Б.БАРС, Д.ЖАВХЛАН
“Ханиад томуу биш шүү. Зураач болно гэдэг хорт хавдар ч юм уу, ДОХ шиг тийм аймшгийн өвчин тусахтай адил. Нэгэнт зураач болсон бол энэ өвчин насан өөд болтол чинь чамаас салахгүй. Зургаар эдгэршгүй өвчилсөн хүнийг л жинхэнэ зураач гэнэ дээ”.
“Зураач гэж хэн бэ?” гэсэн асуултад ингэж хариулсан хүн бол М.Хуяг-Очир. ЗХУ-ын Киевийн их сургуулийг театрын зураач мэргэжлээр 1988 онд төгссөн тэрээр яг л суут эрдэмтэн А.Эйнштейн шиг “сахилгагүй”. 56 нас зооглосон буурал үстэй ч түүний дотор зогсоо зайгүй эрч хүч ялгаруулдаг үл үзэгдэх шидэт хөдөлгүүр ажилладаг гэмээр. Хөдлөх нь ч хурдан, ярих нь ч мөн тийм.
Биднийг очиход тэрээр ач охиноо салхилуулан Төмөр замын удирдах газрын хажуугийн цэцэрлэгт алхалж байлаа. Тэрхүү цэцэрлэгт баавгайн баримал бий. Зураачдын хэлдгээр церуллеум хөх өнгөтэй байсан баримлыг хүрэн өнгөөр будаад удаагүй аж. М.Хуяг-Очирын хэлснээр хөх өнгөтэйдөө этгээд байсан бол одоо сонирхол огт татахгүй, зүгээр нэг байдаг л баавгайн баримал болчихжээ.
-Урлаг, тэр дундаа уран зураг давтагдашгүй цорын ганц хувь байдгаараа онцлог. Зүгээр нэг байдаг л зүйл урлаг биш. Яг энэ баавгайн баримал шиг. Хөх өнгөтэй байхдаа содон байж. Амьдрал дээр хөх баавгай гэж байдаггүй биз дээ. Одоо энэ баримал энгийн хүрэн баавгай болчихлоо. Яахав баримлыг анх будах үед хөхөөс өөр өнгийн будаг олдоогүй байх л даа. Тэгээд л будчихсан биз. Үүнтэй адил санаандгүйгээр сонин уран зураг төрөх явдал бишгүй” хэмээн ярилцагч маань өгүүлэв.
Түүний гар ерөөсөө зүгээр байхгүй. Биднийг ярилцах зуур цаасны өөдөс дээр ямар нэг юм сараачсаар. Зураачдын үзэсгэлэн галерейд дэлгэгддэг дээ. Тэгвэл М.Хуяг-Очир 20 жилийн тэртээ, 1993 онд Ганц худгийн шорон, Шар хадны эмнэлэгт үзэсгэлэн гаргаж байжээ. Энэ тухай дуулаад түүнтэй уулзахыг зорьсон юм. Тэгээд шууд л тэдгээр үзэсгэлэнгийнх нь талаар “байцаалтаа” эхэлсэн юм.
ГАНЦ ХУДАГ-“13 ЦАГ”
-1990-ээд оноос хойш төрөгсөд азтай улс. Тэд коммунизм нэртэй хориход байж үзээгүй. Ардчилсан хувьсгалаас өмнө Монголын бүх иргэн тэр хориход сууж байсан юм шүү дээ. Сэтгэлгээний хорио цээр гэж айхтар юм байлаа. Одоо бол сайхан болжээ. Хууль зөрчөөгүй л бол юу хүссэнээ ямар ч хүлээсгүйгээр хийх боломж бүрэн нээлттэй.
Ганц худагт үзэсгэлэн гаргаснаар би нэг зүйлийг л харуулахыг зорьсон юм. Хүний биеийг хорьж боловч сэтгэлгээг нь хорьж яагаад ч чадахгүй гэдгийг. Би голчлон абстракт, хийсвэр уран зураг зурдаг. Монголд хийсвэр урлагийг дөнгөж л хүлээн зөвшөөрч эхэлсэн үе. Энэ одоо хаашаа янзын зураг вэ, юу хэлэх гэсэн юм бэ гээд гайхсан хүмүүс их байлаа .
Гэтэл би уран зургийн үзэсгэлэнгээ шоронд гаргахыг хүссэн. Зөвшөөрнө гэж бодоогүй ч шоронгийн удирдлагатай яриад үзье гэж шийдсэн юм. Тэгээд хэсэг найз нартайгаа Ганц худгийн удирдлагатай уулзан учир байдлаа хэллээ. Зөвшөөрөх янзгүй шүү. Тэгэнгүүт бяцхан заль хэрэглээд зөвшөөрөл авчихсан мэтээр яриад Ганц худаг руу нэвтэрсэн дээ.
Би үзэсгэлэнгээ “13 цаг” гэж нэрлэсэн. Яагаад гэхээр чухам 13 цагт хоригдлууд цэвэр агаарт гарч салхилдаг байлаа. Ганц худгийн танхимд дэлгэсэн миний үзэсгэлэнг хоригдлууд тав зургаагаараа ээлжлэн орж үзсэн. Мэдээж бүх хоригдлыг зэрэг үзүүлэх боломжгүй байсан. Ямар нэг юм болвол хуягууд тэднийг номхотгож хүчрэхгүй байсан учраас тэр.
Миний том хэмжээтэй хийсвэр зургуудын нэр тэр үед ч, одоо ч нэлээд хачирхалтай, бүр гаж гэж хэлж болохоор л доо. “Мах цавчигч ба өлсгөлөн хүмүүс”, “Төгсгөлгүй төгсгөл”, “Оршуулгын газрын аялгуу” гэх мэт. Тиймээс үзэсгэлэнг хуягууд ч, хоригдлууд ч эхэндээ ихэд гайхширсан байдлаар хүлээж авсан. Тэгээд ч бодит реалист дүрслэлгүй, бүгд абстракт зургууд шүү дээ. Энэ чинь одоо юунд ороод ирэх нь энэ вэ гэсэн эргэлзээ тэдний нүүрэн дээр ил байсан юм.
Гэвч төдөлгүй хоригдлууд чухам яагаад ийм өнгөөр, тийм шийдлээр зурсныг лавлан халуун яриа өрнөсөн. Миний сэтгэл хөдлөсөн гэж жигтэйхэн. Тэдний зарим нь абстракт, авангард урлагийн талаар бага боловч төсөөлөлтэй байсныг хэлэх үү. Пикассо, Модильянигийн уран бүтээлтэй миний зургуудыг харьцуулаад л.
Хүний сэтгэлгээг яагаад ч хорьж болдоггүйг би өөртөө, бас өрөөл бусдад энэ үзэсгэлэнгээрээ харуулж чадсан гэж боддог. Мөн хоригдлуудын хориогүй оюунаас маш их шинэ санаа, шинэ эрч хүч олж авсан юм. Хоригдлууд ч гэсэн сэтгэлгээгээ хориулаагүйгээ, торны цаана орсоон л болохоос биш хүн хэвээрээ гэдгээ ямар нэг хэмжээгээр мэдэрсэн гэдэгт эргэлздэггүй.
ШАР ХАДНЫ ЭМНЭЛЭГ-“ХҮЙТЭН ӨРӨӨ”
-Тэр жилдээ би Шар хадны эмнэлэгт ч үзэсгэлэн гаргасан. Ардчиллын салхи сэвэлзсэний ачаар мөн л удирдлагаар нь сэтгэцийн өвчтнүүдэд үзэсгэлэн толилуулах санаагаа зөвшөөрүүлж дөнгөсөн дөө.
Уг нь үзэсгэлэнгээ эмнэлгийн коридорт бүх өвчтнүүдийг үзэж сонирхохоор дэлгэхийг төлөвлөж байлаа. Гэвч Шар хадны удирдлага үзэсгэлэнг улаан буланд л гарга гэсэн юм. Улаан булан гэж тухайн байгууллагын бүхий л тэмдэглэлт үйл явдал, баяр, бүжиг зохион байгуулагддагаасгг гадна коммунизмын гэрэлт ирээдүйн өөд тэмүүлэх үзэл суртлын ухуулга хийдэг танхим байлаа шүү дээ. Нэг ёсны коммунизмын сүмийн үүрэг гүйцэтгэдэг өрөө.
Улаан булангийн танхимын голд би сандлуудыг давхарлан өрж “Тэмцэлдээн” гэх нэр өгсөн инсталляц, байршуулах урлагаа гүйцэтгэж байхад нэгэн сонин мэдрэмж төрж билээ.
Улаан булан нэг л хоосон, хүйтэн оргиод л. Тэгэнгүүт ер нь үзэсгэлэнгээ “Хүйтэн өрөө” гэж нэрлэе гэж бодсон. Үзэсгэлэнгээ ч дэглэж дууслаа. Тэгээд нээлтийн өмнөх өдөр эмнэлгийн удирдлага хэсэг өвчтөн дагуулаад шалгахаар орж ирсэн юм. Эмнэлгийн удирдлага хаалгаар оронгуутаа л зогтуссаныг сайн санаж байна.
Гэтэл нэг өвчтөн миний нэг зураг руу шууд дөхөж очсон. Тэгээд нэлээд удаан ажиглаж байснаа, “Энэ зургаас хөгжим эгшиглэж байна” гэж билээ. Миний цочирдсоныг хэлэх үү. Учир нь тэр хийсвэр зургаа би “Сохор охин ба Паганинигийн аялгуу” гэж нэрлэсэн байсан л даа. Эмч нар бус сэтгэцийн өвчтэй хүн миний зургийг түрүүлж мэдэрч, маш сайн ойлгосон юм.
Харамсалтай нь эмнэлгийн удирдлага үзэсгэлэнг өвчтнүүдэд сөргөөр нөлөөлнө гэж үзээд шууд хаасан. Тэд миний үзэсгэлэнг байгалийн ч юм уу, нэг тийм ердийн бодит дүрслэлтэй уран зургаас бүрдэнэ гэж төсөөлж л дээ.
Коммунизмын үед өөрөөр сэтгэдэг л болохоос цоо эрүүл хүмүүсийг Шар хадны эмнэлэгт хүчээр хэвтүүлэн “эмчилдэг” байсан юм шүү дээ. Тэгэхээр Ганц худагт хүний биеийг хорьдог бол Шар хаданд хүний сэтгэлгээг хорьдог байсан ч гэж үзэж болохоор. Ийм хоёр шоронгийн хүмүүст л би бага боловч сэтгэлгээний эрх чөлөө олгохыг эрмэлзсэн юм.
МОНГОЛЫН ШИНЭ УРЛАГИЙН ХОЛБОО-МАNA
-Ардчиллаас өмнө манай улсад зураачдыг нэгтгэсэн цорын ганц байгууллага нь төрөөс санхүүжүүлдэг Урчуудын эвлэл байсан юм. Харин 1980-аад оны сүүлээр “Тэнгэр”, “Ногоон морь”, “Сита-Арт” зэрэг орчин үеийн дүрслэх урлагийн нийгэмлэгүүд төрөн гарч ирсэн түүхтэй. Энэ гурван нийгэмлэгийн уран бүтээлчид 1992 онд нэгдэн Монголын шинэ урлагийн холбоо байгуулсан. Холбооноос нэгдсэн хоёр том үзэсгэлэн гаргасан байдаг. Эхнийх нь 1993 онд зохион байгуулагдсан “Дашнямтай өдөр”. Удаах нь 1998 онд Соросын сангийн санхүүжилтээр бүтсэн “Сөрөг”. Энэ хоёр үзэсгэлэн Монголын дүрслэх урлагийн түүхэнд жинхэнэ тэсрэлт болж, хөгжил дэвшилд нь мащ том түлхэц өгсөн гэж би боддог .
