1911-1980-аад он

Н.БАТМӨНХ

Цэнджавын Содов Сайн ноён хан аймгийн Саруул гүний хошуу, одоогийн Архангай аймгийн Хайрхан сумын нутагт 1911 оны төмөр гахай жил эмэгтэй Цэнджавын хүү болон төржээ. 1933 онд цэргийн албанд 22 настай мордож Халх голын 18 дугаар морьт хороонд хуваарилагдан цэргийн алба хааж байхдаа цэргийн хорооны наадамд барилдан түрүүлснээр бөхийн гараагаа эхэлжээ.

Дорнод аймгийн баяр наадамд анх барилдан зургаа давж аймгийн начин цолыг авчээ. Цэргийн алба хаагаад орон нутагтаа ирж нутгийн бүсгүй Дэмбээтэй гэр бүл болон амьдарчээ. 1939 онд аймгийнхаа баяр наадамд дахин барилдаж Завхан аймгийн харьяат “Гогор” хэмээх улсын заан Я.Дорлигийг хаяж түрүүлж аймгийн арслан цол авчээ. Дараа жил нь аймгийнхаа баяр наадамд тэр үедээ улсын заан цолтой байсан “Аат” хэмээх Лувсанжамцыг хаяж ахин түрүүлж байжээ. Тэгээд 1943 оны улсын баяр наадамд ирж анх удаа барилдан 512 бөхөөс найм давж үзүүрлэж 32 насандаа улсын арслан цол авчээ. 1945 онд 512 бөхөөс дөрөв давж Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, залуу бөх Цэдэн-Ишийн Цэвээнд өвдөг шороодсон.

1951 онд 1024 бөхөөс зургаа давж, долоогийн даваанд даян аварга Ц.Чимэд-Очирт өвдөг шороодон үнэн хүчит чимэг авчээ. Үүнээс гадна бүрэн бус мэдээгээр улсын баяр наадамд 1946 онд хоёр, 1948 онд онд гурав давжээ.

Ц.Содов арслангийн тухай бөхийн холбогдолтой номуудад түүнийг 1934 оны улсын баяр наадамд тав давж начин цол авсан гэж бичсэн нь ташаа бөгөөд тэр жилийн наадамд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат Дэлэгийн (Шадав) Содов гэдэг хүн тав давж начин цол авч байсан байна. Мөн 1942 оны улсын баяр наадамд долоо давсан гэсэн нь тэр үеийн баяр наадмын бөхийн цуваанд нэр нь байхгүй байгаа юм. Иймээс материал олдохгүй байгаа учир 1943 оноос улсын баяр наадамд анхлан барилдсан болов уу гэсэн дүгнэлтэд хүрдэг.

Ц.Содов арслангийн ээж нь их хүч тэнхээтэй хүн байжээ. Ээж Цэнджав нь бүтэн үхрийн махыг үүрч нэлээд газар явдаг, бухыг хоёр эврээс нь барьж газар мөргүүлдэг, 79 настайдаа бэрээ үхсэн бяруу авчирч чадсангүй гээд өөрөө саахалтын газраас үүрээд авчирч байсан гэдэг. Ц.Содов арслан ийм л бяр тэнхээтэй хүний удмын бөх байжээ. Тэр биеэр өндөргүй, мах булчин тэнцүүхэн, дугуй бор царайтай, дээд уруулдаа тачирхан сахалтай, хүнтэй барилдахдаа явган сууж өрдөг учир “суугаа” гэж нэршсэн байна. Тэрээр харваж дайрах, суйлах, бариут гуд татах, баруун зүүн талаараа тонгорох, өмсөх, барьцтай, барьцгүй орж өргөх мэхүүдийг хийдэг, хараа сайтай, хүний хийж байгаа мэхийг сайн хариулдаг барилдааны ур чадвар сайтай бөх байжээ.

“Аат” хэмээх Д.Лувсанжамц арслантай нэг довонд төрсөн, өссөн зан арга барилаа сайн мэдэх учир түүний жишээгээр л аатай, ухарч гишгэдэггүй барилддаг бөх байжээ. Ц.Содов арслан 1960-аад оны үед улсын баярн наадамд засуулаар ажилладаг байв. Тэрээр хожим нь өрөөсөн хөлөө гэмтээж тайруулсан бөгөөд малаа нийгэмчлэхгүй хэмээн зүтгэснээс нам, засгийн шийдвэр эсэргүүцсэн гэгдэж шоронд орж байжээ. Тэрээр амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Булган аймгийн төвд ядруухан амьдарч байгаад 1980-аад оны сүүлчээр насан хутгийг олжээ.