Н.ДӨЛ
Монголын олимпийн боксын холбоо гэж хэрүүл салахаа больсон газар болжээ. “Би чи”-дээ хүрч муудах нь бүр энүүхэнд асуудал болж, нэг нэгнийхээ тухай ийш тийш элдэв бичиг, матаас шидэх нь тогооноосоо хальж томорч буй гэнэ.
Саяхан тус холбооны удирдлагууд хуралджээ. Хурал ч нэлээд халуухан болсон сурагтай. Боксын холбооныхон ингэж хурал хуй хийх болсон нь олимп, тэмцээн уралдаан энэ тэртэй огт холбоогүй. Тэр ч бүү хэл, Лондонгийн олимпод хэрхэн оролцсон болон цаашдын зорилт, тамирчдын бэлтгэл сургуулилалттай бүр ч хамаагүй байжээ. Тэдний ширүүхэн хуралдаж, хатуухан үг шидэлцсэн хурал нь Олон улсын боксын холбоонд Монголын холбооныхоо тухай бичсэн ховын бичигтэй холбоотой байсан гэнэ. “Монголын олимпийн боксын холбооны удирдлагууд нь мафи, хууль бус ажиллагаанд оролцдог” гэсэн мэдээллийг AIBA буюу Олон улсын боксын холбоо руу илгээсэн буруутныг олох аян өрнөж, улмаар дасгалжуулагч, боксчид нь хүртэл талцан “Тэр бичсэн байх”, “Энэ явуулсан байж таарна” гэхчилэн хардах ажлыг л олимпоос хойш хийж байгаа гэлцэнэ. Тэдний зарим нь ховын бичгийг Ц.Нандигжав, Т.Үйтүмэн, Д.Цогбаатар тэргүүтэй боксчдыг илгээсэн хэмээн ил тодоор зарлан хэрүүлээ хэвлэлээр өрнүүлж эхэлсэн.
Хамгийн гол эмзэглэж буй асуудал нь Олон улсын боксын холбоо руу явуулсан матаас Монголын нэр хүндийг унагаад зогсохгүй олон асуудлыг асаасаа дагуулж буй юм билээ. AIBA-гийн удирдлагууд энэ матаасыг нэлээд ноцтойгоор хүлээн авч улмаар хатуу сануулга өгсөн нь холбооны цаашдын ажилд хортой нөлөө үзүүлэх юм байна. Чухам тийм учраас энэ бичгийг хэн явуулав гэдгээр Монголын олимпийн боксын холбооныхон тусгайлан хуралдсан нь тэр аж.
Хамгийн эхлээд гавьяат тамирчин Н.Баярсайхан энэ талаар “Т.Үйтүмэн, Ц.Нандигжав нар ийм юм хийж байна” хэмээн зарлаадахсан билээ. Харин Т.Үйтүмэн гавьяат Н.Баярсайханы ярьсныг эрс няцааж, “Нандигаа бид хоёр тийм юм хийгээгүй, хийх ч үгүй хэмээн мэдэгдсэн сурагтай.
Удтал маргалдсаны эцэст энэ мэдээллийг явуулсан хүнээр Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан, түүний төрсөн дүү, дасгалжуулагч Н.Мөнхсайхан нарыг тодруулсан гэнэ. Ингэж үзэх ч үндэстэй юм байх. Н.Баярсайхан гавьяатыг өмнө нь ч иймэрхүү заргын бичгийг ийш тийш илгээж байсан гэлцэх юм. Тэрбээр 1988 оны Сөүлийн олимпийн наадамд гавьяат тамирчин “Том” гэгддэг Н.Энхбатыг явуулахаар болсныг буруутган тухайн үеийн Намын төв хороо хүртэл заргалдаж байсан гэдэг. Түүнээс гадна 1990-ээд оны эхээр Азийн аваргад очоод өөрийн дасгалжуулагч В.Батбаярыг томилолтын мөнгө буруу ашигласан хэмээн НАХЯ-нд матаж долларын хэрэгт хутгаж байсан талаар ч энэ хурлын үеэр боксынхон ярилцсан гэж байна. Тэгээд Н.Баярсайхан гавьяат бүгдээс түрүүлж нөхдөө буруутган хэвлэлээр зарлаад байсныг нь “Хулгайчийг бариарай” гэж хулгайч түрүүлж хашгирдаг үлгэрийг давтсан хэрэг хэмээн үзжээ. Тиймээс одоо энэ хэргийн мөрөөр ямар арга хэмжээ авахаа төлөвлөх хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь Монголын боксчдын нэр хүндийг цэвэрлэхийн төлөө юу хийхээ ярилцахаар тохирсон байна.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин