Р.ГЭГЭЭ
Шагай шиг биетэй, шаламгай барилдаантай Бүдээбазарын Адьяахүү начин бөхийн төлөө өөрийгөө бүрэн зориулж яваа нэгэн. Уран хурц барилдаанаараа үзэгч олноо баясгаж явсан бөх эдүгээ олон сайхан шавийн багш болж, үндэсний бөхийнхөө хойч үеийг бэлдэж байна. Бөхийн өргөөнд шавь нарынхаа барилдааныг үзэж суухад нь начинтай уулзан ярилцсанаа толилуулж байна.
САЙН БАРИЛДАХ ХҮҮХДҮҮД СУРЛАГА МУУТАЙ БАЙДАГГҮЙ
-Шавь нарынхаа барилдааныг үзэхээр ирэв үү. “Аварга” дээд сургуульд багшлаад хэдэн жил өнгөрөв өө?
-Багшлаад 14 жил өнгөрчихлөө. Анх нээгдэхэд нь би багшаар орж байсан.
-Энэ хугацаанд суралцсан залуусаас хэд нь бөх, тамирчин болов оо?
-Нэг нарийн статистик дүн хэлнээ. 1000-аад хүүхэд манай сургуулийг төгссөн. Одоо 800 оюутан байна. Улсын цолтой бөхчүүд гэвэл Х.Мөнхбаатар арслан, М.Баяржавхлан гарьд нарын 15 бөх бий. Аймгийн цолтой 100, сумын цолтой 300 орчим залуу бий. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар болон Х.Эрдэнэт-Од, Х.Болдбаатар гээд гавьяат тамирчид байна. Бас УИХ-д гурван удаа сонгогдсон дархан аварга Б.Бат-Эрдэнэ манай сургуулийн үүсгэн байгуулагч нь.
-“Аварга”-д залуусыг хэрхэн сонгож авдаг вэ. Бөхийн сургууль болохоор сурлагаас гадна бие хаа, удам судрыг нь бас харах хэрэгтэй байдаг байх. Гэтэл бөх болох залуус сурлага муутай байгаад элсэлтийн шалгалтдаа тэнцэхгүй бол яах вэ?
-Сурлагын үзүүлэлт буюу ерөнхий шалгалтын оноог заавал хардаг. Ер нь сайн барилдах хүүхдүүд сурлага сайтай байдаг.
-Зарим бөх, тамирчид сургуульд явсан нэртэй л болдог гэдэг. Зарим нь бүр сургуулийнхаа хэддүгээр курст сурч буйгаа ч мартах шахчихсан явж байдаг...
-Жилийн чөлөө авчихсан залуус бол байдаг л даа. Жишээ нь, одоо Өвөрхангайн Батдорж жилийн чөлөө авчихсан байгаа. Иймэрхүү зүйл байдаг. Р.Пүрэвдагва начин гэхэд л 2003 онд манай сургуульд элсэж байсан. Тэгээд барилдахдаа голлон анхаарах гээд хэдэн жил сургуулиасаа чөлөө авч байгаад өнгөрсөн жил төгссөн.
-Тэгэхээр Р.Пүрэвдагва начин олон жил сурсан байх нь ээ... Гарьд П.Сүхбатыг бас арав гаруй жил сурсан тухай яриа байдаг юм билээ...
-Тийм ээ, найман жил сурсан. Гэхдээ Р.Пүрэвдагва өнгөрсөн жил дөрөвдүгээр курстээ их сайн сууж, улсын шалгалтуудаа амжилттай өгч төгссөн. П.Сүхбат гарьдийн сурсан тэр жишгээр бол тэмцээнд эрчимтэй оролцох үед сургууль орхигдох тал тамирчдад байдаг. Гэвч сургуулийн диплом бол үнэ цэнэтэй, тодорхой хэмжээний кредитийг цуглуулж байж л төгсөх ёстой гэсэн зарчмаа чанд баримталдаг.
-Өөрөө ид барилдаж байх үедээ л багш болоод, шавь нар бэлдээд эхэлсэн. Тухайн үед хэцүү байсан уу?
-30 хүрээгүй л багш болсон. Цолоо баталчих юмсан гэж бодож бэлтгэл хийж байсан үе. Гэвч багш болоод ирэхээрээ өөрийнхөө амжилтыг гэхээсээ илүү шавь нараа боддог юм билээ. Аль алийг нь хөөгөөд явна гэхээр ажил цалгардах тал гарах гээд байсан.
