Д.ЖАВХЛАН

 

Боксчин хүн бүрийн хүсэл мөрөөдлийн оргил нь олимпийн аваргаас илүү нэр хүндтэй Мэргэж­лийн боксын аварга хэ­мээх эрхэм цол байдаг. 1892 оноос зохиогдож ир­сэн мэргэжлийн боксын дэлхийн аваргын тулаа­нууд үзэгч, сонир­хогчдыг байлдан дагуул­саар өнөөг хүрчээ.

Одоогоор Дэлхийн мэр­гэжлийн боксчдын шилдэг гэж нэрлэгдэх Дэлхийн боксын холбоо, Дэлхийн боксын хороо, Дэлхийн боксын байгуул­лага, Олон улсын боксын холбоо гэсэн албан ёсны дөрвөн холбоо бий. Эдгээр холбоод нь тус бүртээ Дэл­хийн аваргын тулааныг шалгаруулдаг ч сар бүр тамирчдынхаа чансааг гаргадаг уламжлал тогт­жээ. Харин бусад жижиг холбоодууд нь олон тэм­цээн уралдаан зохиодог ч нэр хүнд болоод, түрүүл­сэн тамирчдынх нь чанар дээрх дөрвөн холбооны чансаанд хүрдэггүй. Мөн урамшуулал цалин доо­гуур байдаг гэнэ. Тиймээс Мэргэжлийн боксын нэр хүнд өндөр байдаг нь гагц­хүү түүний шагналын сан­тай шууд холбоотой гэж ойлгож болно.

Нэр алдартай Жо Луис, Мохаммед Али, Майк Тайсон, Маниэ Фа­кио шиг аварга боксчны нэг удаагийн тулааны шаг­нал 20 мянган америк доллараас давах нь бий. Тиймээс сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргууд мэргэжлийн бок­сын ринг рүү хуйлардаг учиртай. Эдгээр олимп, дэлхийн аваргууд дотроос мэргэжлийн боксын маш олон дэлхийн аварга төр­сөн. Манай шилдэг бокс­чин, гавьяат тамирчин Н.Төгсцогт, У.Мөнх-Эр­дэнэ нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийнхөө мөрөөдлийг Мэргэжлийн боксын дэлхийн аварга болохоор тодорхойлсон нь мэргэжилтнүүдийн ан­хаар­лыг татаад байгаа юм.

Сонирхуулахад, манай улсаас мэргэжлийн бок­сын дээрх нэр бүхий дөр­вөн холбооны нэг болох WBA-ийн дэлхийн авар­гаар гавьяат тамирчин Д.Лхагва тодорч дөрвөн холбооны нэгдсэн рейтин­гийн жагсаалтад наймду­гаарт холбоондоо нэгдү­гээр байранд хоёр жил тогтмол байсан түүхтэй. Энэ нь түүний ямар зин­даа­ны боксчин болохыг илтгэнэ. Харин Лондоны олимпийн дараа алдартай боксчин олон төрсөн. Гэвч /АИБА/ дотроо мэргэж­лийн бокстой болсон бо­ловч ширэн бээлийтнүүд зөвхөн мэргэжлийн жин­хэнэ холбоо руу хошуур­саар байгаа юм.

Олимпийн хоёр удаа­гийн аварга, нэг хүрэл медалтай, дэлхийн хошой аварга бид бүхний сайн мэдэх Хятадын алдарт боксчин Зоу Шиминг мэр­гэжлийн боксынхон­той гэрээ хийж анхны тулаанаа өнгөрсөн сарын 6-нд Макаод хийсэн би­лээ. Энэ тулаанд Зоу Ши мин ялалт байгуулж 300 мянган ам долларын шаг­нал хүртжээ. Тэрээр да­раа­гийн тулаанаа ирэх долдугаар сард хийх юм.

Мөн Лондоны олим­пийн хүрэл медальт, дэл­хийн аварга Украйны та­мир­чин Тарас Шелесчук Америкийн Нью Иорк хотод анхны тулаанаа хийж ялалт байгуулсан. Лондоны олимпийн аварга Ангилийн боксчин Люк Кампбелл, хүрэл ме­дальт Антони Огого, дэл­хийн аварга Оросын бокс­чин Артур Бетербиев, Лон­доны олимпийн мөн­гөн медальт 2011 оны дэл­хийн аваргын тэмцээний үеэр манай боксчин Д.От­гондалайг шүүгчийн луйв­раар ялж медаль хүртэж байсныг боксын ертөн­цийн­хөн мартаагүй. Д.От­гондалайг шүүгчийн луйв­раар ялсан Ирландын бокс­чин Жон Невин ирэх оны дөрөв, тавдугаар сард Английн Шеффильд, Ка­надын Монреал хотуудад тулаанаа хийхээр гэрээ байгуулсан байна. Украй­ны домогт боксчин олимп, дэлхийн хошой аварга Ва­сил Ломаченко ч мөн АИБА-ийн Дэлхийн бок­сын лигийн тулаанаа дуус­гаж мэргэжлийн рингэнд хүч үзэхээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Бас Японы тамирчин Лон­доны олимпийн дунд жингийн аварга Риота Мурата мөн л мэргэжлийн боксын менежерүүдтэй ирэх долдугаар сард тулаан хийхээр гэрээ хийжээ. Ийнхүү сонирхогчдын бок­сын ширэн бээлийт­нүүд мэргэжлийн ринг рүү хошуурсаар байгаад бок­сын мэргэжилтнүүд санаа бодлоо чилээж суугаа нь тодорхой. Энэ байдлаар цааш үргэлжилбэл олим­пийн рингэнд зөвхөн шилд­гүүд тулалддаг бай­сан үе түүх болон үлдэж, сонирхогчид  тулалдах цаг ойртсныг сануулья.