Д.НАДМИД

Арабын Бүгд Найрамдах Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн залуучуудын ДАШТ болж байна. Уг тэмцээнд 82 орны 550 гаруй жүдоч өрсөлдсөн нь өмнөх жилийнхээс цар хүрээгээр өссөн нь харагдав. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй долоон жүдоч очсон юм. Тэмцээний эхний хоёр өдөр хөнгөн болон дунд жингийн барилдаан болж манай залуус нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. 60 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогт Гүржийн бөхийг цэвэр ялж дараагийн тойрогт Украины бөх Олех Овчаренког мөн цэвэр орхиж улмаар хэсгийн аваргын төлөө барилдаанд Азербайжаны Дэвид Маммадовыг торгуулиар ялж их шөвөгт Францын В.Хиарыг дөрвөн юүкогоор буулган авсан байна. Энэ барилдаандаа Цогтбаатар нуруундаа гэмтэл авсан ч алтан медалийн төлөө Японы бөх Р.Нагаяаматай тэсвэр заан дэвжээнд гарч үндсэн барилдааны гаргаж чадсангүйгээр цэвэр ялагдал хүлээсэн. Тийнхүү ноднингийн тэмцээнд авсан мөнгөн медалиа ихэрлүүлж чадлаа.

Тэгвэл өмнөх хүрэл медалиа хос болгож чадсан нэг жүдоч бол 55 кг-д өрсөлдсөн Б.Амартүвшин байлаа. Тэр хагас шигшээд БНСУ-ын бөхөд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Азербайжаны Натиг Гүрбанлиг цэвэр тавьж медалийн тавцанд зогссон байна. Гурав дахь медалийн эзэн нь эмэгтэйчүүдийн 44 кг-д өрсөлдсөн Г.Наранцэцэг жингийнхээ 16 бөхөөс хүчтэй бөхийн нэг болж хүрэл медаль зүүжээ. Тэр ДАШТ-ээс анхны медалиа авсан нь энэ юм. Тэгвэл тэмцээний хоёр өдөр дэвжээнд гарсан бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглосон Б.Бат-Эрдэнэ жиндээ шагналт тавдугаар байр эзэлснээс бусад нь амжилт үзүүлж чадсангүй. Өчигдөр дугаар шилжих мөчид эмэгтэйчүүдийн -78, +78, эрэгтэйчүүдийн -100, +100 гэсэн хүнд жингийн барилдаанууд болж байна. Өнөөдөр багийн аварга шалгаруулах барилдаанаар тэмцээн үргэлжилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин