Ч.ГАНТУЛГА
“Хурд” хамтлагийн уянгын дуунуудыг мэдэхгүй, сонсоогүй, дагаж аялдаггүй монгол хүн гэж үгүй. “Хурд” хэдийгээр рок хамтлаг ч уянгын дуунууд нь тэднийг илүү алдартай болгосон гэдэг. Тэгвэл хамтлагийнхан энэ удаа сонсогч фенүүддээ шинэхэн цомгоороо бэлэг барих гэж байна. Цомгийн хоолойны бичлэг дууссан гэнэ. Тэд “Хайрын салхи” цомгоо гаргаснаас хойш хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаад байсан билээ. “Эзэнтэй дуу” булангийнхаа энэ удаагийн дугаарт “Хурд” хамтлагтай холбогдож, шинэ цомгийнх нь тухай болон “Аавдаа би хайртай”, “Манлайлан дэвэгчийн дуу”гэсэн хоёр дууных нь бүтсэн түүхийг сонирхлоо.
Хурд хамтлагийн ахлагч Д.Ганбаяр:
ЭРчүүДЭЭ МАГТАН ДУУЛСАН ОЛОН САЙХАН ДУУ БИЙ
-Манай хамтлагийн шинэ цомог удахгүй сонсогчдын гарт очно. Цомгийн баяраар уулзацгаая. Сонсогчидоо удаан хүлээлгэсэнд уучлаарай гэж хэлмээр байна. Цомогт маань сэтгэлд хоногшсон хуучны болон шинэ уран бүтээлүүд багтсан. Эрчүүдээ магтсан гайхалтай дуунууд ч байгаа. Ер нь манай хамтлагт эрчүүдээ магтан дуулсан олон сайхан дуу бий. Эр хүний хийморь, эрч хүчийг бэлгэдсэн, аавыгаа магтан дуулсан эдгээр дуунууддаа хайртай. “Аавдаа би хайртай” дууны шүлгийг Зохиолчдын хорооны дарга байсан Б.Чилаажав гуай зохиосон. Аялгууг С.Ишхүү гэсэн ховорхон авьяастай залуу зохиож олны хүртээл болгосон юм. Харамсалтай нь энэ хүн одоо бидний дунд байхгүй. Зохиолч маань энэ дууг аавдаа зориулж зохиосон гэж дурссан байдаг. Сэтгэл шингэсэн дуу гэж үүнийг л хэлэх байх. Тиймээс ч сонсогчдын сэтгэлд хүрсэн гэж боддог.
Харин “Манлайлан дэвэгчийн дуу”-г Д.Данзан гуай зохиосон. Аялгууг нь манай гитарчин Д.Отгонбаяр зохиосон. Манай спортынхон андахгүй. “Тамирчны алдар” гээд сайхан дууны үгийг зохиосон хүн. Энэ дууг энэ цагийн их аварга Б.Бат-Эрдэнэд зориулж зохиосон гэдэг. Бараг 10 жил болж байна. Үг нь хүртэл сүртэй шүү дээ. Яг л бөх хүн, аварга хүн алхаж яваа юм шиг. Харамсалтай нь одоо хүртэл дүрсжүүлж чадахгүй л явна. Хэзээ нэг өдөр сайхан клиптэй болох байх.
Д.Отгонбаяр:
ХАМТЛАГИЙН ШИНЭ ТӨРХИЙГ ЦОМГООС ХАРААРАЙ
-Хамтлагийнхаа шинэ цомгоор сонсогчидтойгоо уулзах болсондоо баяртай байна. Манай хамтлагийн шинэ өнгө төрхийг энэхүү цомгоос харж болно. “Манлайлан дэвэгчийн дуу”-ны хувьд үг нь сайхан бол аялгуу урсаад л гардаг. Энэ дуу яг л тийм дуу байсан. Аваргын тухай дууны аялгууг зохиосондоо баярлаж, бэлгэшээдэг. Монгол түмний сэтгэлд хүрсэн сайхан бүтээл төрсөн. Монгол эр хүн бүхний аялах дуртай дууны нэг. Удахгүй дуугаа дүрсжүүлнэ.