Х.МОНГОЛХАТАН

“Алтан богдын шил” хэмээх уртын дуу монгол­чуудын уран сайхны, гүн сэтгэлгээний оргил юм шиг санагддаг. “...Алтан гургалдайн дуунд агт морьд сульдана” гэсэн гайхамшигт мөрүүд энэ дуунд бий. Алтан гургал­дайн цээл тунгалаг, яруу дуун агт морьдыг сульдаах хүч тэнхээтэй, аргамаг хүлэг цуцаах орон зай, цаг хугацааг  ажиралгүй даван туулах шидтэй гэж зүйр­лэсэн нь энэ ажээ. Дуунд, цагийг эзэлсэн дуучинд ийм их хүч чадал, гайхам­шигт увидас шингэсэн байдаг ажээ. Энэ бүхнийг өгүүлэхийн учир нь төрөөс Ардын жүжигчин, түм­нээсээ “Алтан гургалдай” хэмээх алдрыг хүртсэн, Монголын сонгодог урлагийн нэгэн тод од, Аюушийн Загд­сүрэн хэ­мээх эрхэм хүнийг эргэн дурссаных билээ.

 

МОНГОЛЫН АНХНЫ МЭРГЭЖЛИЙН ДУУРИЙН ДУУЧИН

 

Дуурь бүжгийн эрд­мийн театр 50 жилийн ойгоо тэмдэглэлээ.  “Улаан туг залуучууд хоёр ихэр юм” гэдэг шиг Улсын төв театрын тайз А.Загд­сүрэн хоёр бүхэл бүтэн нэгэн үеийнхнийг уянга­лаг дуу хоолой, мэргэж­лийн өндөр ур чадвар, олон шинэ тоглолтуу­даараа гай­хуулж явсан цаг сая­хан. Тэрээр Монголын анхны мэргэжлийн дуурийн дуучин. 1954 онд Москва хотын Чайковс­кийн нэрэмжит Хөгж­мийн их сургуулийг төгс­сөн байна. А.Загд­сүрэнгийн дуучин болсон замнал бур­ханаас заяасан дуулах авьяас билигтэй нь салш­гүй холбоотой. 

Тэрээр алс баруун хаяз­гаар Ховдын Эрдэнэбүрэн сумын Наран гозгор гэдэг газар төрж, 1948 онд 14-хөн настайдаа  аймгийн­хаа Ноосны үйлдвэрт ажилчнаар орж байжээ. Бүсэлхийгээр татсан хүйтэн усанд ноос угааж зогссон охин найзыгаа даган аймгийн клубын найрал дуунд сайн дураараа явж, олны хэсэгт гардаг бай­жээ. Түүгээр ч зогсохгүй, “Далан худалч”, “Рав­жихын гэр бүл” зэрэг жүжигт тоглон дориун магтуулж, их урлагийн замд хөл тавьсан байна. Угийн сэргэлэн, ой тог­тоолт сайтайн дээр бай­галиас заяасан дуулах авьяас, хөдөлмөрч зан чанар нь түүнийг алдрын зэрэгт хүргэсэн юм.  1950 онд Ховд аймгийн театр байгуулагдахад А.Загд­сүрэн охин 16 настай, жүжигчний орон тоон дээр ажиллаж эхэлжээ. Түүнд хөгжмийн цагаан толгой анх заасан хүн нь Төрийн шагналт, Ардын жүжиг­чин Д.Лувсаншарав юм. Нэг жилийн хугацаатай Ховдод томилогдон ирээд байсан Д.Лувсаншарав гуай шавиа нот сайн сур­сан, сэргэлэн, ой тогтоолт сайн гэж магтаад “Баг­шийгаа явахаас өмнө ахиухан юм сурч бусдадаа зааж өгөө­рэй” гэж захисан гэдэг.

 

ТӨВ ТЕАТРТ ДУУЧНААР АВЧ, НЭГ ӨРӨӨ БАЙРААР ШАГНАЖЭЭ

 

1953 оны өвлийн идэр ёсийн хүйтнээр Ховдын театрын хоёр сайн дууч­ныг Улаан­баатарт дуудан ирүүлсний нэг нь А.Загд­сүрэн бай­лаа. Тэд БНХАУ-д айлч­лан тоглох Мон­голын ур­ла­гийн багийн бүрэлд­эхүүнд багтсан аж. Ардын жүжиг­чин, найруулагч Э.Оюун Ховдын хоёроос А.Загд­сүрэнг нь сонгон “Шар­гын шаргын жороо”, “Дөрвөн настай халиун” зэрэг дууг дуулуулахаар болжээ.

Ингээд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ур­лагийн баг өмнөд хөршийг зорив. А.Загдсүрэн очих замдаа галт тэргэнд Хятадын “Хөх цэцэг” дууг сурч, очсон газар бүртээ дуулж явжээ. Монголын урлаг соёлын­хон бүтэн хоёр сарын турш БНХАУ-ын бүх хотоор зочлон тоглосон байна. Урт аялан тоглолт дууссан ч хөдөөний улаан хацартай охины урлагийн их зам дөнгөж л эхэлж байлаа. Түүнийг нутаг бу­цаа­сангүй, хотод үлдээж Румынд болох Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцуулахаар бэлдэж эхэлсэн ажээ. А.Загдсүрэн энэхүү их наадамд торгууд ардын дуу “Шаргын шаргын жороо”-гоо найрал дуучидтай дуулж анхны хүрэл медалийг эх орондоо авч иржээ. Түүнийг эх нутагтаа ирэхэд нь Улсын төв театрт дуучнаар авч, нэг өрөө байраар шагна­жээ. Энэ завшаан А.Загд­сүрэнг том дуучин болох алдрын эхлэлийг тавьсан ч зүгээр нэг сохор аз тохиогоогүй юм. Ховдын охин дэлхийн энтэй дуучин байсныг, өөрийн авьяас, хувь заяа­гаар зүтгэж, хөдөлмөрлөж байж амжилтад хүрснийг энэ гайхамшигтай уран бүтээлчийн оргилж буцал­сан он жилүүд, олны итгэл хайрыг хүлээсэн амьд­ралын хуудсууд илтгэнэ.

 

БАГШ НАР НЬ ТҮҮНИЙГ “ТОМ ДУУЧИН БОЛНО” ГЭДЭГ БАЙЛАА

 

Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Мон­гол­­чууд бид дэлхийн хэмжээний дуурийн дуу­чинтай байснаараа бахар­хах ёстой. Хойч үедээ А.Загд­сүрэн гуайн уран бүтээлийг нарийвчлан суд­алж, өвлүүлэн таниу­лах нь манай нийгмийн үүрэг” хэмээн хэлсэн нь бий. Тэрээр “А.Загдсүрэн бол дэлхийн энтэй дуучин” гэдгийг өгүүлсэн нь энэ. Ховд, Улаан­баатар, Москва, улмаар Мон­голын сонгодог ур­лагийн алтан үеийн хаалга руу хөтөлсөн түүний уран бүтээлийн зам мөрийг ширхэгчлэн сонирхоход ёстой л үлгэр уншиж байна уу гэлтэй.

ЗХУ-аас хуучнаар ирсэн урлагийн багийн бүрэлдэхүүн Монголын говиор явж иргэдэд үйлчлэхэд тэдэнтэй хамт Пүрэвдорж Ардын жүжиг­чин, А.Загдсүрэн нарыг явуулжээ. Тоглол­тын дараа нэгэн хүлээн авалтын үеэр Москвагийн их театрын дуучин эмэгтэй Ю.Цэдэнбал даргад “Та­найх ирээдүйд дуурийн том театртай болно. Одооноос эхэлж ганц ч болов дуурийн эмэгтэй дуучин бэлдэх нь зөв. Хоолой нь эвдрээгүй гай­гүй дуучин болохоор нэг бүсгүй байна. Түүнийгээ түргэхэн дээд сургуульд явуул” гэж хэлсэн нь А.Загд­сүрэн байлаа. Ин­гэж л Монголын анхны мэргэжлийн дуурийн дуучин Москваг  зорьжээ. Орост очсон хойно нь “Юу юу ч чадахгүй, хөдөөгийн охиныг зүгээр л бэлтгэл ангид шалгуул” хэмээн Э.Оюун гуай хэл­сэн гэдэг. Мэдээж, шал­гуу­лаад тэнц­­­сэнгүй. Тиймээс нутаг буцахаас өөр аргагүй бол­чихоод байхдаа “Нэгэнт ирс­нийх дээд сур­гуульд нь шал­гуулаад орхиё” хэмээн зориг­лож, олон үндэстний хүүхдүүд­тэй өрсөлдөөд Москва­гийн хөгжмийн дээд сургуулийн консер­ваторид тэнцжээ.

Бэлтгэл ангид шал­гуулаад тэнцээгүй атал консерваторид суралцах болзол хангасан нь  түүний авьяас, хоолойн чадвартай холбоотой. Тэрээр сур­гуулиа онц дүнтэй төгссөн юм. Багш нар нь түүнийг “Том дуучин болно” гэдэг үгийг харамгүй хэлдэг байлаа.

 

А.ЗАГДСҮРЭН 30 ГАРУЙ ДУУРЬТ ДУУЛЖЭЭ

 

Монголын ур­ла­гийн ноён оргил Б.Дам­дин­сүрэн, Л.Мөрдорж, Б.Гончиг­сумлаа, Д.Лув­сан­шарав, Г.Хайдав, Пүрэв­дорж нарын хамт сургууль төг­сөж ирсэн залуу дуучин А.Загдсүрэн нь Дуурь бүжгийн улсын эрдмийн театрын анхдагчдын нэг юм.

А.Загдсүрэн 1963 онд ДБУЭТ-ын тайзнаа тавигдсан Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьянагийн дүрд дэлхийн дуурийн дуучны хэмжээнд өндөр төвшинд дуулснаар Монголын дуурийн алтан тайзнаа А.Загдсүрэнгийн гэх 20 гаруй жилийн түүхт үеийг эхлүүлжээ. “Алтан гургал­дай Загдсүрэн” хэмээн алдаршсан энэ бүсгүйн цээл хоолой 60, 70, 80-аад оныхны со­норыг мялааж, олон сай­хан дуугаар ард олныхоо сэтгэлд хоног­шин үлд­сэнийг эргэн дурсах бүрт таатай байдаг билээ. Ёстой л, “Хүний гараар бүтээ­гээгүй хөшөө дурсгалаа босгов” гэдэг шиг өөрийн хоолойгоор тухайн орон зай, цаг хугацааг эзэлсэн дуучин байлаа. А.Загдсүрэн 1959-1983 оны хооронд дэлхийн болон үндэсний 30 гаруй дуурьт дуулсан юм.

Түүний бүтээсэн гол дүрүүдийн дунд Пуч­чинийн “Чио-Чио сан” дуурийн Эрвээхэй ха­тагтай, Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн Лусын дагина, Чайковс­кийн “Евгений Онегин” дуурийн Татьяанагийн дүрүүд нь уран сайхны болоод дуурийн дуучны ур чадварын хувьд Мон­голын дуурийн түүхэнд давтагдашгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Монголын нэрт хөгжмийн зохиолчид, яруу найрагчид А.Загд­сүрэнд зориулж сор болсон бүтээлүүдээ туурвижээ. Тэрээр 200 гаруй ардын болон зохиолын дуу, романсыг амьдруулж, Мон­голын дууны урла­гийн түүхэнд хамгийн олон дуу, романсын урын сантай дуучин хэвээр үлдсэн билээ. Түүний яруу тунгалаг хоолойны цар хүрээ, хүч чадал нь гадаа­дын хөгжмийн мэргэ­жилт­нүүдийг бишрүүлж, тэд А.Загдсүрэнг дэлхийн алдарт сопрано Мария Каллас, Рената Тебальди, Галина Вишневская нар­тай зүйрлэн “Монголын Мария Каллас” хэмээн өргөмжилсөн байдаг.

