Д.ЖАВХЛАН
Монголын бодибилдинг фитнессийн холбооны Монголын мистер тэмцээний 1996, 1998, 2000 оны үнэмлэхүй аварга, олон улсын шүүгч А.Энхтайвантай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд Монголын спортын холбоод талцах нь энгийн үзэгдэл болсон. Энэ талцлын хар сүүдэр танай холбоог бас тойроогүй бололтой?
-Та надтай адил энэ спортын ирээдүйн төлөө санаа зовж явдаг уу. Бодибилдинг, фитнессийн спортыг Монголд хөгжүүлэх анхны суурийг 1990 онд одоогийн Монголын бодибилдинг фитнесийн холбооны хэсэг нөхөд санаачилсан юм. Манай холбоо улсдаа төдийгүй тив, дэлхийд албан ёсны гишүүнчлэлтэй, Монгол Улсыг төлөөлөн олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхтэй цорын ганц холбоо. Монголын бодибилдинг фитнессийн холбооны 20 гаруй жилийн түүх, тамирчдын гаргасан амжилт, бид бүхний үйл хэргийг хэсэг бүлэг хүн гэнэт гарч ирээд халааслах эрхгүй. Хэрэв тэд бидэнтэй адил энэ спортыг хөгжүүлэхийн төлөө санаа зорилго нэг байгаа бол хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсч байна. Нэг зорилго, нэг тэмүүллийн төлөө бид нэг удирдлага дор хөдлөх нь зүйд нийцнэ. Нэг спортод хоёр толгой хэрэггүй гэж бодож байна. Манай холбооноос хийсэн хэвлэлийн бага хурлын гол зорилго нь энэ.
-Нөгөө холбоо нь хэзээ байгуулагдсан юм бол?
-Тэд 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг. Энэ холбооны нэр нь Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо. Хоёр холбоо ганц үгний зөрүүтэй учир энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуус жинхэнэ холбоог ялгаж салгах тал дээр будилах тохиолдол гарч байна. Тиймээс бид хэвлэлийн бага хурал зарласан хэрэг.
-Энэ спортоор хичээллэдэг мэргэжлийн тамирчдын хэдэн хувь нь танай холбоонд харьяалагддаг вэ?
-Тухайн спорт холбоодын ажлыг мэргэжлийн хэмжээний тамирчдын тоо болон тэдний олон улсад гаргасан амжилтаар дүгнэх нь хамгийн энгийн. Энэ спортоор хичээллэдэг залуусын 95 хувь нь манай холбоонд харьяалагддаг. Харин нөгөө холбооны тамирчид ихэвчлэн сонирхогчид байдаг. Энэ нь Монголын бодибилдингийн спорт хөгжих замд саад, бүр дайсан болно. Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны сонирхогч тамирчид олон улсын тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцох нь бидний нэр хүндэд муугаар нөлөөлж байна.
-Та нөгөө холбоогоо арай хэтэрхий үгүйсгэж байгаа юм биш үү?
-Тэр холбоонд бидний журмын хэсэг нөхөд бий. Хүн алдаж болно. Харин алдаагаа хурдан засах чадвартай байх ёстой.
-Нэгэнт л хоёулаа нэг зорилгын төлөө байгуулагдсан юм чинь нэгдээд ажиллаж болдоггүй юм уу?
-Харин та юу гэж бодож байна. Энэ байдлаар цааш үргэлжилбэл Монголын бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн жилд хоёр удаа болох гээд байна. Ийм байж болох уу. Үүнд логикийн асар том эндүүрэл байгаа биз дээ. Манай холбоо долоо хоногийн эхээр Монголын үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлд албан ёсоор бүртгүүллээ. Энэ алхам нь биднийг тэднээс ялгарах хангалттай шалтгаан болно гэдэгт найдаж байна. Мөн Монголын бүх шилдэг мистерүүд манай холбоонд байдаг нь олон асуултын эргэлзээг тайлна.
-Хоёр холбоо байснаар өрсөлдөөн гарах сайн тал бий гэж ярих хүн бас байна. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Бид өнөөдөр хоорондоо өрсөлдөөд юу хожих вэ. Бидэнд өрсөлдөгч хангалттай олон бий. Тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхийн тулд хамгийн түрүүнд бид өөр хоорондоо эвтэй, санаа зорилго нэг байх нь хамгийн чухал.
-Монголд “А” зэрэглэлийн хоёр шүүгч бий. Нэг нь та. Мэргэжлийн шүүгчдийг бэлтгэх талаар танай холбоо ямар ажил хийж байгаа вэ?
-Сайхан асуулт байна. Мэдээж “А” зэрэглэлийн шүүгчтэй Монголын бодибилдинг фитнессийн холбоогоо бусдад дүгнүүлэх хамгийн дөт арга нь энэ байж мэдэх юм.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Ирэх наймдугаар сард болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчдын чансаа харагдах учиртай. Энэ тэмцээн нэг ёсондоо та бүхний ажлыг дүгнэх байх. Тэмцээнд оролцох тамирчдыг хэрхэн сонгох вэ?
-Манай холбоо олон улсын тэмцээнд оролцох тамирчдаа сүүлийн хоёр жилийн хугацаанд гаргасан амжилтыг нь харгалзан үзээд хэн явахыг шийддэг. Энэ жилийн Азийн аваргын эрчүүдийн ангилалд тав, эмэгтэйчүүдэд 2-3 тамирчин явна.
-Спортын ихэнх холбоод шигшээ багаа байгуулсан байна. Харин танай холбоо энэ тал дээр сураггүй гэхэд болно?
-Манай холбоо улсаас дэмжлэг, татаас авч байгаагүй. Тэглээ гээд шигшээ багаа бүрдүүлэх тал дээр хойрог хандаж байсангүй. Бид наадмын дараа шигшээ багийнхаа тамирчдыг сонгон шалгаруулах бодолтой байна. Шигшээ баг маань удахгүй болох Азийн аваргын өмнө байгуулагдана. Үүний дараа Дэлхийн аваргын тэмцээн манай тамирчдыг хүлээж байна. Хоёр том тэмцээний мөчлөгийн эгзэгтэй үед шигшээ багаа байгуулах нь бидний ажлын арга барил гэж ойлгоход болно. Энэ тэмцээн ирэх аравдугаар сард болох юм.
-Танай холбооны үүд хаалга хөдөө орон нутагт аль хэр нээлттэй байна?
-Салбар хариуцсан яам маань үндэсний болон олимпийн топ гэх тодотголтой спортын төрлүүдэд арай илүү анхаараад байх шиг. Төр засаг олимпийн болон олимпийн бус спортын төрлүүдэд тэгш хандах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр тэгж чадахгүй байна шүү дээ. Монголын спортыг залгамжлах хойч үе маань шагнал, урамшууллаа дагаад явчих гээд байна. Энэ байдал цааш удаан үргэлжилбэл Монголын спортын хөгжил топ гэгдэх хэдхэн төрөл дээр тогтох болж таарна. Бүх спортыг жигд хөгжүүлэхийн тулд цалин урамшууллыг ялгаваргүй өгөх нь чухал. Нэг жишээг дурдахад бодибилдинг фитнессийн спортод өндөр амжилт гаргах хугацаа нь багаар бодоход 10 жил байдаг. Энэ хугацаа нь хүний амьдралын хамгийн идэвхтэй насыг дайрч өнгөрдөг. Тиймээс амжилт гаргасан тамирчин бүгд спортын төрөл зүйлээс хамаарахгүйгээр адилхан урамшуулалд хамрагдах ёстой.
-Монголын бодибилдинг фитнессийн эмэгтэй тамирчдын ур чадвар ахисныг Зүүн азийн тэмцээнээс олж харлаа. Амжилтаа хадгалж үлдэхийн тулд танай холбоо ямар ажил хийж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн ангилалд түлхүү анхаарч байгаа. Манай эмэгтэй тамирчдын ур чадвар азийн хэмжээнд өндөр хөгжсөн. Тэд сургалтын тусгай арга барилтай болсон. Хамгийн гол нь төр засгаас тэднийг бага ч болов дэмжих хэрэгтэй байна. Хэрэв манай тамирчдыг дэмжээд өгвөл тэдэнд их нөөц бий шүү. Харин Монголын олимпийн хорооны удирдлагууд бодлогын болон бусад талаар дэмжих нь бидэнд урам болдог юм. Энэ дашрамд тэдэндээ баярлаж явдагаа хэлмээр байна.