Б.ТУУЛ
Монголын хөгжмийн урлагт, тэр дундаа орчин үеийн рок поп хөгжмийн ертөнцөд чанартай уран бүтээлээрээ танигдсан чадварлаг уран бүтээлч, хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиун анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолт энэ сарын 13, 14-нд “Ub palace”-ийн их танхимд болох бөгөөд тоглолтод Монголын рок попын шилдэг уран бүтээлчид, олны танил хамтлаг дуучид оролцоно. Мөн “Халиуны ертөнц” тоглолт хит дуу, хөгжмийн шилдэг бүтээлүүдээс бүрсэн, уран бүтээлч, үзэгч хоёрыг нэгтгэсэн нэгэн том баяр байх болно. Тоглолтод, АНУ-д ажиллаж амьдарч буй дуучин Э.Минжинсор, Францад олон жил амьдарч буй дуучин, Соёлын тэргүүний ажилтан Б.Мягмарсүрэн нар ирж ая дуугаа өргөнө гэдгийг зохион байгуулагчид нь онцлов. Продюсер Н.Халиун Монголын анхны дуу бичлэгийн “Сонор” студийг үүсгэн байгуулагдахад чухал үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний зохиосон дуунууд хэдийн 100 хол давжээ. Тэрээр 1000 гаруй дууны хөгжмийн найруулга, уран бүтээлчдийн бие даасан 50 гаруй цомог, кино, жүжгийн долоон хөгжмийн зохиол, олон удаагийн тоглолтыг өндөр төвшинд зохион байгуулсан гэдгийг уран бүтээлч нөхөд нь онцлов. Тоглолтын тасалбарыг www.easyticket.mn сайтаар борлуулж байгаа гэв.
Хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиун Монголын рок поп хөгжмийн урлагт зүтгэсээр 23 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байгаа юм. Энэ хугацаанд дуу хөгжмийн шинэ зохиол бичиж, хөгжмийн найруулгын ажлыг гүйцэтгэж, тайзны болон томоохон хэмжээний шоу тоглолтыг зохион байгуулан хамтлаг, дуучдын продюсероор ажилласаар иржээ. Тиймээс уран бүтээлийн анхны тайлан тоглолт гэдэг утгаараа “Халиуны ертөнц” хэмээн нэрийдэн тодотгож, өөрийн зохиосон хит дуу, хөгжмийн найруулга хийсэн шилдэг бүтээлүүдээ толилуулж, дотоод ертөнцөө үзэгч, сонсогчдодоо шинээр нээх гэж байгааг хуралд оролцогчид хэлсэн. . Харин тоглолтоосоо өмнө хамгийн сүүлд зохиосон шинэ дуугаа сонсогчдын хүртээл болгохоор зэхжээ. Н.Халиуны хөгжим, зохиолч Д.Төрмөнхийн шүлэг “Хайр хөглөх дуу”-г гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, гавьяат жүжигчин Б.Дашдондог, “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан нар хамтран дуулжээ.