Э. МАНД
Монголын хүүхдийн спортын V их наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд уржигдар боллоо. Наадмыг нээж Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар үг хэлсэн. Наадмын галт бамбарыг Олимпийн хошой аварга Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, “Сингапур-2010” хүүхдийн олимпийн аварга Б.Батцэцэг, Хүүхдийн анхдугаар олимпийн аварга Г.Эрдэнэболд нар асаав. Энэ бамбар наадам дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд асаалттай байх юм. Спортын их наадам энэ сарын 19-нийг хүртэл 17 спортын төрлөөр анх удаа Олимпийн наадмын жишгээр эрх авч өрсөлдөх юм. Их наадмын хөтөлбөрт паралимп, дифлимп, тусгай олимпийн төрлүүд багтжээ. Хүүхдийн спортын V их наадамд 21 аймаг, есөн дүүргийн 100 мянга гаруй тамирчнаас шалгарч их наадмын эрх авсан 1920 тамирчин, 190 дасгалжуулагч, 250 шүүгч, 230 сайн дурын ажилтан болон албаны төлөөлөгчид оролцож байна.