-Өөрийг чинь анх шавь нар бэлтгэж эхлэх үед “Адьяахүү залуустай байнга барилдсаар байгаад бэлтгэл сайтай болчихож” гэж хүмүүс ярьж байсан. Үнэхээр тийм тал байсан уу?
-Эхний хоёр, гурван жил бэлтгэл сайн хийж байсан. Гэхдээ одоо ч гэсэн би долоо хоногийн 3 өдөр оюутнуудтайгаа барилддаг. Хүүхдүүдэд юу дутагдаж байна, ямар алдаа оноо байна вэ гэдгийг биеэрээ барилдаж байж л мэдэрдэг. Нөгөө талаар, би хэдэн жил барилдчихсан хүн болохоор надтай барилдахаар шавь нар барилдаан сайн сурдаг гэж боддог. Ш.Жаргалсайхан, Б.Пүрэвсайхан, Э.Энхбат, Н.Түвшинбаяр тэгээд одоо Э.Оюунболд, Э.Даш гээд би бүгдтэй нь л байнга барилддаг. Багшаасаа ч барилдаан сураг, би эргээд шавь нартаа юу дутагдаад байна, юу хэрэгтэй байна вэ гэдгийг барилдаж байж мэдэж авдаг.
-Одоо заалны барилдаанд гарвал хэд давна гэсэн багцаа байна вэ?
-Баримжаа бол байхгүй шүү. 40 гарчихсан хүн чинь...
-40 гарчихсан билүү?
-Одоо 43-тай шүү дээ. Улсын наадамдаа бол барилдана. Харин зааланд залуустай яг тулаад барилдана гэхээр амаргүй. Бэлтгэл бол өөрийнхөө хэмжээнд гайгүй л байгаа.
-Хэдэн жилийн өмнө Б.Батхуяг начингийн талаар хэлж байсан үгийг тань санаж байна. “Батхуяг ах одоо болимоор юм даа. Нас дээр гарчихлаа, дэвжээн дээр бэртвэл яана” гэж. Одоо өөрөө 40 гараад ирэхээр бас юу гэж бодогдож байна вэ, барилдмаар санагдаж байна уу?
-Тэр үед Б.Батхуяг гуай 50 гарчихсан байсан байх. Би бол 45 нас хүртэл барилдъя, түүнээс дээш бол дэмий юм гэсэн бодолтой явдаг. Залуучууд дороосоо олноороо гарч ирнэ, улсын цолтой бөх тиймээс дор унаад байхыг төдийлөн хүсдэггүй. 30 гараад барилдахаа больж буй бөхчүүд ч байна. Тэднийг буруутгах аргагүй. Ер нь тэгээд олон жил барилдаад ирэхээр найраанд орлоо гэх мэт яриа үүсдэг болохоор цолоо авчихсан бөхчүүд болих үедээ больчихвол зөв л гэж боддог. Даян аварга А.Сүхбат, гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Д.Сумъяабазар гээд 30 гараад барилдахаа больж, өөр салбарт хүчээ үзээд явах нь зөв юм байна гэж боддог.
-Үндэсний бөхөд зодог тайлах ёслол гэж огт хийдэггүй. Ер нь ийм үйл байх ёстой юу?
-Монгол бөхөд ийм ёслол байсан эсэхийг би сайн мэдэхгүй юм. Барилдахаа больчихоод байж байтал хэдэн жилийн дараагаар нутгийнхаа ойг хүндлээд гарах хэрэг гарч болно шүү дээ. Жишээ нь одоо Д.Сумьяабазар аварга, Ц.Цэрэнпунцаг гарьд, Б.Гантогтох гарьд нарыг эргээд дэвжээнээ гарахад хэн ч гайхахгүй. Тэгтэл зодог тайлчихсан байвал яах вэ?
БИ БӨХӨД ХҮН ХҮНЭЭС ОНЦГОЙ ДУРТАЙ БАЙСАН
-Таны биеийн өндөр хэд вэ?
-172 см.
-Багадаа бие багатай болохоор үндэсний бөхөөр барилдана гэхэд тань голох юмуу үл ойшоох хандлага ажиглагдаж байсан уу?
-Манай аав зодог шуудгийг минь нууж байсан тал бий. “Миний хүү олигтой амжилт гаргахгүй байх” гэж бодож байсан байх. Бөх болно гэхээсээ ажил төрөл, сургууль соёлын мөр хөөсөн нь дээр гэж, бөхийн секцэнд явуулахгүй гэсэн нь тэр л дээ. 16, 17 настайдаа дөнгөж 50 гаруйхан кг л жинтэй байлаа. Гэвч би бөхөд хүн хүнээс онцгой их дуртай байсан болохоор бэлтгэлээ хаяагүй, бөхөө орхиогүй юм. 1990-ээд онд Төмөр замын техникумд сурч байхад 50 гаруй хүүхэд чөлөөт бөхийн секцэнд явдаг байлаа. Гэтэл нэг л өдөр зах зээл гээд бүх хүүхдүүд амьдралаа хөөгөөд яваад өгсөн. Дараа нь Ц.Сэрээтэр багш маань бас ажлаа өгөөд явсан, би ганцаараа дэвжээгээ сахиад үлдэж байлаа. Үүний дараа “Хоршоолол” нийгэмлэгт М.Мөнгөн арслангийн секцэнд 60 гаруйхан кг жинтэй хүүхэд очиж байсан. Тэнд том бөхчүүдийн гар хөлийн үзүүрт зарагдаад гүйж явах нь надад сайхан санагддаг байлаа. Бөхийн орчинд байх нь л надад үнэхээр гоё байсан хэрэг.
-Өөрөө харьцангуй бие жижигтэй ч гэсэн аварга, арслангуудыг чамгүй л хаяж явсан. Дурсах дуртай “амттай” барилдаанаасаа яриач...?
-“Амттай”, сайхан гэх барилдаан олон биш. Яг үнэндээ санасандаа хүртэл барилдаж чадаагүй. Гарьд Д.Баяраа ах намайг наадмын тавын даваанд амлаж би улсын начин цол хүртсэн. Дараа нь улсад таван удаа гурав, дөрвөн удаа дөрөв давсан. Үүнээс илүү амжилт үзүүлж чадаагүй болохоор дурсаад байх барилдаан бараг үгүй.
-А.Сүхбат аваргыг хэд хэдэн удаа хаяж байсныг тань санаж байна. Аваргыг давна гэдэг “амттай” баймаар юм. Танд бусгуулаад хацар нь шалбараад, хоромхон түрхүүлж байсан барилдаан бий дээ...
-Тэр үед аварга ид байсан. Өмнө нь зургаа дараалан унасан байлаа. Бөхийн өргөөнд 2001 онд арслан цолтой байхад нь Аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд давсан. Мөн Хасу барилдаан, Спортын төв ордны барилдаан дээр давсан байдаг. Гэвч улсын наадамд том цолтой бөхийг хаясандаа бөхчүүд илүү баярладаг. Заалны барилдаанд бол байдаг л асуудал.
Ц.МАГАЛЖАВ “НАЙРААНД ОРООД БАЙНА” ГЭСЭН ÿРИАНААС БОЛООД БАРИЛДАХАА БОЛЬСОН
-Таны хүргэн дүү, улсын харцага Ц.Магалжавыг барилдахаа больчихсонд хүмүүс гайхдаг. Яагаад барилдахаа больчихов?
-Ц.Магалжав 2006 онд харцага цол хүртсэн. Тэрнээс хойш улсын наадамд гурван ч удаа тавын даваанд унасан юм. Гэтэл хүмүүс тавын даваанд унаад, найраанд ороод байна гэж ярьж эхэлсэн. Шударга сайхан барилдчихаад найраанд ороод байна гэсэн нэр зүүхээр харамсалтай шүү дээ. Тиймээс дүүтэйгээ ярилцаж байгаад барилдахаа больсон.
-Харцага маань олны ярианаас эмзэглээд, гомдосхийгээд больсон юмаа даа?
-Гомдох ч юу байхав, монгол бөхийн нэр төр цэвэр байх ёстой. Унах хандлагатай байсан болохоор нэр төрөө цэвэр байлгахын тулд барилдахаа больсон хэрэг.
-Миний санаж буйгаар “Аварга” дээд сургуульд арслан Х.Мөнхбаатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар оюутан байхдаа байрлаж байсан. Одоо ч ирээдүйтэй залуус тэндээ байрлаж байгаа хэвээрээ юу?
-Одоо ч адилхан залуус байрлаж байгаа. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, арслан Х.Мөнхбаатар, начин Э.Энхбат, Ш.Жаргалсайхан гэх мэт бөхчүүд байрлаж байсан. Б.Бат-Эрдэнэ аварга тэднийг гоц авьяастай, ирээдүйтэй хүүхэд гэдгийг нь эрт таньсан болохоор тэндээ байрлуулж, бөхийн орчинд улам ойр болгосон нь тэр. Одоо ч аймгийн арслан Э.Оюунболд, Б.Номиндалай, Т.Мөнхтуяа /чөлөөт бөхийн ДАШТ-ний хүрэл медальт/ гэх мэтийн ирээдүйд амжилт гаргах магадлалтай хүүхдүүдийг хичээл ном, бэлтгэл сургуульд нь ойрхон байлгах үүднээс байрлуулж байгаа.
-“Аварга”-д байрлуулж буй залуус дэглэм сайн барих уу?
-Дэглэм барилгүй яахав. Архи дарс хэрэглэх байтугай ээмэг бөгж зүүхгүй, үсээ будахгүй, бохь зажлахгүй гээд энгийн залуусын дунд хэвийн үзэгдэл болсон зүйл байдаггүй. Манай сургууль мэндлэх, хүндлэх ёсыг эрхэмлэн, бие бялдрыг оюун, ухаан, дотоод сэтгэлтэй нь хамтад нь хөгжүүлэхэд байнга анхаарч ажилладаг. Б.Бат-Эрдэнэ аварга энэ тал дээр өөрөө үлгэр дууриалтай хүн болохоор бөх талаасаа, жудаг талаасаа ч сайн нөлөө үзүүлэх юм даа.
-Олон жил багшлаад ирэхээр шавь нарыгаа зүүдэлж, амжилтад хүрч байна гэж төсөөлөх нь их болох уу?
-Би зүүдэлж байсан гэж хэлэхгүй ээ. Гэхдээ жишээ нь одоо Дундговийн Э.Даш гээд нэг шавь маань бий. Өчигдөр сумын заануудын барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн байна лээ. Түүнтэй би түрүү жилээс хойш төлөвлөгөө гаргаж, тулж ажиллаж, амжилт гаргахын төлөө явж байна. Энэ мэтээр шавь нараа өдөр бүр л бодож, яавал амжилтыг нь ахиулахав, илүү сайн бөх, сайн хүн болгохов гэж бодож явдаг даа.
-Б.Адьяахүү хатуу багш уу, зөөлөн талдаа юу?
-Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн.
-Ажилдаа сур хэрэглэж байна уу?
-Сур хэрэглэнэ ээ. Зузаан хонгыг нь дагуулаад ороолгох явдал байдаг. Тэглээ гээд гомдол санал гаргаад байдаггүй юм. Бид ч гэсэн Д.Сэрээтэр багшдаа ороолгуулж л бөх болсон. Гэхдээ энэ нь бухимдсандаа биш тамирчин хүнд ажиллах чадвар гэж гол юм байна. Өндөр ачаалалтай бэлтгэл хийж байгаа үед хэрэглэдэг л арга. Нуугаад яахав.
-Өөрөө Б.Бат-Эрдэнэ аваргатай хэдэн удаа хэрхэн барилдаж байсан бэ?
-Би заалны барилдаанд дөрвөн удаа барилдаад, бүгдэд нь унасан. 1998 онд Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд аваргатай таарахдаа “Нэгэнт дийлэхгүй юм чинь” гэсэн байдлаар сулхан очсон юм. Тэгэхэд аварга надад “Зүгээр барилд” гэж жаахан зандрангуй байдлаар хэлж байсан. Тэгээд би байдгаараа барилдаад юм болоогүй л унасан. Тэвчээр хатуужлын тал дээр би аваргыг биширдэг. Хүн бяртай, мэхтэй байж болно. Харин тэвчээр хатуужил гэдэг бол гайхамшигтай чанар. Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар, Ц.Цэрэнпунцаг гуравтай дараалан барилдаад, бөхчүүдийн хэлээр бол гурвууланг “хялайлгаад”, “Өөр барилдах хүн байна уу?” гээд зогсож байхыг нь харж л байсан. Өөрөөсөө 10 гаруй дүү гурван бяртай, мундаг бөхчүүдтэй 2,3 цаг барилдааны бэлтгэл хийчихээд ядарч байгаа юу гэвэл ядарч л байгаа, ам нь цангаж байгаа юу гэвэл цангаж л байгаа. Энэ чинь тэр хүний агуу тэвчээр л байхгүй юу. 2005, 2006 онд УИХ-ын сонгуулийн тойргоороо хэдэн хоногийн турш явж ирчихээд амралгүйгээр шууд бөхийн бэлтгэлээ хийж байсныг нь олон харж байсан.