“Утасны анд” энэ удаа “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй холбогдлоо.
-Сайн байна уу. “Утасны анд” байна. Өдрийн мэнд хүргэе?
-Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе.
-Хамгийн сүүлд таньтай “Мартагдашгүй” тоглолтын үеэр уулзсан. Тоглолт үнэхээр гайхалтай болсон шүү?
-Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн түүхтэй таван хамтлаг хамтарч тоглолт хийсэн нь бидний сонсогчиддоо барьсан хамгийн том бэлэг байлаа. Үе үеийн сонсогчдын дагаж дуулж ирсэн бүтээлүүд нэг тайзнаа эгшиглэсэн болохоор үнэхээр мартахын аргагүй үдэш байсан гэж онцолж болох юм.
-“Камертон” хамтлаг үнэхээр эргэн нэгдэж, уран бүтээлдээ орж байгаа юм уу?
-Энэ жил манай хамтлаг 20 нас хүрч байна. Тиймээс ойн баяраараа үргэлж бидэнтэй хамт байсан сонсогчиддоо зориулж олон гэнэтийн бэлэг задлахаар бэлдсэн. Төрсөн өдрийн тоглолтын талаар ч ярьж байгаа шүү.
-Та хамтлагийнхаа төрсөн өдрөөр бяцхан ханхүүтэй болсон шүү дээ. Тэр мөч хамгийн сайхан байсан байх?
-“Камертон” хамтлаг байгуулагдсан зургадугаар сарын 24-ний өдөр гэргий минь амаржсан. Хүү минь одоо хөөрхөн торниж байна.
-Хамтлагийн ахлагч Д.Болд хүүд тань нэр өгсөн гэсэн үү?
-Манай хамтлагийн ахлагч Д.Болд хүүд минь Гансүлд гэсэн нэр хайрласан. Баяр дээр баяр давхацсан, амьдралын минь сайхан хормын нэг тэр өдөр байлаа.
-Танай хамтлаг шинэ бүтээл гаргасан гэж байсан. Хэзээ сонсогчдын хүртээл болох вэ?
-Гурван дуу хийсэн. Хараахан цацах болоогүй байна. Дүрсжүүлэх ажлаа цэгцэлчихээд нэг мөсөн хүмүүст хүргэхээр бэлдэж байна.
-20 жил гэдэг багагүй хугацаа. Харин та дөрвийн стиль, имиж ерөөсөө өөрчлөгдсөнгүй?
-“Камертон” анх хөвгүүдийн гэсэн тодотголтой гарч ирсэн. Бид одоо хүртэл энэ стильдээ үнэнч байна. Цаашид ч энэ хэвээрээ дуусна гэж боддог. Хөвгүүдийн стилиэ хадгалаад хайрын дуугаа дуулаад явах цаг хугацаа бидэнд хангалттай бий.
-Бүгд хувийн бизнестэй болсон. Завгүй болох тусам ховорхон уулзалдаж байна уу?
-Хамтлагийн маань оршин тогтносон хамгийн том хүчин зүйл нь бидний нөхөрлөл. Тиймээс хэдий завгүй байсан ч аль болох уулзахыг хүсдэг. Тэмдэглэлт баяруудаар хамтдаа байж, гэр бүлийн хүрээнд сайхан нөхөрлөж байна.
-Та “Ганаа мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлгээ сэргээж байгаа гэсэн үү?
-Миний хувьд телевизийн урлагт хүчин зүтгэж байна. “C1” телевизтэй хамтраад “Ганаа мэргэжлээ сольсон нь” нэвтрүүлгээ дахин бэлтгэж байна. Мөн “Эко” телевизэд ажиллаж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин