Ч.ГАНТУЛГА

Зуны урин дулаан цаг ирж, гадаадын аялагчид манай улсыг зорин ирэх нь ихэсдэг. Тэд түүхэн дурсгалт газар, байгалийн сайхнаар аялахаас гадна Монголын бахархал болсон үндэсний урлагийн гайхамшгийн заавал сонирхдог билээ. Энэ үед “Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга” “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо уламжлал болгон тоглосоор иржээ. 

Театрын хаалгаар ороход улаан хивс дэвсч, намуухан аялгуу эгшиглэнэ. Үйлчлэгч нар инээмсэглэж, зочдыг суудалд нь урьж байлаа. Танхимд ороход харьцангуй хүн багатай, хаа нэг жуулчид харагдана. Гэвч тоглолт эхлэх дөхөхөд танхим дүүрч эхэлсэн юм. Энэ удаа Япон, Америк, Энэтхэгийн жуулчид ихэнх хувийг эзэлжээ. Африкийн халуун орноос ирсэн бололтой ганц нэг хүн харагдана. Тэд хоорондоо ярилцаж, манай театрыг сонжино. Тайзны хамбан улаан хөшиг нээгдлээ. Гайхалтай, Монгол үндэстэн, ястны соёл, уламжлалыг шингээсэн өөр, өөр үндэсний хувцастай бүжигчид тайзыг эзэгнэнэ. Энэ бол Ц.Сэвжидийн дэглэлт “Монгол бүжгийн чуулбар” хэмээх бүтээл юм. Захчин, Буриад, Казах, түмний бүжгийн гайхамшиг үргэлжилнэ. Ирсэн зочид сэтгэл хангалуун байгаа бололтой, уулга алдан, алга ташсаар байсан юм. Үүний дараа хээр тал, онгон тансаг байгаль, талын салхийг  нүдэнд харагдтал уянгалуулсан нь “Урьхан хонгор салхи” хэмээх уртын дуу байлаа. Монгол үзэгч бүрийн сэтгэлд энэ дууг сонсоод нутаг, уул усаа санах эрхэм сэтгэл төрсөн нь лавтай. Эхнэр хувцас өмссөн, намбалаг бүсгүйчүүдийн “Хатад” бүжгээр “Монгол урлагийн гайхамшиг” үргэлжилсэн. Монгол бүсгүйн алхаа гишгээ, намба төрхийг энэ бүжгээр дүрсэлжээ. Эмэгтэй хүнд байх ёстой, эрхэм чанарууд бүрдсэн мэт уян зөөлөн, эрхэмсэг мөртлөө энэрэнгүй төрхийг энэхүү бүжигт шигтгэжээ. Дуучин Ц.Түмэнжаргал “...Хайранчиг оёод өгсөн арван хуруу минь хө, Ай хө чи минь явчихаар яах юм бэ хө ...” хэмээн танхим цуурайттал, цангинасан хоолойгоор дуулсан. Бүсгүй хүний санасан, гоморхсон сэтгэлийг энэхүү дууны хөг аялгуу, үг бүр нь илтгэнэ. Үзэгчид сайхнаар хүлээж авч, дуучин бүсгүйд нижигнэсэн алга ташилтаар бэлэг барьсан юм. Г.Бирваагийн хөгжим, Б.Баярбаатарын дэглэлт “Жороо жороо” бүжиг энэхүү тоглолтын гол хэсгийн нэг байлаа. Тайзны голд эмэгтэй бүжигчид зогсоно. Морин төвөргөөний дуу сонсогдоход тайзны хоёр талаас эрэгтэй бүжигчид морь унасан мэт хатируулсаар гарч ирлээ. Тэд тайзыг тойрон морины явдлаар шогшиж, уухайлна. Эмэгтэй бүжигчдийг хуйлруулан, хамтдаа бүжнэ. Монгол эр хүний эр бярыг гайхуулан, морьтон Монголын сүрийг бадраах мэт тунчиг сүртэй харагдаж байв. Энэ жил тоглолтын хөтөлбөрт шинээр орсон үзүүлбэр бол уран нугаралт. Уян налархай хөдөлгөөн, үегүй мэт биеэрээ олныг гайхшруулах эрхэм үүргийг Н.Цэцэглэн хэмээх бүсгүй нэр төртэй биелүүлсэн юм. Тэрээр “Сэтгэмж” хэмээх чөлөөт үзүүлбэр үзүүлсэн. Түүний үзүүлбэрийн хамгийн оргил хэсэг нь зориулалтын савааг тавцанд бэхлэн түүнийгээ зууж тогтоох байсан юм. Жуулчид ямар ч оронд аялсан ийм гайхалтай үзүүлбэрийг үзэж чадахгүй нь ойлгомжтой. Үзэгчид биширсэн, гайхсан, бахархсан. Монгол бол шашны урлагийн арвин баялагтай улс. Тоглолтын шигтгээ болсон оргил хэсэг нь цамын бүжиг байсан юм. Тайзны голд таяг тулсан цагаан толгойтой өвгөн бүжнэ. Гэтэл үзэгчдийн араас лам хувцас өмссөн бүжигчид бүрээ, цан, хэнгэрэг цохисоор тайзан дээр гарч ирлээ. Шашны уянгалаг мөртлөө сүртэй дуу эгшишлэж, Улаанжамсран тэргүүтэй бурхад сүр хүчийг илтгэн гарч ирэв. Харахад сүрдмээр тэдгээр бурхад тайзны голоор бүжиглэж, сургааль ном айлдана. Цагаан толгойтой өвгөн бурхадын сүр хүчийг бишрэн, тэдэнд залбиран мөргөнө. Яг л бурхдын оронд ирсэн мэт сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Үзэгчид ч халуун дотноор хүлээж авсан. Энэ удаагийн “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт Б.Шаравын хөгжим “Сэрсэн тал” хэмээх гайхамшигт аялгуугаар төгссөн. Театрын хамбан улаан хөшиг хаагдсан ч үзэгчдийн уухайн дуу, алга ташилт үргэлжилсээр л байлаа.