1916-2008 он

Н.БАТМӨНХ

 

Гялдангийн Цоодол Сайн ноён хан аймгийн Арвай хээрийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг Молом Тайлаг хэмээх газар айлын гуравдугаар хүү болон 1916 оны гал луу жил төржээ. Г.Цоодол эцэг, эхээс долуулаа бө­гөөд аав Гялдан нь хошууны наа­дамд шаггүй барилдчихдаг на­чин цолтой, ах Дорж нь су­ман­даа хэд хэд түрүүлсэн, авга ах Шандан нь аймагтаа хоёроос гур­ван удаа шөвгөрч байсан гээд аа­вынхаа талаас бөхийн удамтай юм.

Тэрээр багаасаа айл саа­хал­тын хүүхдүүдтэй ноцолдож өсчээ. Түүний барилдахыг харсан өв­гөчүүд энэ хүү сайн бөх болно гэж ярилцдаг байжээ. Тэрээр нутаг орны айл саахалт ах, дүү улсын начин хоёр Т.Самдан, авга ах Дорж нартай барилдаж өссөн ба 1930 оноос Арвайхээрийн хүрээнд шавилан суух болсноор бөх болох замналаа эхэлжээ. Эндээс эхлэн нутгийн нэрт арс­лан Арвайхээрийн хэмээх Ц.Бандийн шавь болж бөхийн барилдааны арга барил, барилдах ур чадвар, мэхийг заалгаж 17 настайгаасаа эхлэн баг, сум, аймгийн наадамд барилдаж эхэлжээ. Г.Цоодол анх 1933 онд аймгийнхаа баяр наадамд зодоглож гурвын даваанд өөрийн багш Ц.Бандид унажээ. 1934 оны Баянхонгор аймгийн “Онгорхой” хэмээх Готовоор зургаа давж 18 насандаа аймгийн начин цол авснаар бөх болох хүсэл нь улам нэмэгджээ. Мөн тэрээр 1935, 1936 онуудад мөн аймагтаа барилдаж улсын заан Галсанвандангийн Цоодол, Жар­галын Дорж, улсын начин ах, дүү Түндэвдаваагийн “Монхор” Сам­дан, “Бага” Самдан, Шоов­дорын Жанцандорж, Сүнрэвийн Самданжигмэд нартай аваа өгөө­тэй үзэж шөвгөрчээ. Тэ­рээр анх 1937 оны улсын баяр наадамд ирж барилдан хоёр да­ваад Завхан аймгийн бөх “На­хиу” хэмээх Ш.Санжсүрэнд ул­сын начин цолтой байхад нь өвдөг шорооджээ. 1938 онд улсад дахин ирж барилдаж гурвын даваанд Булган аймгийн харьяат Бямбын “Довцог” хэмээх улсын заан Пүрэвжавт унажээ. Тэрээр 1939 онд цэрэгт татагдан ирж жолоочийн сургуульд суралцаж байхдаа улсын баяр наадамд барилдахаар хүсэлт гаргасан боловч тухайн үеийн сургуулийн удирдлага зөвшөөрөөгүй тул ихэд санаа сэтгэлээр унаж бү­сэлж явсан зодог шуудгаа чу­луудаж бухимдаж байжээ. Тэ­рээр жолоочийн сургуулиа төгсөөд Завхан аймгийн цэргийн ангид албаа үргэлжлүүлэн хааж байхдаа Завхан аймгийн баяр наадамд зодоглож 1941, 1942, 1943 онуудад дөрөвт үлдэж 1943 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд барилдаж түрүүлж айм­гийн арслан цол авчээ. 1943 оны намар генерал Осорын дууд­лагаар нийслэл хотод ирж, улсын баяр наадамд ахин зодоглов.

Г.Цоодол арслангийн улсын баяр наадамд барилдсан амжилтаас дурдвал:

1944 онд долоо давж өсөх идэр заан цол авчээ.

1945 онд мөн долоо давж хүчит чимэг.

1947 онд найм давж үзүүрлэж үнэн хүчит чимэг.

1948 онд найм давж үзүүрлэн 32 насандаа улам нэмэх идэр залуу арслан цол хүртжээ.

1950 онд зургаа давжээ.

1951 онд тав давж улам нэмэх чимэг.

1952, 1954 онд тус бүр долоо давж бат хийгээд үнэн хүчит чимэг.

1955 онд зургаа давжээ.

1956 онд долоо давж олныг баясуулагч чимэг.

1958 оны улсын баяр наадамд тав давж өсөх чимэг.

Мөн 1946, 1949, 1957, 1960, 1962, 1963 онуудад тус бүр дөрөв давжээ.

Тэгвэл Архангай аймгийн Цэнхэр сумын аймгийн арслан Пүрэв, Булган аймгийн Могод сумын улсын начин Л.Нямжавт, Булган аймгийн Сайхан сумын залуу бөх Б.Норовт, Булган аймгийн Сайхан сумын залуу бөх С.Цэрэнд, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын залуу бөх С.Цэдэвсүрэнд, Увс аймгийн Хяргас сумын аймгийн начин Х.Баянмөнх нарт тус тус өвдөг шороодож улсын цолны босго алхуулж өгчээ. Мөн улсын баяр наадамд 1953 онд нэг, 1959 онд гурав, 1961 онд хоёр давж байжээ. Улсын арслан Г.Цоодол бол өндөр гуалиг, цээж бөгс тэнцүүхэн, царай зүс сайтай, наргиа хошин яриатай их шогч сэргэлэн, зантай хүн байв. Тэрээр баруун солгойгүй тонгорох, ачих, дэгээдэж хөмрөх, тохой алгадаж орох, өргөх мэхийг сайн хийдэг мэхэндээ даацтай учраа бөхийнхөө хийсэн мэхийг дагуулдаг, бяртай, хурдан шаламгай барилдаантай олон жил тогтвортой сайн барилдсан шилдэг арслангуудын нэг байлаа. Г.Цоодол арслан залуус хойч үе, бөх болох хүмүүст дараах зүйлийг захиж үлдээжээ.

-Унасан болгондоо дүгнэлт хийх, ямар мэхэнд унав, түүнийг яаж хариулах вэ гэдгийг ажиглаж ойлгох.

-Түргэн шаламгай барилдаж сурах.

-Хэнд ч унасан хар муу санахгүй байх.

-Урьд нь барилдаж явсан ахмад бөхчүүдээс байнга зөвлөгөө сануулга авч байх зэргийг голлон захижээ.

Алдарт арслан маань өөрийн бөх болсон залуу нас, бөхийн эрдэм ухаанд сургаж өгсөн багш, улсын арслан Ц.Банди, нэг нутгийн, нэгэн үеийн, бяр хүч тэнцүүхэн нэг багшийн шавь С.Самданжигмэд нарыгаа байнга дурсан ярьдаг байж. Г.Цоодол гуай ардын армид олон жил жолоочоор ажиллаж, сайн сайхан амьдарсаар өндөр насалж 2008 онд насан эцэс болж бурхны оронд заларчээ.