Э.ОРХОН

“Х Түц” продакшн драмын чиглэлд олон сайхан уран бүтээл туурвисан. Энэ удаа Хятадын нэрт зохиолч Чүн Ёогийн “Сэрүүн Хасын нууц” жүжгийг тайзнаа амилуулаад байна. Энэ талаар гавьяат жүжигчин Л.Баттулгатай ярилцлаа.  

 

-Шинэ уран бүтээлийн нээлтээ хийсэнд баяр хүргэе. Тоглолт хэр амжилттай байна. Эндээс яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Тоглолт амжилттай сайхан болж байна. “Х Түц” продакшн драмын олон бүтээл тайзнаа тавьж байсан. Бид хошин урлагийн төрлөөр голчлон уран бүтээл хий­дэг ч “Х” гэж өөрсдийгөө томъёолдог. Энэ нь мюзикл, кино, драмын бүтээл зэрэг бүх төрөл жанараар уран бүтээл хий­хэд бэлэн гэдгийг агуулж байгаа юм. “Сэ­рүүн Хасын нууц” жүжиг нь бидний тав дахь драмын уран бүтээл. Өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сайтар эргэцүүл”, “Нэгдүгээр сарын 16” жүжгээ үзэгч­дэд хүргэсэн. Бид бүтээл бүрээрээ тэсрэлт хийж чаддаг. Үүний төлөөл ажил­лаж хөдөлмөрлөж байна. Харин нэг уран бүтээлд хэдий хэмжээний хөрөнгө санхүү зарцуулж байгаа, ядарсан, ядраагүй нь үзэгчдэд тийм сонир­холтой биш. Үзэгчдэд зөвхөн бэлэн бүтээгдэхүүн хэрэгтэй. Аливаа хүнсний бүтээгдэхүүнд орц байдаг шиг бидний хийж байгаа уран бүтээлийн орц тайзан дээр харагдаж байх ёстой. “Сэрүүн Хасын нууц” жүжиг үзэгчдийн дунд шуугиан тарьж чадсан гэж бодож байна.

-Яагаад заавал “Сэрүүн Хасын нууц” гэж?

-Гайхалтай учраас.

-Гайхалтай гэж юуг нь хэлээд байна?

-Өмнө нь би ийм жүжиг үзэж байгаагүй учраас гайхалтай гэж байгаа юм. Олон сайхан жүжиг байдаг. Гэхдээ үүн шиг жүжиг үзэж байгаа­гүй. Зүрхний бичлэг шиг ийм зохиол ховор. Мөн жүжигчнээс маш их хөдөлмөр, чадвар, авьяас шаардсан зохиол. Ер нь бид ийм зүйлд дурлаж хийхийг хүсдэг. Илүү их тоглолт гаргаж болох, сонин дүрд дурладаг.

-Жүжгээр үзэгчдэд юуг ойлгуулж хүргэхийг зорьсон бэ?

-Энэ жүжигт зохиолч Чүн Ёо эмэгтэй хүний нарийн ухаан, арга барил, онцлогийг гаргаж тавьсан нь бусад жүжгээс тэс өөр. Драмын гэдгээрээ ижил боловч жүжигт гарч байгаа үйл явдал нь хурц, хэсэг бүр нь өөрийн гэсэн хэм­нэл, сонирхолтой. Харин “Сэрүүн Хасын нууц” гэдэг нь нууц хэвээр үлдэг. Үзэг­чид нууцыг нь тайлалцах байх. Жүжгийн гол санаа нь хайртай хүмү­үсийнхээ гараас ат­гах хамгийн их аз жаргал. Амьдралд хайр гэдэг олон янз тиймээс гэр бүл бие биеэ, аав, ээж үр хүүхдээ, хүүхдүүд нь аав, ээжийгээ хайрлах зэрэг өргөн утга­тай. Үүнийг л энэ жүжгээс харна. Хайрлаж хайрлуу­лахын үнэ цэнийг ойлгуулах юм.

-Та энэ жүжигт ямар дүр бүтээж байна. Өмнө нь бүтээж байсан дүрүү­дээс тань ямар онцлогтой вэ?

-Жүжгийн бас нэг гол дүр болох И Чин Ван гэсэн Манжийн хааны удамт вангийн дүрийг бүтээж байна. Миний хувьд энэ дүрээ монгол ардын зүйр цэцэн үгэнд гардаг “Гэм нь урдаа гэмшил нь хойно” гэж томьёолж байгаа. Өөрийн­хөө хийхийг зорьсон зүйлдээ харамсаж байгаа боловч хийсэн зүйл нь өөрт нь эргээд сөргөөр нөлөөлж түүндээ насаараа зовж яваа эцгийн дүр. Би өөрийн бүтээл дүр бүртээ хайртай. Миний бүтээсэн дүр бүхэн өөр.

-”Х Түц” продакшныг үзэгчид хошин шоу тог­лолтоор нь түлхүү хүлээж авдаг. Шоу тоглолт хийх дармын жүжиг тавих хоёрт ямар ялгаа байна. Энэ жүжгийг тавихад хэр хугацаа шаардсан бэ?

