Н.ДАЯН

Жил бүр нийслэлийн тусгай сургуулиудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээнийг 55 дугаар сургууль зохион явууллаа. Тэмцээн нь тусгай сургуулиудын багш нарын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, шилдэг багийг  тодруулах зорилготой юм.

Багш нар гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, агаарын теннис гэсэн төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Шилжин явах цомын эзнээр Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургууль шалгарч аварга сургуулиар тодорсон юм. Монголын тусгай олимпын хорооноос агаарын теннисний төрөлд тэргүүн байр эзэлсэн 55 дугаар тусгай сургуулийн биеийн тамирын багш Х.Мичидмааг БНХАУ-ын Бээжин хотын агаарын теннисний ахлах дасгалжуулагчийн гурван өдрийн сургалтад оролцуулахаар шийдвэрлэсэн байна.