Д.ЦЭРЭННАДМИД

 

Чөлөөт бөхийн “Mongolian Open” “А” зэрэглэ­лийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өд­рүү­дэд болж өнгөрлөө. Гурав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд Монгол, БНСУ, БНХАУ, Болгар, Казахс­тан, Киргизстан, ОХУ, Япон гэсэн найман орны 157 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд авхаалж самбаагаа сорьсон юм. Өрсөлдөөн ямар байсан тухай энд дүгнэн бичих илүүц санагдана. Тэмцээн бол­сон Буянт-Ухаагийн спорт ордонд үзэгчид цөөн бай­сан ч хэд хэдэн телевиз барилдааныг шууд дам­жуул­сан болохоор сонир­хогчид өөр өөрсдийнхөө­рөө л дүгнэсэн биз. Бөх сонирхогчдын гадуурх яриа­наас харахад “Ямар тааруухан тэмцээн болов доо” гэсэн үг олон хүнээс сонслоо. Өнгөрсөн хавар болсон улсын аварга шал­гаруулах тэмцээн, дэл­хийн цомын эмэгтэй­чүү­дийн багийн аварга шалга­руулах тэмцээн гээд үзүүш­­тэй, гал гарам олон гоё өрсөлдөөн тэндээс үз­сэн болохоор “Mongolia Open” үнэхээрийн дутмаг болсон нь үнэн.

Бас өмнөх жилүүдийх нь тэмцээний тухай эерэг дурсамж өнөө хүртэл яриг­даж ирсэн шүү дээ. Ер нь улсын аварга шалгаруулах тэмцээнийг давтаад үзчих шиг боллоо гэх хүн ч таа­рал­дав. Яах ч аргагүй олонх жинд манайхан дан­гаараа өрсөлдсөн болохоор тэр биз. Өмнөх хоёр жи­лийн тэмцээнд гадаадаас олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд олон ирж, өрсөлдөөнийг их болгож байсан. Тэгвэл энэ жил гаднаас тун цөөн тамир­чин ирж. Тэдний дотор ДАШТ-ийн хүрэл ме­дальт, “Бээжин-2008” олим­пийн наадмын тавду­гаар байрын шагналт Кир­гизстаны бөх Базар Базар­гуриевээс өөр цол гун­шин­тай тамирчин бараг байсангүй нь үзэгчдэд чамлалттай санагдсан бай­хаа. Гадаадын бөхчүү­дийн олонхи нь шинэ за­луу тамирчин байв. Тий­мээс манай шилдгүүдэд тэд юм болохгүй нь илт байлаа. Тухайлбал олим­пийн мөнгөн медальт, дэл­хийн аварга С.Батцэцэг, Азийн аварга Г.Мандах­наран, О.Насанбурмаа нартай өрсөлдөх бөх ганц ч харагдсангүй гэж болноо доо. С.Батцэцэгтэй 63 кг-д хүч үзсэн Японы Рио Ватаририо гэхэд улсынхаа шигшээд дөрөвдүгээр багт нь багтдаг тамирчин юм билээ. Тэр бөхийн хөгжил сайтай орны тамирчин гэдгээ харуулж гайгүй барилдсан ч дэлхийн авар­гад маань цэвэр тавиул­сан. Уг нь Иван Ярыги­ний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээний мөн­гөн медальт бөх юм билээ.

Бас эмэгтэй хамгийн хөнгөн жинд Японы Анна Ивамуре гэдэг охин гавьяат тамирчин Ц.Энх­жаргал, түүний ор залган гарч ирж буй ОУХМ Э.Нарангэрэл нарыг ялж гадаадын бөхчүүдээс ган­цаараа алтан меда­лийн эзэн болсон. Энэ нь уг жинд манайд бөх бэлт­гэгдээгүйг дахин харуу­лав. Энэ чигээрээ байвал Ц.Энхжаргал гавьяат хой­тон улсын аваргаар 13 да­хиа түрүүлэх боломж ч байж магадгүй нь л дээ. Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчилж байгаа гэдэг. Удирдлагаасаа эх­лээд шинэчлэгдэж буй л байх. Гэтэл холбооны үйл ажил ямар байгааг харуулах гацн зүйл нь Монголын тамирчдын дэлхийн тав­цанд эзлэх байр суурь. Үнэнийг хэлэхэд Монго­лын чөлөөт бөхийн амжилт эмэгтэйчүүдээ л өмнөө барихгүй бол сүүлийн жилүүдэд улам доошилсон шүү дээ. Тив, дэлхийн тэмцээнд чөлөөтийнхөн явлаа гэхэд нөгөө С.Батцэцэг бас О.Бурмаа, Б.Одончмиэг нар л нэг юм авчирна даа гэж горьддог. Тэд ч хоосон ирдэггүйд баярладаг. Эрэгтэй­чүүдийн хувьд найдвар тун муу. Сурвалжлагынхаа эхэнд тэмцээнээс төрсөн бодлоо илэрхийлэхэд ийм. Одоо уг тэмцээнийхээ дүнд анхаарал хандуулъя.

Багийн дүнгээр Монголын баг 13 алт, 11 мөнгө,  20 хүрэл медаль авч тасархай түрүүллээ.  Тэгэхээс аргагүй шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй нийт 14 жингийн 30-40 хувьд манайханд гадны олигтой өрсөлдөгч байгаагүй. Эмэгтэй 67 кг-д гэхэд манай дөрвөн тамирчин тойргийн журмаар барилдаж гурав нь медалийн тавцанд зогссон жишээ байна. Манай тамирчид энэ тэмцээний хамаг медалийг хамсан нь сайхан л хэрэг. Харин чухам хэнтэй өрсөлдөв гэдэгт МЧБХ, бөхийн мэргэжилтнүүд дүгнэлт хийх нь чухал байна. Тамирчдын хувьд буруугүй, барилддагаараа л барилдсан. Энэ жил гаднаас яагаад цөөн тамирчин ирэв. Яагаад шилдгүүдээс ирсэнгүйв гэдгийг бөхийн мэргэжилтнүүдээс лавлахад шагналтай нь холбоотой гэж байх юм. Тэмцээнийг “Алтай констракшн” компани ивээн тэтгэсэн бөгөөд алтан медальтанд 1500, мөнгөн медальтанд 1000, хүрэл медальтанд 500 ам.долларын шагнал олгосон юм. Сонсоход боломжийн шагнал санагдавч ноднингийнхоосоо 50 хувь доошилсон нь “нэгийг хэлээд” байна л даа.

-Өмнөх “Mongolia Open”-д аваргалсан бөх 3000 ам.долларын шагнал хүртэж байсан. Гэтэл энэ жилийн тэмцээний шагналын сан илт буурсан. Энэ нь гадаадаас ирэх тамирчдын тоо, чанарт нөлөөлсөн нь мэдээж гэж зарим дасгалжуулагч ундууцангуй хэлж байна лээ. Тэгэхээр дараа жилийн тэмцээнд ирэх улс орон, тамирчдын тоо улам цөөрөх болов уу. Тэгээд “Mongolian Open” гэдэг Азидаа “А” зэрэглэлийн гэгдэх нэр хүндтэй эхэлсэн тэмцээн тээр жилийн “Интернационал” гэж байгаад “Монгол говь”-иор төгсгөлөө хийсэн тэр тэмцээний түүхийг давтаж магадгүйнээ дээ гэсэн бодол төрж байна. Бас саяын тэмцээн зохион байгуулалтын хувьд өмнөхөөсөө дутмаг байлаа. Тэмцээний нээлт ч утга агуулгын хувьд төдийлэн сэтгэлд хүрээгүй. Тамирчдаасаа олон шахам шүүгч байсан ч шүүлт шүүрхий, ээнтэй, уунтай байсныг хэлэх хэрэгтэй байх. Яахав нэг тэмцээн болдгоороо боллоо л гэх хүн олон бий биз. Гагцхүү уг тэмцээнээс ямар сургамж авав, хойшид ямаршуухан бодлоготой хандахав гэдэгт л байгаа гэж үзсэн учраас хэн хэнтэй өрсөлдөж ямар медаль авав гэдгийг тоочихооос татгалзсныг минь уучлаарай. Эрхэм уншигчид бөхийн мэргэжилтэн, дасгалжуулагчдын санаа бодол ч ийм л байгаа болов уу гэдэгт итгэе.