“Сөрөг” гэдэг нь эсрэг гэсэн утгатайгаас гадна дундад зууны монгол дайчдын нэгэн зэвсгийн нэр л дээ. Гурван үзүүртэй сөрөг нь яаж ч шидсэн нэг үзүүрээрээ дээшээ хардаг онцлогтой. Байлдааны үеэр дутаахдаа цэргүүд ардаа баахан сөрөг шиддэг байж. Тэрхүү сөрөгт дайсны морьд хатгуулан саатдаг байсан байгаа юм.
Харамсалтай нь, “Сөрөг” үзэсгэлэнгийн нээлт Монголын нэгэн эмгэнэлт хар өдөртэй давхцсан даа. Нээлтдээ бид тухайн үеийн төрийн удирдалгуудад урилга өгсөн юм. Гэвч тэд ирээгүй. Үзэсгэлэнгийн урд шөнө нь С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан учраас тэр.
Бид Монголын шинэ урлагийн холбоог уг нь Урчуудын эвлэлийн дайтай болгохыг зорьсон. Даанч бид уран бүтээлчид болохоос сайн менежерүүд биш юм билээ. Тэгээд ч бид худалдаа, арилжааны хүнд таалагддаг уран бүтээл хийдэггүй учир мөнгө санхүүгээр байнгын гачигдах юм даа. Уг нь хийж бүтээе гэсэн зүйл зөндөө ч холбооны ажил одоо унтаа байдалд шилжээд удлаа.
ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН-“ОГТЛОЛЦОЛ”
-Монголын урлагийн зөвлөл гэж бий. Энэ байгууллагын санхүүжилтээр анх 2002 онд 10 гаруй орны авангард уран бүтээлч оролцсон олон улсын үзэсгэлэн гаргаж байлаа. Үзэсгэлэнгээ Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархоринд эхлүүлээд өнөөгийн Монголын нийслэл Улаанбаатар хотод өндөрлүүлсэн юм. Түүх болон орчин үе, нүүдлийн болон суурин соёл иргэншил, өрнө болон дорнын огтолцлыг орчин үеийн урлагийн хэллэгээр харуулахыг эрмэлзсэн болохоор энэ төслөө би “Огтлолцол” гэж нэрлэсэн.
Олон улсын наадмаа гурван ч удаа зохион байгуулжээ. Хоёрдахийг нь Улаанбаатарын Чойжин ламын сүм, Урт цагааны гудамжинд дэлгэж удаахийг Налайхын уурхайд хийсэн юм. Даанч өнөөх л санхүүжилтийн асуудлаас улбаалаад үргэлжлүүлж чадахгүй л явна. Уг нь “Огтолцол”-д огтлолцохыг гадаадын уран бүтээлчид маш их сонирхдог юм шүү.
ДУГУЙ БОЛОН ДӨРВӨЛЖИН
-Миний бодлоор хүн төрөлхтний түүх тэр чигтээ нүүдлийн болон суурин соёл иргэшлийн харилцан нөлөөлөл, огтлолцол дээр тогтдог. Нүүдлийн соёл иргэншлийг дугуй дүрсээр илэрхийлж болно. Дугуй бол дуусашгүй хөдөлгөөн. Гэрийн буурь ч бас дугуй шүү дээ. Нүүдэлчид үргэлж шинэ орон зай, шинэ санаа хайж явдаг идеалист сэтгэхүйтэй гэж болно.
Харин суурин соёл иргэншлийг дөрвөлжин дүрсээр илэрхийлэх нь зохимжтой. Яагаад гэвэл дөрвөн буланд хашигдсан байшин дөрвөлжин хэлбэртэй. Суурьшмал иргэд илүү материаллаг зүйлд сонирхолтой тул материалист сэтгэхүйтэй.
Монголын нутгаас нүүдэлчдийн соёл иргэншил дугуй хэлбэрээр тархах бүрийд хүн төрөхтний түүх идэвждэг байсан нь сонин. Чухам төв Азиас нүүдэлчид Берингийн хоолойг даван Америкт хүрчээ. Улмаар хүннүгийн үед Атилла эртний Ромыг дайлж, анх удаа Европ, Азийн суурин соёл иргэншлүүдийг нэг нэгэнд нь танилцуулсан байдаг. За тэгээд арвангуравдугаар зуунд Монголын эзэнт гүрэн хүчирхэгжин хоёр тив дамнасан улсыг үүсгэсэн шүү дээ. Тэгвэл шинэ түүхийг дахиад төв Азиас, Монголоос бичихгүй гэх газаргүй. Чухам Монголын их талаас шинэ урлагийн хэлбэр, шинэ нийгмийн бүтэц үүсэх ч юм бил үү? Хүн төрөлхтний түүх дугуй-дөрвөлжин-дугуй-дөрвөлжин гэж өнөөг хүртэл үргэлжилж ирсэн шүү дээ. Орчин үеийн урлагийн томоохон зүтгэлтэн Йозеф Бойс чухам л Монголын тал газраас л шинэ санаа олж авсан нь ч нэгийг хэлэх бус уу...
Ийнхүү цаг гаруй хөөрөлдсөний эцэст нэмж ганц хоёр асуултдаа хариу авснаа хүргэе.
-Ер нь зураг зурахад юу чухал вэ?
-Хамгийн чухал нь сэдвээ олох явдал. Үлдсэн нь зүгээр л гүйцэтгэл шүү дээ.
-Зургийнхаа нэрийг та яаж өгдөг нь сонин байна?
-Аливаа зургийг, тэр тусмаа хийсвэр зургийг яаж ч нэрлэж болно. Ер нь зургийн нэр бус зураг өөрөө сонин шүү дээ. Нэрний араас хөөцөлдөлгүйгээр зургийг уншиж ойлгож сурах нь чухал. Та ч гэсэн аливаа зургийг хараад өөрийнхөөрөө нэрлэж болно.
-Авангард зургийн үүсэл монголоос эхлэлтэй гэж ярих хүнтэй таарч байлаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Эртний хадны сүг зургийг авангард зураг биш гэж хэн хэлэх вэ. Монголын эзэнт гүрний түүх, соёлын дурсгалт хөшөө баримал, хадны бичээс авангард биш гэж үү. Тэгэхээр авангард урлаг Европоос ч, Азиас ч, Монголоос ч эхтэй гэж хариулья.
М.Хуяг-Очиртой хийсэн яриа ийн дууссан юм. Тэрээр урлаг, уран бүтээлийн тухай цаг хайрлалгүй ярих авч ар гэр, амьдралынхаа талаар ам нээхдээ хойрго аж. Иймээс түүний эхнэр Г.Ононтой уулзаж ярилцлаа.
-Та Очироо ахтай ханилаад хэдэн жил болж байна вэ?
-Гучаад жилийн өмнө бид хоёр Кино үйлдвэрт ажилладаг байхаас хэн хэнийгээ сайн мэдэх болсон. Нэг дор удаан ажиллаад ч тэр үү, түүний эерэг нөлөөнд нэг мэдэх нээ автчихсан. Одоо хоёр сайхан хүүгийн ээж аав болсон доо.
-Ханийн тань авьяас танд хэр зэрэг нөлөөлсөн бол?
-Ханийнхаа авьяасыг дутуу үнэлж байгаа юм биш. Бидний үеийнхэн хийсвэр зүйлд автах нь бараг үгүй. Бид хоёрын хайрын өнгө будаг илүү ч үгүй дутуу ч үгүй яг таараад нийлсэн юм болов уу.
-Уучлаарай асуухгүй өнгөрч чадсангүй. Очироо ах түрүүнд авангард зургийн сайн бүтээл хагас солиорлын ишнээс цэцэглэдэг хэмээн ярьсан. Мөн уран бүтээлдээ хэт автасны улмаас сэхээн амьдруулах эмчилгээнд орж явсан тухайгаа бидэнд хуучилсан. Хэрэв тэр үед таныг ойр байгаагүй бол амь насаа ч алдаж мэдэхээр байсан гэдэг?
-Эгч нь хүний амьдралд үзэгдээд өнгөрөх алаг эрээн бэрхшээлийг сэтгэлийн их тэвчээрээр туулсан. Хань минь хүний нутагт уран бүтээл хийж явахдаа гэнэт муудсан юм. Тэр цахилгаан мэдээг сонсоод даруй очиход сэхээнд бие нь тааруухан, ухаангүй хэвтэж байлаа. Хүний нутагт хэцүү л юм билээ. Тэгээд ажлаасаа жилийн чөлөө авч эмнэлэгт ханийгаа сахилаа. Тухайн үед залбирахаас цаашгүй олон өдрийг нойртой нойргүй өнгөрүүлсэн дээ. Харин алтан гартай эмч нарын ачаар миний хань хурдан эдгэсэн дээ.
Би тэр үед эмч нартаа баярлалаа гэдэг товчхон үгээр сэтгэлээ илэрхийлсэн. Энэ хэцүү бүхнийг хамтдаа туулж, өнгөрүүлж биеэр мэдэрсэн болохоор алтан гартай эмч нартаа хэлсэн тэр үг өнөөдөр ч өнгөө алдах учиргүй гэж боддог. Би эндээс нэг л юмыг сайн ойлгож авсан. Уран бүтээлийн онгод савнаасаа халих гэж байдаг бололтой. Хүн гэдэг амьтан чинь оюуны их нөөцтэй байгаад тэрхүү баялгийг хайрлалгүй гаргахгүй бол хүнд шингэдэггүй юм билээ шүү. Онгодыг хадгалж болдоггүй юм гэдгийг тэр л үед ухаарсан.
-Таны том хүү аавынхаа мэргэжлийг залгамжлах гэв үү. Та энэ мэргэжлийн хэцүүг биеэрээ мэдэрсэн хэрнээ зөвшөөрсөн хэрэг үү?
-Бурхан, зураач хүний авьяасыг гэр бүлтэй нь хамт явуулдаг юм шиг байна. Миний том хүү Соёл урлагийн их сургуульд тайзны зураач мэргэжлээр сурч төгссөн. Бага байхын л аавыгаа даган хөдөө гадаа явдаг байсан. Сургуулиа төгсөөд “kitchen all” тавилгын компанид дизайнераар ажилд орсон. Ажил нь бүтэмжтэй сайн байгаа.
-Энэ мэргэжлийг ойлгодоггүй хүн хамт амьдрахад хэцүү баймаар санагддаг. Та зургийн урлагийг аль хэр гадарлах вэ?
-Очироо зураг цаасаа нэг л бариад авбал орчноосоо бүрмөсөн тусгаарлагдчихдаг юм. Онгод нь ороод ирвэл нойр хоол гэж ярихгүй шүү. Яг л хаалгаар орж, гарч байгаа юм шиг. Түүний царайны хувирал андашгүй хэлээд өгдөг. Гэхдээ хань минь олон жилийн туршлагаасаа ажил, амьдралдаа хандах арга барилаа олсон.
-Очироо ахын зургуудаас таны сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөж чадсан зураг гэвэл?
-ЗХУ-д сурч байхдаа Киев хотын үзэсгэлэнт байгалийг дүрслэн зурсан зургууд янзтай шүү. Мөн намайг анхны хүүгээ төрүүлэхэд Очироо “Нуган үрээ зурлаа. Нэр нь Мөнх-Очир” гэсэн дугтуй өгч билээ. Энэ бэлэг санаанаас ер гардаггүй юм.