Бэлтгэсэн Д.ЖАВХЛАН

“Mongolia open” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өнгөрсөн долоо хоногт амжилттай болж өндөрлөлөө. Гурав дахь удаагийн энэхүү тэмцээний 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Япон Улсын шигшээ багийн тамирчин Ватари Риотой ярилцлаа.

 

-Юуны өмнө “Mongolia open”-д зодоглосон танд баярлалаа. Хэрэв та  ирээгүй бол манай бөх сонирхогчид энэ удаагийн тэмцээнд сэтгэл дундуур үлдэх байлаа?

-Үнэхээр тийм гэж үү. Урам хайрласанд баярла­лаа. Энэ тэмцээн миний төсөөлж байснаас хавьгүй сайхан болсон. Би “Mon­golia open”-д анх удаа зодоглож байна. Монго­лын дэвжээ миний энгэ­рийг мөнгөн медалиар мя­лаа­сан ч надад хангалттай биш байна. Би энэ тэм­цээнд их хөлс, хүч, цаг заваа зарцуулсан. Тий­мээс миний авах медалийн өнгө шар байх ёстой.

-Хоёр сарын өмнө чө­лөөт бөхийн Дэлхийн цо­мын тэмцээн манай оронд болсон. Энэ тэмцээнд таны барилдсан жинд Япо­ны ирээдүйтэй бөх гэгддэг Ито Юрика мөнгөн медаль хүртээд буцсан. Миний ойлгож байгаагаар Ито Юрика 63 кг-ын жинд улсдаа чансаагаар тэр­гүүл­дэг гэнэ лээ. Тэгэ­хээр танд манай бөхийг ялах боломж бараг л байх­гүй гэсэн үг?

-Та Ито Юрикаг хэт дөвийлгэх хэрэггүй. Таны хэлээд буй тэр чансаа тухайн үед л түүнийг тор­дож байсан хэрэг. Гэтэл тэр боломжоо бүрэн ашиг­лаж чадаагүй. Бидэн шиг залуу тамирчид шилдгүү­дээс алдаа хайх гэх мэтийн хөнгөн зүйлээр өөрсдий­гөө хуурах нь зохимжгүй. Бидний өрсөлдөгч бүгд адилхан гар, хөлтэй хүмүүс.

-Та ч мөн ялах болом­жоо ашиглаж чадаагүй биз дээ?

-Уучлаарай, харин тэг­лээ. С.Батцэцэг бид хоёр энэ удаа тал таарсангүй. Сандарлаас гарах гэсээр байтал тэр намайг цэвэр дарчихсан. Тэр барилдаан дэндүү хурдан өрнөсөн. Би түүнд зориулсан мэхээ бүрэн гаргаж чадаагүй. Дараа түүнтэй таарвал бэлдсэн мэхээ илүү тор­дож бэлэг барих болно.

-Ямар бэлэг байх бол?

-Би яараагүй байхад та юунд догдлоно вэ. Та тэв­чээртэй хүлээ. Би С.Бат­цэцэгт барих гэнэтийн бэлгээ багшаасаа хүртэл нууж байгаа. Энэ тэм­цээнд гаргаагүй нь миний олз боллоо.

-Та Монголд ирэхээс өмнө түүний барилдааныг дутуу судалжээ?

-Надад түүнтэй хол­боо­той Дэлхийн цомын тэмцээний ганцхан бичлэг байна.

-С.Батцэцэгийн олим­пийн наадмаас хүрэл ме­даль хүртсэн бичлэг нь танд байхгүй гэж үү?

-Бурхан минь тэр олим­пийн наадмаас медаль хүртсэн хэрэг үү.  

-Бас болоогүй 2010 оны дэлхийн аварга шүү дээ?

-Тэгвэл намайг уучлаарай. Би түүний талаар арай болчимгүй зүйл ярьчихлаа. Нээрэн дэвжээний ард бэлтгэл хийх үед түүний царай нэг л танил санагдаад байсан юм. Тэгвэл би морьтой яваа юм байна. Энэ тэм­цээнд бөмбөрцгийн шил­дэг бөхтэй гар зөрүүлнэ чинээ бодсонгүй.

-Та цаашид 63 кг-даа барилдах уу?

-Энэ жин надад хэзээ нэгэн цагт аз авчрах юм шиг санагддаг. Тиймээс зорилго, зөн совингоосоо буцах зам байхгүй.

-Та чөлөөт бөхийн спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?

-Би долоон настайгаа­саа энэ спортод хөл тавь­сан. Энэ жил 20 нас хүрч байна. Надад ид амжилт гаргах найман жилийн хугацаа бий. Нэг үгээр хэлбэл 2016, 2020 оны олимп миний амьдралын утга учир гэхэд болно. 

-2020 оны олимпийн дараа таны амьдрал хэрхэн үргэлжлэх бол?

-Сонин асуулт байна. Энэ тухай ер бодож байгаа­гүй юм байна. Бө­хийн спортод бүх зүйлээ зо­лиос­лосон намайг шин­гээх газар олдох байлгүй дээ.

-Хэрэв та олимпийн аварга болчихвол яах вэ?

-Миний үзэл бодол хэзээ ч хувирахгүй. Бөхийн спортдоо үнэнч хэвээр үлдэнэ. Би долоон настайгаасаа энэ шийдвэрийг гаргасан шүү дээ. /Инээв/

-2016 оны Рио де Жанейрогийн дэвжээнд та С.Батцэцэгтэй дахин таарвал яаж барилдах вэ?

-Түүнд бэлдсэн нөгөө бэлгээ наана нь задалчихвал, хоёр хажуугаас нь дайралт хийх бо­дол­той байна. Гэх­дээ би амлаагүй шүү. Ямар ч хувил­бар байж болно. 

-Түүнийг олимпоос хойш хамгийн их сандар­гасан бөх нь та байлаа?

-Эхний үед давхар хамах мэхээр оноо авч тэргүүлсэн боловч хариу мэхэнд орж давамгайллаа үгүй хийсэн. Тэгээд хоёрдугаар үеэс би түүний барилдааны арга барилд хөтлөгдчихсөн.  

-Та Монголын шилдэг бөхийг нэрлэхгүй юу?

-Би уг нь энэ тэм­цээнд аваргалах санаатай ирсэн. Гэтэл С.Батцэцэг надаас хол тасархай хүчтэй юм билээ. Түүнийг өдий зэрэгтэй бөх болгосон жингийн өрсөлдөгч нар нь шилдэг гэхээс өөр үг олдохгүй байна.   

Ярилцсанд баярлалаа. 2016 оны олимпод дахин уулзахын ерөөлөөр ярилцлагаа өндөрлүүлье?

-Баярлалаа. Намайг дэмжээрэй. Би хичээх болно.