Р.ГЭГЭЭ

Шагай шиг биетэй, шаламгай барилдаантай Бүдээбазарын Адьяахүү начин бөхийн төлөө өөрийгөө бүрэн зориулж яваа нэгэн. Уран хурц барилдаанаараа үзэгч олноо баясгаж явсан бөх эдүгээ олон сайхан шавийн багш болж, үндэсний бөхийнхөө хойч үеийг бэлдэж байна. Бөхийн өргөөнд шавь нарынхаа барилдааныг үзэж суухад нь начинтай уулзан ярилцсанаа толилуулж байна.

 

САЙН БАРИЛДАХ ХҮҮХДҮҮД СУРЛАГА МУУТАЙ БАЙДАГГҮЙ

-Шавь нарынхаа ба­рил­дааныг үзэхээр ирэв үү. “Аварга” дээд сур­гуульд багшлаад хэдэн жил өнгөрөв өө?

-Багшлаад 14 жил өн­гөр­чихлөө. Анх нээгдэхэд нь би багшаар орж байсан.

-Энэ хугацаанд суралц­сан залуусаас хэд нь бөх, тамирчин болов оо?

-Нэг нарийн статис­тик дүн хэлнээ. 1000-аад хүүхэд манай сургуулийг төгссөн. Одоо 800 оюутан байна. Улсын цолтой бөх­чүүд гэвэл Х.Мөнхбаатар арслан, М.Баяржавхлан гарьд нарын 15 бөх бий. Аймгийн цолтой 100, сумын цолтой 300 орчим залуу бий. Олим­пийн аварга Н.Түвшин­баяр, дэлхийн аварга Х.Ца­гаанбаатар болон Х.Эр­дэнэт-Од, Х.Болд­баатар гээд гавьяат тамир­чид байна. Бас УИХ-д гурван удаа сонгогдсон дархан аварга Б.Бат-Эр­дэнэ манай сургуулийн үүсгэн байгуулагч нь.

-“Аварга”-д залуусыг хэрхэн сонгож авдаг вэ. Бөхийн сургууль болохоор сурлагаас гадна бие хаа, удам судрыг нь бас харах хэрэгтэй байдаг байх. Гэтэл бөх болох залуус сурлага муутай байгаад элсэлтийн шалгалтдаа тэнцэхгүй бол яах вэ?

-Сурлагын үзүүлэлт буюу ерөнхий шалгалтын оноог заавал хардаг. Ер нь сайн барилдах хүүх­дүүд сурлага сайтай байдаг.

-Зарим бөх, тамирчид сургуульд явсан нэртэй л болдог гэдэг. Зарим нь бүр сургуулийнхаа хэд­дүгээр курст сурч буйгаа ч мартах шахчихсан явж байдаг...

-Жилийн чөлөө ав­чих­сан залуус бол байдаг л даа. Жишээ нь, одоо Өвөрхангайн Батдорж жилийн чөлөө авчихсан байгаа. Иймэрхүү зүйл байдаг. Р.Пүрэвдагва на­чин гэхэд л 2003 онд ма­най сургуульд элсэж бай­сан. Тэгээд барилдахдаа голлон анхаарах гээд хэ­дэн жил сургуулиасаа чөлөө авч байгаад өн­гөрсөн жил төгссөн.

-Тэгэхээр Р.Пүрэв­дагва начин олон жил сурсан байх нь ээ... Гарьд П.Сүхбатыг бас арав гаруй жил сурсан тухай яриа байдаг юм билээ...

-Тийм ээ, найман жил сурсан. Гэхдээ Р.Пүрэв­дагва өнгөрсөн жил дөрөвдүгээр курстээ их сайн сууж, улсын шал­галтуудаа амжилттай өгч төгссөн. П.Сүхбат гарьдийн сурсан тэр жиш­гээр бол тэмцээнд эрчимтэй оролцох үед сургууль орхигдох тал тамирчдад байдаг. Гэвч сургуулийн диплом бол үнэ цэнэтэй, тодорхой хэм­жээний кредитийг цуг­луулж байж л төгсөх ёстой гэсэн зарчмаа чанд баримталдаг.

-Өөрөө ид барилдаж байх үедээ л багш болоод, шавь нар бэлдээд эхэлсэн. Тухайн үед хэцүү байсан уу?

-30 хүрээгүй л багш болсон. Цолоо баталчих юмсан гэж бодож бэлтгэл хийж байсан үе. Гэвч багш болоод ирэхээрээ өөрийн­хөө амжилтыг гэхээсээ илүү шавь нараа боддог юм билээ. Аль алийг нь хөөгөөд явна гэхээр ажил цалгардах тал гарах гээд байсан.

-Өөрийг чинь анх шавь нар бэлтгэж эхлэх үед “Адьяахүү залуустай байн­га барилдсаар байгаад бэлтгэл сайтай болчихож” гэж хүмүүс ярьж байсан. Үнэхээр тийм тал байсан уу?

-Эхний хоёр, гурван жил бэлтгэл сайн хийж байсан. Гэхдээ одоо ч гэсэн би долоо хоногийн 3 өдөр оюутнуудтайгаа барилддаг. Хүүхдүүдэд юу дутагдаж байна, ямар алдаа оноо байна вэ гэдгийг биеэрээ барилдаж байж л мэдэрдэг. Нөгөө талаар, би хэдэн жил барилдчихсан хүн болохоор надтай барилдахаар шавь нар барилдаан сайн сурдаг гэж боддог. Ш.Жаргал­сай­хан, Б.Пүрэвсайхан, Э.Энх­бат, Н.Түвшинбаяр тэгээд одоо Э.Оюунболд, Э.Даш гээд би бүгдтэй нь л байнга барилддаг. Багшаа­саа ч барилдаан сураг, би эргээд шавь нартаа юу дутагдаад байна, юу хэрэг­тэй байна вэ гэдгийг ба­рил­даж байж мэдэж авдаг.

-Одоо заалны барил­даанд гарвал хэд давна гэсэн багцаа байна вэ?

-Баримжаа бол байхгүй шүү. 40 гарчихсан хүн чинь...

-40 гарчихсан билүү?

-Одоо 43-тай шүү дээ. Улсын наадамдаа бол ба­рилдана. Харин зааланд залуустай яг тулаад барил­дана гэхээр амаргүй. Бэлт­гэл бол өөрийнхөө хэм­жээнд гайгүй л байгаа.

-Хэдэн жилийн өмнө Б.Батхуяг начингийн та­лаар хэлж байсан үгийг тань санаж байна. “Бат­хуяг ах одоо болимоор юм даа. Нас дээр гарчихлаа, дэвжээн дээр бэртвэл яана” гэж. Одоо өөрөө 40 гараад ирэхээр бас юу гэж бодогдож байна вэ, барилд­маар санагдаж байна уу?

-Тэр үед Б.Батхуяг гуай 50 гарчихсан байсан байх. Би бол 45 нас хүртэл барилдъя, түүнээс дээш бол дэмий юм гэсэн бо­дол­той явдаг. Залуучууд дороосоо олноороо гарч ирнэ, улсын цолтой бөх тиймээс дор унаад байхыг төдийлөн хүсдэггүй. 30 гараад барилдахаа больж буй бөхчүүд ч байна. Тэд­нийг буруутгах аргагүй. Ер нь тэгээд олон жил ба­рилдаад ирэхээр найраанд орлоо гэх мэт яриа үүсдэг болохоор цолоо авчихсан бөхчүүд болих үедээ боль­чихвол зөв л гэж боддог. Даян аварга А.Сүхбат, гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Ган­тогтох, Д.Сумъяа­базар гээд 30 гараад барил­дахаа больж, өөр салбарт хүчээ үзээд явах нь зөв юм байна гэж боддог.

-Үндэсний бөхөд зодог тайлах ёслол гэж огт хийдэггүй. Ер нь ийм үйл байх ёстой юу?

-Монгол бөхөд ийм ёслол байсан эсэхийг би сайн мэдэхгүй юм. Барил­да­хаа больчихоод байж байтал хэдэн жилийн да­раа­гаар нутгийнхаа ойг хүндлээд гарах хэрэг гарч болно шүү дээ. Жишээ нь одоо Д.Сумьяабазар авар­га, Ц.Цэрэнпунцаг гарьд, Б.Гантогтох гарьд нарыг эргээд дэвжээнээ гарахад хэн ч гайхахгүй. Тэгтэл зодог тайлчихсан байвал яах вэ?

 

БИ БӨХӨД ХҮН ХҮНЭЭС ОНЦГОЙ ДУРТАЙ БАЙСАН

-Таны биеийн өндөр хэд вэ?

-172 см.

-Багадаа бие багатай болохоор үндэсний бөхөөр барилдана гэхэд тань го­лох юмуу үл ойшоох ханд­лага ажиглагдаж байсан уу?