XX зууны Монголын соёл урлагийн гайхамш­гийн нэг бол яах аргагүй Ардын жүжигчин А.Загдсүрэн юм. Дуулах болон дүр бүтээх урлаг нь бүхэлдээ шинжлэх ухаан. Тиймээс мэргэж­лийн сонгодог ур­лагийн театрыг эрдмийн хэмээн тодот­годог билээ. Эрд­мийн театрын эрдэнэ болсон алтан гургалдайн хоолойт дуучны амьд­ралын түүхийн өчүүхэн хэсгийг сөхөхөд л түүний “Урлагт арын хаалга байх ёсгүй” гэж нэгэнтаа хэлсэн үгийн жинхэнэ утга жирийтэл харагдана.

 

“ЗАГДСҮРЭНГЭЭР Л ДУУЛУУЛНА, ЗӨВХӨН ТҮҮНД Л ЗОРИУЛНА” ГЭДЭГ БАЙЛАА

 

Ардын жүжигчин, дэд профессор А.Загдсүрэн нь Б.Дамдинсүрэн,  Б.Смир­­новын “Учиртай гурван толгой” дуурийн Нансал­маа, С.Гончиг­сумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаа, Дж.Пуч­чиний “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан , П.Чайковскийн “Ев­гений Онегин” Татъя­на, А.Дар­гомыжскийн “Лу­сын дагина” дуурийн Наташа, Б.Сметаны “Худалдагд­сан бэр” дуурийн Люд­мила гэх зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний дууриу­дад олон сайхан дүрүү­дийг бүтээ­сэн төдийгүй ард олны сэтгэлд хоног­шиж, амнаас ам дамжин дуу­лагд­сан олон дууны эзэн болон мөнхөрсөн билээ. Тэрээр Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн сайхан дуучин байсан бөгөөд түүний төрүүлсэн олон зуун шавь Мон­голын урлагийн тайз­наа гялал­заж уран бүтээлээ ам­жилт­тай толилуулж байна. Бидний дунд олон авьяас­тан ажиллаж амьд­ран, нэгэн үеийн түүхийг, нэгэн цагийн дурсам­жийг уран бүтээлтэйгээ хамт сэтгэлд гүн хадан мөнхөр­дөг билээ. Гэсэн ч тэдгээ­рээс анхлан гялалзсан шигтгээ бүр илүү үнэ цэнээ хадгалан цагийн уртад улам хүчээ авдаг нь нууц биш. А.Загдсүрэн гуайн дуулсан “Русал­ка”, “Хаврын ус”, “Хун­гийн дуу”-нууд нэгэн цагийг дурсам­жийн алтан учигтай хамт тамгалан үлдээсэн нь цагийг эзэлсэн дуучин гэдгийг илтгэнэ.

Жар, далаад оны сор болсон дуунуудыг тайз­наа амилуулсанаар “Алтан гургалдай” хэ­мээх алдрыг ард түм­нээсээ хүртсэн хүн бол яахын аргагүй А.Загд­сүрэн. Өдгөө ч дээрх дуу­нууд дуулагд­саар, дур­самжийн алтан учгаа хөвөрдсөөр л байна. “Зөвхөн Загдсүрэнгээр л дуулуулна, зөвхөн түүнд л зориулна” хэмээн тэр үеийн толгой уран бүтээлчид гайхамшигт аялгуунуудаа, шүлгүүдээ барьсаар түүний гэр лүү хөлхөж байсан нь өдгөө түүх болон үлджээ. Гэсэн хэдий ч уянгат сайхан хоолойн цараа, улс орон дамжин гайхагд­сан авьяасын шижир уурхай нь үл мартагдах, үл бүдгэрэх гэрэлт хөшөөг босгож нэгэнт чадсан юм.