“Дэрэн цом-2015” олон улсын өсвөрийн заалны хөлбөмбөгийн тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Тус цогцолборын заалыг гурав хувааж засчээ. Тэнд улаан, шар, цагаан, хөх, цэнхэр, ногоон хувцсаар жигдэрсэн хүүхдүүд зүс царай, хэл яриа ондоо ч нэгэн зорилго дор нэгдэж байв. Тэмцээнийг нээж “Дэрэн” компанийн захирал Г.Мөнхчулуун “Энэ тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын тамирчид оролцож байгаагаараа онцлог. Тэмцээний хүндэт зочноор УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ОХУ-ын Ангарскийн дасгалжуулагч Зорин Андрей, Давыдов Олег, ӨМӨЗО-ны Боловсрол, спортын газрын дарга Мөнхбат нар оролцож байна. Тэмцээнд гурван орны 46 багийн өсвөрийн тамирчид оролцож байна” гэв. Энэ үеэр ОХУ-ын Ангарскийн дасгалжуулагч Давыдов Олегтой уулзахад “Манай баг өнгөрсөн жил энэ тэмцээнээс мөнгөн медаль авсан. Тиймээс энэ жил даагаа нэхэхээр хоёр багтай, алтан медаль авах зорилготой ирлээ” гэж байв. Үүний дараа гурван улсын төрийн дуулал эгшиглэж эхний өдрийн тэмцээн гурван талбайд зэрэг эхэлсэн юм.
Олон улсын тэмцээнд Монголын 37, ОХУ-ын Улан-Үд, Ангарскийн зургаа, ӨМӨЗО-ны гурван багийн 300 гаруй өсвөрийн тамирчин цомын төлөө өрсөлдөх ажээ. Заалны хөлбөмбөгийн зургаа дахь удаагийн тэмцээн 10-16 насны ангилалд дөрвөн өдөр үргэлжилж аваргаа тодруулах юм. Нээлтийн үеэр ОХУ-ын Ангарск багийн довтлогч З.Кириллийн сэтгэгдлийг сонирхлоо. Тэрээр “Би 14 настай. Монголд тав дахь удаагаа ирж байна. Найман наснаасаа хөлбөмбөгөөр хичээллэсэн. Ирээдүйд алдартай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин