Д.НАДМИД

Тийм ээ. Монгол Ул­сын дархан аварга Б.Бат-Эрдэнэ шиг төрийн наа­дамд 11 түрүүлсэн хүн байхгүй ээ. Тэр үнэхээр босоо төрсөн бөх гэж хэ­лүүлэх амжилттай, төрд нэртэй түмэнд нүүртэй хүн. Бас жүдо бөхийн тө­рөлд улсдаа 12 түрүүлж, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга болсныг хэлэхэд үнэхээр босоо аварга юм даа гэсэн бодол улам лавширч бай­гаа юм. Яагаад энэ тухайд автан өгүүлж байна вэ гэвэл удахгүй болох Мон­гол Улсын Ерөнхийлөг­чийн ээлжит сонгуульд түмний хайртай аварга, сонгогчдын итгэл хүлээ­сэн төрийн түшээ Б.Бат-Эрдэнэ маань нэр дэвшээд байгаагийнх.

Бөхчүүдийг нэгэн үед боловсрол, соёл муутай, барилдахаас өөрийг мэд­дэггүй молхи эрс мэтээр ойлгодог, ярьдаг байсан цаг саяхан даа. Бөхчүү­дийн дунд тиймэрхүү ханд­лага байсан үе нэгэнт ул болж. Өнөө үеийн бөх­чүүд дундаас мэдлэг бо­ловс­рол өндөртэй олон хүн тодорч нийгмийн өмнө нэрээ таниулж яваа. Тэд­ний нэг нь аварга Б.Бат-Эрдэнэ мөнөөс мөн. Түү­нийг танихгүй, мэдэхгүй хүн байхгүй ээ. Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх олон шалгуурт тэнцээд гарч ирсэнд нь ч гайхах хүн гараагүй биз. Б.Бат-Эрдэнэ аварга бө­хийн дэвжээнд эр бяраа гай­хуул­сан шигээ сүү­лийн жилүүдэд улс төрд чан­саатай түшээ гэгдэж явна. Түүнийг аль нэг өрөө та­салгаа, айлд ч юм уу ороод очиход гэр дүүрээд ирэх шиг болдог гэж хү­мүүс хэлэлцдэг. Тэгвэл Ерөнхийлөгчийн сон­гуульд нэр дэвшээд сон­гогч олны дунд ороод ява­хад нь улс гэр мөн л дүүрэн байх шиг санагдах билээ. Улс төрд энэ эрхмийн туулж ирсэн замнал нь бөхтэй адил тэмцэл, ялал­тын түүх байсан гэж бол­но. Монголчууд газар шо­роогоо хайрладаг унаган төрхийг алдуулахгүй бай­хыг хичээдэг ухааны мөн чанарыг Б.Бат-Эрдэнэ авар­гаас мэдэж болно. Байгаль орчны багц хуу­лийг санаачилсан, Оюу­тол­гойн гэрээний алдааг анх олж харсан, Хэрлэн­гийн хөдөө арлыг сувдаг шунхайчуудад алдаагүй аварч чадсан гээд түүний эх нутгаа гэсэн сэтгэлийг олон жишээнээс харж болно.

Ер нь уул овоо, нутаг усаа л гэж явдаг хүн. Төрж өссөн Хан Хэнтийгээ тү­шиж, шүтэж сэтгэлийн сүүгээ тэр зүг өргөж байдаг нь үг ярианаас нь тод мэдрэгддэг юм. Нэр дэв­шигч Б.Бат-Эрдэнэ авар­гыг сонгуулийн суртал­чил­гаагаа хийгээд явж буй байдлаас харахад олон түмэн түүний төрийг засах аварга ухаанд нь итгэж буй нь харагдаж байна лээ. Энэ нь аваргын эр зориг, ухаан, уйгагүй хө­дөл­мөр, тэсвэр хатуужил, шантрашгүй чанарыг эр­хэмлэсэн хэрэг болов уу. Монгол Улсад Үндсэн хуу­лиар олгосон эрх мэд­лийн тэнцвэр алдагдсан, хууль дээдлэх шударга зарчим, ардчиллын үнэт бүхэн бүдгэрсэн одоо цагт гагцхүү үнэнч шударга, хэлсэн үгэндээ эзэн болж чаддаг, буйр суурьтай тийм л нэгэн Ерөнхийлөгч байгаасай гэж олон түмэн хүсч байгаа. Тэр хүслийн үзүүрт Б.Бат-Эрдэнэ авар­гаа тохирох хүн гэж хэлээд байх шиг. Түүнийг төрд зүтгэсэн он жилүүдэд нь шударгуу дайчин хүн юм гэж монголчууд таньж мэдсэн биз. Хэрэв Б.Бат-Эрдэнээ шударга нэгэн биш байсан бол улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ­тэй таван жил төрийн наад­мын үзүүр, түрүүнд учрахдаа нэгд нь ч болов буугаад өгчих байсан. Гэтэл тэгээгүй. Жинхэнэ эрийн чадал, бөхийн гай­хамшгийг харуулан хүч үзэж давж байсан шүү дээ. Энэ зүйрлэлийг хэлж бай­гааг минь сонгууль, бө­хийн барилдаан хоёрыг адилтгалаа гэж хоцрогдсон сэтгэлгээгээр ойлгохгүй биз ээ. Б.Бат-Эрдэнэ авар­га Ерөнхийлөгч болбол бохирдсон улс төрийг засч худал хэлж, хулхиддаг, авлигад идэгдсэн нийг­мийг өөрчлөхөд тусыг олох нь дамжиггүй гэх хүн за­хаас аван тааралдаж бай­на. Энэ нь түүний өөрийн нь үг итгэлийн гал асааж буй юм. Тэр “Эвийг эр­хэм­лэнэ, Зөвийг дэм­жи­нэ” гэсэн уриатай сон­гуульдаа оролцож байгаа.

-Би Үндсэн хууль бо­лон бусад хуулийн үзэл санаа, үг үсэг бүрийг чанд­лан сахигч байна. Эх орон ард түмнийхээ эрх ашгийг оройлон дээдлэгч, эв нэгдлийг илэрхийлэгч байна. Шударга ёсыг хэ­рэг­жүүлж, ам ажлын нэгд­лийг үлгэртэйгээр хангана. Би бусармаг явдалд орол­цоогүй, хутгалдаагүй, хэ­сэг бүлэг хэн нэгэнд барь­цаалагдаагүй. Миний нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр гэж хэлсэн.

Тэр үг нь олон түмэн, сонгогчдын анхаарлыг үнэхээр татаж байгаа юм. Тиймээс ард олны мэргэн сонголт мэдтүгэй. Өнөө­гийн нийгэмд үүсээд бай­гаа бурангуй бүхнийг өөр­чилж, дүр эсгэсэн хуурамч ардчиллыг зөв замд нь залж чадах хүн аварга Б.Бат-Эрдэнэ гэдгийг хэ­лэх байна.

“Бөхийн мэдээ” сони­ны олон мянган уншигч­дынхаа өмнөөс аваргадаа амжилт хүсч байгааг дамжуулъя.