Ц.ХАНДЖАМЦ
Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам ирэх сарын 17-нд тав дахь удаагаа болох гэж байна. Уг яруу найргийн наадам нь нэрт яруу найрагчийн үзэл санаа, уран бүтээлийг залууст таниулах, эх орноороо бахархах, хүн хүнээ хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой аж. Энэхүү наадмын хүрээнд уран бүтээлийн тайлан тоглолт, эрдэм шинжилгээний хурал, уран уншлагын тэмцээн, яруу найргийн наадам болох юм. Тус наадмыг “Тусгаар тогтнолын ордонд” зохион байгуулахаар болжээ. Мөн энэ наадмын үеэр яруу найрагчийн шүлгийн гар бичмэл, уран зураг, ховор нандин гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнг толилуулна. Энэ өдөр Монголын утга зохиолын шилдгүүд дурсамж яриа өрнүүлэхээс гадна гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга”-ын Лхагвасүрэн, “Uvertura” хамтлаг, О.Дашбалбар агсны алдартай шүлгүүдээр бүтсэн дуунуудыг амилуулах аж.
Эх сурвалж: www.polit.mn