Д.НАДМИД


БӨХИЙН ТӨСӨВ 96.3 САЯ ТӨГРӨГ

Их Монгол Улс бай­гуулагд­саны 808, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам болоход сар гаруйхан хоног үлдлээ. Үндэсний баяр наадам зохион бай­гуулах хорооны саяхны хуралдаанаар наадмын бөх, морь, сур, шагайн харвааг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж зарим шийд­вэрт хүрсэн байна. Баяр наадмын нэг гол төрөл нь үндэсний бөх. Наадам болохоос бүр эрт энэ жил хэн гэдэг аавын хүү түрүү бөхийн алдар хүртэх, ямар бөхчүүд улсын цолд хүрэх бол гэдэгт бөх сонирхогч тэргүүтэй олон түмэн анхаарлаа хандуулж өөр өөрсдийн таамгаа дэвшүүлж ярилцаж байгаа үе одоо. Наадмын өнгийг урьдчилж хэлэхээр барилдаанууд ч болж л байна. Бөхчүүд энэ сарын 10-наас гал галаараа бэлтгэлдээ гарна. ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооныхон “Төр хурах” амралтанд, “Хүч”-ийнхэн “Сүүж”-д, Дундговийнхон Гачууртад, Төв аймгийнхан Бугын сан­гийн аж ахуй орчимд гэх зэргээр гарахаар зэхэж байгаа юм. Наадам зохион байгуулах хорооны ээлжит хурал дээр онцгойлон ярьсан нэг сэдэв бол сэргээш байлаа. Тиймээс сэргээшийн төрөлд багтах эм бэлдмэлийн талаарх сур­талчилгааг үндэсний бөхийн салбар хорооноос идэвхтэй хийхийн тулд бөхчүүдийг наад­мын өмнөх бэлтгэлд гарахын өмнө мөн хойно нь давтамжтайгаар сургалтад хам­руулж сэргээшээс урьд­чилан сэргийлэх зарим арга хэмжээ төлөвлөж байгаа тухай Үндэсний бөхийн салбар хорооны дарга Х.Золжаргал танилцуулсан байна.
Бөхийн бай шагналд ямар нэг өөрчлөлт гарахгүй бололтой. Харин зарцуулах төсвийг сонирхвол насанд хүрэгчдийн барилдаанд 73 сая, хүүхдийн барилдаанд 800 мянга, уяачдын наадмын барилдаанд 1.9 сая нийт 96.3 сая төгрөг төлөвлөжээ. Бөхийн салбар хороонд өнгөрсөн жилийн наадмаар сэргээш илэрсэн гэх бөхчүүд санал гомдлоо ирүүлснийг энд мэдээлж нөгөөдөр болох ээлжит хурлаар сэргээшийн асуудлаар нарийвчлан хэлэл­цэхээр тогтсон юм. Бас орон нутагт барилдах бөхчүүдийн эрэмбийн асуудлыг мөн хэлэлцэх аж.

НААДМЫН ӨМНӨ ХУУЛИЙГ ӨӨРЧИЛНӨ

 Саяхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын санаачилсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэл­цэж дэмжжээ. Уг төсөлд ул­сын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө аварга цол, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгох түүнчлэн улсын баярн аадамд гурван удаа найм давж үзүүрлэсэн бөхөд улсын арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор заажээ. Харин 2003 оноос хойш олгосон “далай аварга” цолыг хасах тухай заалт хуулийн төсөлд багтсан байна. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлуулах аж. Хуулийн ши­нэ төсөл батлагдснаар үн­дэсний бөхийн цол, чим­гийн агуулга сайжирч, бөх­чүү­дийн өрсөлдөөнд чанарын өөрчлөлт гарна гэж хууль санаачлагчид үзэж байна. Тиймээс уг хуулийн төсөл бат­лагдсан тохиолдолд энэ жилийн баяр наадмаас эхлэн бөхчүүдэд цол олгохыг шинэчилсэн хуулиар хэрэг­жүүлэх бололтой. Нөгөө та­лаар шинэчилсэн хуулиар зарим бөхөд цолны нөхөн олголт хийж ч магадгүйг хол­богдох албаныхан хэлж байна.