Х.ХАТАН
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх хороонд сонгогджээ. Туркменистаны нийслэл Ашгабат хотноо өндөрлөсөн Азийн олимпийн зөвлөлийн /Olympic Council of Asia, OCA/ 34 дүгээр ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгч оролцжээ. Уг хурлаас 2015-2019 онд удирдах бүрэлдэхүүнийг сонгоход Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлийн Мэдээлэл, статистикийн байнгын хорооны даргаар сонгогдов.
МҮОХ нь анх 1974 оноос Азийн наадамд оролцож эхлэн, 1982 онд Азийн олимпийн зөвлөлийг анхлан байгуулалцсан ба тивийн олимпийн удирдах дээд байгууллагад монгол хүн анх удаа сонгогдож буй нь энэ юм. Харин Азийн олимпийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах /Кувейт/ улиран сонгогдсон байна.
Хурлаар олон чухал асуудал хэлэлцсэний дотор 2022 оны Азийн наадмыг БНХАУ-ын Ханжоу хотод зохиохоор болов. 2017 онд Ашгабат хот Азийн танхимын ба тулааны спортын IV наадмыг хүлээж авна. Түүхэндээ анх удаа Номхон далайн сав газрын 19 үндэсний олимпийн хороо оролцох Азийн танхимын ба тулааны спортын IV наадмын бэлтгэл ажлын явцыг мөн энэ удаагийн хурлаар хэлэлцлээ.