөн сайхан айл байжээ. Том хүү Бандимаам нь аймгийн заан цолтой хүн байв. П.Аюуш арслан дунд зэргийн нуруутай 180-185 см өндөр, 90 кг орчим жинтэй цайвар цагаан царайтай, сугадаж тонгорох, барьцгүй цохиж хавсрах мэхийг сайн эзэмшсэн, мэхийг их хурдтай, даацтай хийдэг бөх байжээ. Арслан маань амьдралынхаа 20 гаруй жилийг хөдөөгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах буянтай үйлсэд зориулжээ. Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан үр хүүхдүүд, аймгийн төр захиргааны байгууллага, бөхөд элэгтэй түмэн олны буянаар П.Аюуш арсланд зориулж бодь суварга, хүрэл хөшөөг 2005 онд Баянхонгор аймгийн төвд босгосон нь зөвхөн түүний алдар нэрийг нь мөнхжүүлсэн явдал төдийгүй нутаг ор­ноосоо дахин ийм алдартай бөх төрүүлэх бэлгэдэл бол­сон байна. Дархан аварга Ш.Батсуурь хожим дурсахдаа “Бууж өгч ч болохгүй, биеэр үйлдэх бүү хэл зүүдлээ ч үгүй явахдаа Аюуш заанд бууж өгсөн болж гүтгэгдэн өөрөө ч хохирч, өрөө­лийг ч хохироосон юм” гэжээ. П.Аюуш арслан хөдөө орон нутагт амьдарсаар 1980-аад оны орчим насан өөд болжээ.