Ч.ГАНТУЛГА, Б.БАРС
1990-ээд оны сүүл, “Madness” гэх нэр содон сонсогдож байв. Хөрвүүлбэл “солиорол” гэсэн утгатай амьд тоглодог цөөн хамтлагийн нэг бут авч байсан үе. Хотын гудамжаар алхахдаа энэ л хамтлагийн уянгалаг хэрнээ этгээд “Хотын гудамж” дууг аялах залуус цөөнгүй байсан цаг. Тэр цагаас хойш цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч нэг мэдэхнээ 15 жил өнгөрчээ. Он цагийн эрхээр өөр, өөрийн амьдралаа хөөсөн ч гитараа балбасаар ирсэн тус хамтлагийнхан эргэн нэгдэж “МАD Production” студи байгуулан ажиллаж эхэлжээ. Тэр ч бүү хэл удахгүй тоглолтоо хийж, шинэ цомгоо толилуулахад бэлэн болсон байна. Хашир сууж хал долоосон “солиотой” дөрвөн эртэй уулзаж ярилцлаа.
Хамтлагийн ахлагч, дуучин Ч.Оюунсайхан: ХАМТЛАГ СЭРГЭХ БОЛСОН НЬ ХҮЛЭЭЛТЭЭС ҮҮДЭЛТЭЙ
-“Madness” уран бүтээлээ завсарлаад багагүй хугацааг үдсэн. Харин дахин нэгдлээ гэсэн сайхан мэдээ дуулдлаа?
-Хамгийн эхэнд манай хамтлаг тараагүй, хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан гэдгийг хэлье. Бид дорвитой уран бүтээл хийлгүй олон жилийг үджээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хувийн амьдралдаа анхаарал хандуулсан ч хөгжмөөс бүрмөсөн хөндийрөөгүй. Үе, үе ганц, хоёр дуу хийгээд эргээд таг чиг болж байсан гэм бий. Харин хаана ч явсан танай хамтлаг уран бүтээлдээ хэзээнээс эргэж орох вэ гэсэн сонсогчдын асуулт, хүлээлт дагасаар ирсэн. Тиймээс манай хамтлаг дахин сэргэж байгаа нь сонсогчдын маань хүлээлтээс үүдэлтэй юм шүү. Бид гурав дахь цомгоо гаргаад зарим дуундаа клип хийж эхлээд байна.
-Та нарын гарч ирж байсан үеийг бодвол одоо амьд хөгжмийн хамтлаг олон болсон байгаа биз?
-Амьд хөгжмийн хамтлаг олон байгаад баярладаг. Амьд урлаг гэдэг хүнд хүрэх нь өөр. Олон чадалтай хамтлагууд байна. Сайны дунд саар гэгчээр тааруухан яваа хамтлагууд ч байгааг үгүйсгэхгүй.
-Тэдгээр хамтлагаас “Madness” яаж онцгойрох вэ?
-Амьд хөгжмийн хамтлагуудад нэг онцлог байдаг. Жишээлбэл, “Нисванис” тоглоход яг л “Нисванис” сонсогддог. Түүнтэй адилхан манай хамтлагийн дуунуудаас зөвхөн “Madness” сонсогдож, “Madness” үнэртэнэ. Биднийг анх рок тоглож эхлэхэд мэргэжлийн түвшинд дуугарах төхөөрөмж, хөгжмийн олдоц ямар байлаа. Амьд тоглолт хийлээ гэхэд заал танхимын дуугаралт ямар байлаа. Дуугаа түгээлээ гэхэд хэдхэн FM радио. Харин одоо чаддаг л юм бол бүх зүйл чөлөөтэй, уран бүтээл хийх боломж нээлттэй болсон байна. Бид энэ үеийг л хүлээж байсан. Тэгээд эргэн нэгдэж сэргэлээ гэх үү дээ.
-1990-ээд оны сонсогчид, 2010-аад оны сонсогчид тэс өөр. Танай хамтлагийг хэрхэн хүлээж авах бол?
-Манай хамтлагийнхныг одоо ногооноороо байгаа хүүхдүүд гэж хэлэхгүй байх. Урлагт олон жил зүтгэсэн тул харин ч туршлага хуримтлуулсан. Бид уран бүтээлээ бусдад яаж хүргэхээ мэднэ. Одоо хийх тоглолтоороо амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ гэж бодож байна. “Madness” хамтлагийн уран бүтээл одооноос тасралтгүйгээр үргэлжлэх болно.
Соло гитарчин Б.Цацрал: ХАМТЛАГИЙН ШИНЭ ТӨРХИЙГ ШИНЭ ЦОМГООС ХАРААРАЙ
-Шинэ цомгийн тухай тодруулаач?
-Шинэ бүрэлдэхүүн бүрдээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд нэлээд хэдэн дуу хийсэн. Түүнээсээ шигшээд 10 дуутай гурав дахь цомгоо “Colors of Madness 3” нэртэйгээр гаргалаа. Энэ ондоо багтаад дахин нэг цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Ямар онцлогтой цомог болов?
-“Madness” хамтлагийн шинэ дуу хоолой, өнгө төрхийг энэ цомгоос харж болно. 1990-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан нэг сайхан бүтээлийг сэргээж дуулсан. Цомгоос сонсоорой гэж хэлмээр байна.
-Ямар уран бүтээлчидтэй хамтарсан бэ?
-Урлагт хайртай, урлагийг ойлгодог, мэдэрдэг олон уран бүтээлч манай цомогт хамтарч ажилласан. “Монгол” дууны шүлгийг “Харанга”-ын Х.Лхагваа ах зохиосон. Мөн реппер Geе-тэй хамтарч дуу хийсэн.
Гитарчин Б.Гэрэлтнаран: УРЛАГ БИДНИЙГ ХЭЗЭЭ Ч САЛХААРГYЙ ХОЛБОСОН
-Хамтлаг байгуулж байсан үеэ дурсаач. Танай хамтлаг 1990-ээд оны сүүлээр залуусыг шуугиулж байсан даа?
-Хөгжмийн хоббитой, 20 гаруй насны залуус нэгдэж байлаа. Өвлийн хүйтэнд унааны мөнгөгүй гитарнуудаа үүрч алхаад л. Одоо тэр үе нандин дурсамж болон үлдэж. Ямар ч ивээн тэтгэгч байсангүй. Хүмүүсийн хэлдгээр ёстой л бор зүрхээрээ, дурандаа явж байж дээ. Урлаг биднийг хэзээ ч салгахааргүй холбосон гэж боддог. Хөгжим тоглохдоо баясч, үзэгчдийн алга ташилтанд урамшаад гүйдэг байсан. Урлагийн хүнд үүнээс үнэтэй юм байдаггүй юм билээ.
-“Madness” рок хамтлаг мөртлөө хайрын тухай уянгын дуунууд нь олонд илүү хүрсэн юм шиг?
-Манай хамтлаг нэг урсгал хөөдөггүй, анхнаасаа л хүссэнээрээ уран бүтээлээ хийхийг эрмэлзсээр ирсэн. Бидний амилуулсан олон сайхан хайрын, бас уянгын дуу бий. Хүнд дуунууд ч цөөнгүй. Тэр бүхнээс одоо ч хүмүүс аялдаг юм билээ. Үүнд баярлаж, омогшиж явдаг л юм.
-Үзэсгэлэнтэй үхлийн тухай “Зочин” дуу тухайн үедээ нэлээд дуулиан тарьсан гэдэг?
-Энэ дууны үгийг Ганг, аяыг нь би зохиосон. Тухайн үед хүмүүс үхлийн тухай Монголын анхны дуу гэж шуугиж байсан гэдэг. Ер нь энд тэнд тоглоход “Зочин” дуугаа дуулаач гэсэн санал тавьдаг байлаа. Энэ дуугаа саяхан реппер Gee-тэй хамтарч шинээр бичүүлсэн.
Бөмбөрчин Б.Содбилэг: ЭРЧҮҮДИЙН НӨХӨРЛӨЛ ҮНЭНЧ БАЙДАГ
-Та өмнө нь “Нисванис” хамтлагт тоглодог байсан шүү дээ. Яагаад “Madness”-т орсон бэ?
-“Нисванис” хамтлагт найман жил тоглосон. Харин “Madness” хамтлагт ороод таван жил болж байна. Хамтлагийн хоёр дахь цомгоос гар бие оролцсон. Бид сайхан найзууд. Хамтлагт орох хамгийн том хүчин зүйл энэ байсан.
-Эрчүүдийн нөхөрлөл ямар байдаг вэ?
-Эрчүүдийн нөхөрлөл үнэнч байдаг. Өнөөдрийн “Madness” оршин тогтнож байгаа нь нөхөрлөлөөс эхтэй. Энэ олон жилийн хугацаанд бидний дунд уран бүтээлийн асуудлаас өөр том маргаан гарч байгаагүй.
- Амьдралын жаргал зовлонд нэгнээ түшсэн сэтгэлийн дэм сайхан байхдаа?
-Нэг өрөөнд цугларч бэлтгэлээ хийчихээд салдаг нөхдүүд бид биш. Амьдралын жаргал, зовлон ээлжилсэн цаг минут бүрт бид хамт байсан гэр бүлийн сайхан найзууд.