-Хоёулаа л тайзны бүтээл. Гэхдээ хошин урлаг нь илүү ажиллагаа шаарддаг. Яагаад гэхээр нэг удаагийн хошин шоу тоглолтод 5-6 үзүүлбэр гардаг. Бүгд өөр өөр зохиол,  дүртэй. Нэг үгээр хэлбэл өөр өөр орчинд 5-6 дүрийг цаг гаруй хуга­цаанд харуулж хүмүүсийг инээлгэж уйлуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хошин урлаг нь хүнээс маш их хурд, мэдрэмж, авъяас шаарддаг. Харин драмын жүжиг бол нэг үйл явдлын талаар тоглоно. Тиймээс хошин урлаг биднээс илүү ажиллагаа шаарддаг болов уу. Драмын урлаг ч гэсэн хэцүү гэхдээ л хошин урлаг нь илүү ажиллагаа­тай. Миний одоо бүтээж байгаа дүр гэхэд надаас маш их хүч, сэтгэл хөдлөл, бухимдал, сэтгэлийн тэнхээ шаардаж байна. Гэтэл хошин урлагийн дүр богино хугацаанд олон зүйлийг ойлгуулах гэж зорьдог. Ер нь тэр нь энэ нь хэцүү гэх аргагүй. Бүгд уран бүтээлчээс хүч хөдөлмөр ухаан шаарддаг. Жүжгээ сар гаруй хуга­цаанд бэлдсэн.

-Урлагийнхан баяр ёслолын үеэр ч ажлаа хийгээд явж байдаг завгүй хүмүүс. Таны хувьд ажил, амралтаа хэрхэн зохи­цуулж байна?

-Бид амралт багатай. Хүн бүр л ажилладаг амралт багатай байдаг. Хүн ажилтай байх шиг сайхан зүйл байхгүй. Ажил­тай байна гэдэг хөдөл­гөөнтэй, эрүүл, оюун санаа сэргэг байна. Ажилгүй хүн сэтгэлээр унахаас эхлээд олон сөрөг талтай. Тийм учраас аль болох амралт ажлаа зохицуулах гэж хичээдэг. Амралт чөлөөт цаг гарвал гэр бүл үр хүүхдүүдтэйгээ байгалийн сайханд аялах дуртай. Зуны нэг сарыг гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг. Аав, ээжийнхээ нутаг болон хөдөө байгальдаа байх хүсэлтэй. 

-Урлагийнхан хүмүү­сийн нүдэнд ил байдаг учраас үргэлж гоё сайхан харагд­даг. Ер нь эрэгтэй, эмэг­тэй гэлтгүй бүгд л гоо сай­хандаа анхаардаг байх. Таны хувьд гоо сайхандаа хэр анхаарал хандуулдаг вэ?

-Манай орон эрс тэс ширүүн уур амьсгалтай учраас эрчүүд ч ялгаагүй гоо сайхандаа анхаарах хэрэгтэй. Уран бүтээлч, урлагийн хүн гэдэг хүмүүсийн нүдэнд байнга өртдөг учраас гоо сайхан­даа анхаарах гэж хичээдэг болсон. Олон сайхан гоо сайхны бүтээгдэхүүн орж ирсэн байна. Манайх ч өөрөө үйлдвэрлэж байна. Зуны улиралд амархан борлох гээд байдаг учраас нарны тос түрхэх мэтээр гоо сайхандаа анхаарах мэргэжлийн болоод өөрийн шаардлага гардаг.

-Тэгвэл эрүүл мэнддээ хэр анхаардаг вэ?

-Эрүүл хүнс хэрэглэх гэж зорьдог. Өөрийн оронд ургасан хүнсний ногоо, бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээдэг. Өөх тостой хоол иддэггүй. Өөхтэй мах хэрэглэдэггүй. Аль болох органик, тос багатай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хоол хийхдээ хуурахгүй шөлөнд нь жигнэж чанаж иддэг. Миний хувьд фитнессээр хичээллэдэг. Өглөө эрүүл агаарт алхах, бага зэрэг харшилтай учир зуны цагт Шаргалжуут, Аварга тосон зэрэг рашаан сувилалд явах зэргээр эрүүл мэндээ анхаарч байна. Мөн аль болох витаминлаг хоол хүнс хэрэглэх гэж зорьж байна.

-Удахгүй эх үрсийн баяр болно. Хань, үр хүүх­дээ хэрхэн баярлуулах гэж байна. Баяр ёслолыг хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Гэр бүлийнхээ хү­рээнд тэмдэглэнэ. Харин төрсөн өдрөө найз нөх­дийнхөө хүрээнд нэлээд өргөн хийдэг. Хүүхдүү­дийнхээ төрсөн өдрөөр хоолонд орох, кино үзэх зэрэг гэр бүлийнхээ хэм­жээнд тэмдэглэдэг. Баяраар гэр бүлийхэн­тэйгээ байх нь ховор. Мартын 8-нд гэхэд өдөрт 2-3 тоглолт хийх жишээ­тэй. Гэхдээ аль болохоор зохицуулдаг. Шинэ жилийн орой утсаа хаагаад гэр бүлтэйгээ баярлаж өнгөрөөдөг.