Д.НАДМИД
АНУ-ын Лас Вегас хотноо болж байгаа Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын баг тамирчдын амжилт чимж байна. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, Лондоны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль авч, дэлхийн хошой аварга боллоо.
Тэрээр эхний тойргуудад Унгер, Турк, Беларусь, Латвийн бөхчүүдийг илүүрхэн ялсан бол аваргын төлөө Японы бөх, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт Рисако Кавайг 36 секундэд цэвэр дарж, алтан медаль хүртсэн байна. С.Батцэцэг Монголын тамирчдаас ДАШТ-ээс 50 дахь медалийг авч байгаа бөгөөд Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс төрж байгаа дэлхийн анхны хошой аварга болов. Мөн дэлхийн аварга С.Цэрэнчимэд болон Б.Номин, П.Өнөрбат нар алтан медалийн төлөө шалгарч барилдаад, мөнгөн медаль хүртлээ.