-Манай аав зодог шууд­гийг минь нууж бай­сан тал бий. “Миний хүү олигтой амжилт гаргахгүй байх” гэж бодож байсан байх. Бөх болно гэхээсээ ажил төрөл, сургууль соё­лын мөр хөөсөн нь дээр гэж, бөхийн секцэнд явуу­лахгүй гэсэн нь тэр л дээ. 16, 17 настайдаа дөнгөж 50 гаруйхан кг л жинтэй байлаа. Гэвч би бөхөд хүн хүнээс онцгой их дуртай байсан болохоор бэлтгэлээ хаяагүй, бөхөө орхиогүй юм. 1990-ээд онд Төмөр замын техникумд сурч байхад 50 гаруй хүүхэд чөлөөт бөхийн секцэнд явдаг байлаа. Гэтэл нэг л өдөр зах зээл гээд бүх хүүхдүүд амьдралаа хөө­гөөд яваад өгсөн. Дараа нь Ц.Сэрээтэр багш маань бас ажлаа өгөөд явсан, би ганцаараа дэвжээгээ са­хиад үлдэж байлаа. Үүний дараа “Хоршоолол” ний­гэм­лэгт М.Мөнгөн арс­лангийн секцэнд 60 гаруй­хан кг жинтэй хүүхэд очиж байсан. Тэнд том бөхчүүдийн гар хөлийн үзүүрт зарагдаад гүйж явах нь надад сайхан са­нагд­даг байлаа. Бөхийн орчинд байх нь л надад үнэхээр гоё байсан хэрэг.

-Өөрөө харьцангуй бие жижигтэй ч гэсэн аварга, арслангуудыг чамгүй л хаяж явсан. Дурсах дуртай “амттай” барилдаанаасаа яриач...?

-“Амттай”, сайхан гэх барилдаан олон биш. Яг үнэндээ санасандаа хүртэл барилдаж чадаагүй. Гарьд Д.Баяраа ах намайг наадмын тавын даваанд амлаж би улсын начин цол хүртсэн. Дараа нь улсад таван удаа гурав, дөрвөн удаа дөрөв давсан. Үүнээс илүү амжилт үзүүлж чадаагүй болохоор дурсаад байх барилдаан бараг үгүй.

-А.Сүхбат аваргыг хэд хэдэн удаа хаяж байсныг тань санаж байна. Авар­гыг давна гэдэг “амттай” баймаар юм. Танд бусгуу­лаад хацар нь шалбараад, хоромхон түрхүүлж байсан барилдаан бий дээ...

-Тэр үед аварга ид бай­сан. Өмнө нь зургаа дараа­лан унасан байлаа. Бө­хийн өргөөнд 2001 онд арслан цолтой байхад нь Аварга цолтны хүндэт­гэлийн барилдаанд давсан. Мөн Хасу барилдаан, Спор­тын төв ордны ба­рил­даан дээр давсан байдаг. Гэвч улсын наадамд том цолтой бөхийг хаясандаа бөхчүүд илүү баярладаг. Заалны барилдаанд бол байдаг л асуудал.

 

Ц.МАГАЛЖАВ “НАЙРААНД ОРООД БАЙНА” ГЭСЭН ÿРИАНААС БОЛООД БАРИЛДАХАА БОЛЬСОН

 

-Таны хүргэн дүү, ул­сын харцага Ц.Магал­жавыг барилдахаа боль­чихсонд хүмүүс гайхдаг. Яагаад барилдахаа боль­чихов?

-Ц.Магалжав 2006 онд харцага цол хүртсэн. Тэр­нээс хойш улсын наадамд гурван ч удаа тавын да­ваанд унасан юм. Гэтэл хүмүүс тавын даваанд унаад, найраанд ороод байна гэж ярьж эхэлсэн. Шударга сайхан барилд­чихаад найраанд ороод байна гэсэн нэр зүүхээр харамсалтай шүү дээ. Тий­мээс дүүтэйгээ ярил­цаж байгаад барилдахаа больсон.

-Харцага маань олны ярианаас эмзэглээд, гом­досхийгээд больсон юмаа даа?

-Гомдох ч юу байхав, монгол бөхийн нэр төр цэвэр байх ёстой. Унах хандлагатай байсан боло­хоор нэр төрөө цэвэр байл­гахын тулд барилдахаа больсон хэрэг.

-Миний санаж буйгаар “Аварга” дээд сургуульд арслан Х.Мөнхбаатар, олимпийн аварга Н.Түв­шин­баяр нар оюутан байх­даа байрлаж байсан. Одоо ч ирээдүйтэй залуус тэн­дээ байрлаж байгаа хэвээ­рээ юу?

