Д.ГАНБОЛД

Бөх сонирхогч

 

Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрсөн хугацаанд бөхийн 40 гаруй өөрчлөлт, шинэчлэл хийж дүрэм журамдаа тусгасан сайн тал бий. Харин тэр бүхэн нь үр дүнд хүрсэн үү гэвэл үгүй юм. Иймээс Монгол үндэсний бөхийн шинэчлэлд өөрийн саналаа хэлье гэж бодлоо. Би бөхөд залуу насаа зориулж явсан болохоор сэтгэл минь дандаа тэр зүгт байдаг юм. Иймээс хэдэн чиглэлээр тодорхой зүйл бичихийг хичээлээ. Тэхдээ хэн нэгэнд таалагдах, эсвэл хэн нэгнийг буруутгах гэсэнгүй билээ л.

 

1. ШАХААНЫ БАРЬЦЫГ ОДООХОН ОРХИЕ

Шахааны барьц буюу олны дунд нэршсэнээр “үхлийн барьц”-ы тухай санал байна. Үүнийг монгол бөхийн барилдааныг түргэн шуурхай болгох үүднээс МҮБХ цэцдийн зөвлөлийнхөө хурлаар багагүй хугацаанд хэлэлцэж байж шийдэн дүрэм, журамдаа тусгасан байдаг. Гэтэл энэхүү барьц нь стандарт бус учир тодорхой уршиг дагуулж байгаа юм. Монгол бөхийн уламжлалд ч байгаагүй энэ шахааны барьц гэдэг нь бөхчүүд унахдаа бэртэх нь элбэг учир тамирчны эрүүл мэнд, бие махбодийг аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй нь харагдаж байна. Хүний эрх зөрчигдөж байгаа ч гэж хэлж болно. Бөх судлаач, эрдэмтэд ч ингэж үздэг юм билээ. Үүнээс үүдээд монгол бөхчүүдийн барилдаан яагаад удааширсан бэ гэсэн асуулт гарч ирж байна. Нэгдүгээр шалтгаан нь мөрний барьц үгүй болсон явдал. Мөрний барьц үгүй болгосон гэдэг нь далбааг саран болгож өөрчилсөн. Үүнийг нь стандарт гэж зөвшөөрсөн явдал юм. Ер нь монгол бөхөд мөрний барьц хамгийн хэрэгтэй. Ямар ч мэх хийхэд чөлөөтэй учир барилдаан түргэн шуурхай байхын эхлэл тэр гэж болно. Өмсөх мэх яагаад ховордов гэдэг. Мөрний барьц байхгүйх шүү дээ. Бидний хайртай багш, улсын харцага Ч.Өвгөнхүүгийн тохох мэхийг хэн ч хийхгүй байгаа. Аварга Ч.Бээжингийн, заан Д.Мягмарын хөл суйлаа бас л мөрний барьцнаас хийдэг мэх. Монгол бөхийн мэх ховордсон нь зодог, шуудагны уламжлалыг алдагдуулсных гэдгийг л ийм жишээгээр ойлгож болно. Шахааны барьцнаас болж бөхийн сургуулийн багш нар, клуб, дэвжээний дасгалжуулагч нар үндэсний бөхийн уламжлалт гоё мэхнүүдийг заах биш шахааны барьц яаж барих, энэ барьцанд унахгүй байх төдийг л заахад хүрч байна. Тэгэхээр шахааны барьцыг халах ганц арга зодогны тэр саран гэж өргөмжилж буй буруу шийдлийг л өөрчлөхөд буй юм. Эцэст нь хэлэхэд Монгол үндэсний бөхийг ЮНЕСКО-д бүртгүүлье гэхэд шахааны барьц л саад болно. Яагаад гэхээр хүний эрх зөрчигдөж байна. Бас эрүүл мэндэд нөлөөлж байгаагаараа харгис шинж чанартай ч харагдаж магадгүй. Иймээс шахааны барьцыг халах саналтай байгаа юм шүү.

Үргэлжлэл бий.