Хөрөг таталбар
Д.НАДМИД
Увс аймгийн Тэс сумын харьяат Төрөөгийн Баасанхүүг бөх сонирхогч олон түмэн андахгүй л дээ. Тэр бөхчүүд дотроо хамгийн бага биетэйн нэг. Харин барилдааны хувьд онцлогтой. Хэнтэй ч барилдсан айж эмээсэн шинжгүй нэг л төрхөөрөө байх. Хазах, хайрахаас бусад ямар ч мэхийг хийж магад. Хүний хийсэн мэхэнд үлдэх авьяас бас түүнд бий. Аймгийн арслангууд дунд аранга нь аргагүй мөн дөө. Саяхны нэг барилдааныг эргэн санъя. Тавдугаар сард аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглосон тэр барилдаанд Т.Баасанхүү тун торолгүй түрүүлсэн. Гурав, дөрөв, тавын даваанд аймгийн харцага М.Гансүх, Д.Пүрэвдорж, аймгийн начин Д.Бадамгарав нарыг бариа зөрөөн дээр орхисон бол зургаагийн даваанд унах дургүй бөхийн нэг Дорнод аймгийн арслан П.Мөнхбатыг, долоод улсын цолтнуудтай мөчөөрхөж барилддаг, хэнийг ч давхар аччихаж мэдэх сайн арслан Сүхбаатараар овоглодог Ш.Мөнгөнбаатарыг хонгодож дайраад шороодуулчихсан. Үзүүр, түрүүнд хий багатай, хийцтэй шийдэмгий барилдаанч Сэлэнгийн хурц арслан Б.Одгэрэлтэй гардаг юм. Үзэгчид Б.Одгэрэлийн наадам боллоо гэж ярилцах агшинд Т.Баасанхүү хурц арслангийн хийсэн мэхэнд үлдэж зайлаад давж түрүүлсэн юм. Улсын баяр наадам ойртсон өдрүүдэд бөх сонирхогчид улсын цол хүртэх бөхийн тоонд аймгийн арслан Т.Баасанхүүг оруулж ярих нь олонтаа сонсогдоно. Өөрөө ч миний гол зорилго улсын цолд хүрэх явдал гэж хэлсэн удаа бий.
Т.Баасанхүү бөхийн удамтай хүн юм. Том ах Т.Даваадорж нь сумын заан, өөрийн дээд талын ах Т.Сугаржав нь аймгийн арслан хүн байдаг аж. Анх 2008 онд аймагтаа тойргийн барилдаанд хоёрдугаар байр зээлж аймгийн начин болсон бол дараа жил нь Увс аймгийн наадамд ахтайгаа үзүүр, түрүүнд үлдэж аймгийн заан болж байж. Тэгвэл өнгөрсөн жил дээ. Улсын наадмын өмнө болсон Өмнөговь аймгийн наадамд аймгийн арслан Ш.Дарханбаатарыг орхин түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бөх. Т.Баасанхүүгийн улс, аймгийн цолтнуудын зүрхэнд шар ус хуруулж эхэлсэн бас нэг барилдаан бий. Тэр нь Эрдэнэт хотод зохиогдсон заан цолтнуудын хүндэтгэлийн барилдаан. Энэ барилдаанд улсын начин Б.Баянжаргал, улсын заан М.Өсөхбаяр, Д.Бумбаяр, Ц.Мягмарсүрэн, улсын гарьд Д.Рагчаа нарыг давж түрүүлсэн бөх нь Т.Баасанхүү байв. Тэгвэл энэ жилийн сар шинийн барилдаанд амжилттай барилдаж даян аварга А.Сүхбатаас “Ирээдүйн аварга” шагнал хүртсэндээ баяртай яваа. Тэр эрчээрээ энэ жилийн наадмаас улсын цол хүртэнэ гэсэн бодолтой байгаа биз.
Аймгийн арслан Т.Баасанхүү уналаа гэхэд босоо байх бөх. Бас унаж явахдаа ч нэг л юм хийнэ дээ. Өнгөрсөн жил тэр бас нэг сод амжилтын эзэн болсон. Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд 54 удаа барилдахдаа 47 даваа авч хамгийн олон даваатай бөхөөр шалгарсан бий. Т.Баасанхүүтэй таарсан бөх хонгодох мэхэнд нь голдуу “явчихдаг” бас баруун талдаа морддог, хутгах мэх нь урилгагүйхэн “ирнэ”. Элдэвтэй бөх гэж байдаг бол тэр мөн дөө.