-Одоо ч адилхан залуус байрлаж байгаа. Олим­пийн аварга Н.Түвшин­баяр, арслан Х.Мөнх­баа­тар, начин Э.Энхбат, Ш.Жар­галсайхан гэх мэт бөхчүүд байрлаж байсан. Б.Бат-Эрдэнэ аварга тэд­нийг гоц авьяастай, ирээ­дүйтэй хүүхэд гэдгийг нь эрт  таньсан болохоор тэн­дээ байрлуулж, бөхийн орчинд улам ойр болгосон нь тэр. Одоо ч аймгийн арслан Э.Оюунболд, Б.Но­мин­далай, Т.Мөнхтуяа /чөлөөт бөхийн ДАШТ-ний хүрэл медальт/ гэх мэтийн ирээдүйд амжилт гаргах магадлалтай хүүхдүүдийг хичээл ном, бэлтгэл сур­гуульд нь ойрхон байлгах үүднээс байрлуулж байгаа.

-“Аварга”-д байр­луулж буй залуус дэглэм сайн барих уу?

-Дэглэм барилгүй яа­хав. Архи дарс хэрэглэх байтугай ээмэг бөгж зүүх­гүй, үсээ будахгүй, бохь зажлахгүй гээд энгийн залуусын дунд хэвийн үзэгдэл болсон зүйл бай­даггүй. Манай сургууль мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэн, бие бялдрыг оюун, ухаан, дотоод сэт­гэл­тэй нь хамтад нь хөг­жүүлэхэд байнга анхаарч ажилладаг. Б.Бат-Эрдэнэ аварга энэ тал дээр өөрөө үлгэр дууриалтай хүн бо­ло­хоор бөх талаасаа, жудаг талаасаа ч сайн нөлөө үзүүлэх юм даа.

-Олон жил багшлаад ирэхээр шавь нарыгаа зүүдэлж, амжилтад хүрч байна гэж төсөөлөх нь их болох уу?

-Би зүүдэлж байсан гэж хэлэхгүй ээ. Гэхдээ жишээ нь одоо Дундго­вийн Э.Даш гээд нэг шавь маань бий. Өчигдөр сумын заануудын барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн байна лээ. Түүнтэй би түрүү жилээс хойш төлөв­лөгөө гаргаж, тулж ажил­лаж, амжилт гаргахын төлөө явж байна. Энэ мэ­тээр шавь нараа өдөр бүр л бодож, яавал амжилтыг нь ахиулахав, илүү сайн бөх, сайн хүн болгохов гэж бодож явдаг даа.

-Б.Адьяахүү хатуу багш уу, зөөлөн талдаа юу?

-Хатуудаа хатуу, зөө­лөндөө зөөлөн.

-Ажилдаа сур хэрэг­лэж байна уу?

-Сур хэрэглэнэ ээ. Зу­заан хонгыг нь дагуулаад ороолгох явдал байдаг. Тэглээ гээд гомдол санал гаргаад байдаггүй юм. Бид ч гэсэн Д.Сэрээтэр багш­даа ороолгуулж л бөх бол­сон. Гэхдээ энэ нь бухимд­сандаа биш тамирчин хүнд ажиллах чадвар гэж гол юм байна. Өндөр ачаалал­тай бэлтгэл хийж байгаа үед хэрэглэдэг л арга. Нуугаад яахав.

-Өөрөө Б.Бат-Эрдэнэ аваргатай хэдэн удаа хэр­хэн барилдаж байсан бэ?

-Би заалны барил­даанд дөрвөн удаа барил­даад, бүгдэд нь унасан. 1998 онд Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд аваргатай таа­рахдаа “Нэгэнт дийлэхгүй юм чинь” гэсэн байдлаар сулхан очсон юм. Тэгэхэд аварга надад “Зүгээр ба­рилд” гэж жаахан занд­ран­гуй байдлаар хэлж бай­сан. Тэгээд би байдгаа­раа барилдаад юм болоо­гүй л унасан. Тэвчээр ха­туужлын тал дээр би авар­гыг биширдэг. Хүн бяртай, мэхтэй байж болно. Харин тэвчээр хатуужил гэдэг бол гайхамшигтай чанар. Г.Өсөхбаяр, Д.Сумьяа­базар, Ц.Цэрэнпунцаг гуравтай дараалан барил­даад, бөхчүүдийн хэлээр бол гурвууланг “хялайл­гаад”, “Өөр барилдах хүн байна уу?” гээд зогсож байхыг нь  харж л байсан. Өөрөөсөө 10 гаруй дүү гурван бяртай, мундаг бөхчүүдтэй 2,3 цаг барил­дааны бэлтгэл хийчихээд ядарч байгаа юу гэвэл ядарч л байгаа, ам нь цан­гаж байгаа юу гэвэл цан­гаж л байгаа. Энэ чинь тэр хүний агуу тэвчээр л байх­гүй юу. 2005, 2006 онд УИХ-ын сонгуулийн тойр­гоо­роо хэдэн хоногийн турш явж ирчихээд амрал­гүйгээр шууд бөхийн бэлт­гэлээ хийж байсныг нь олон харж байсан.