IMG_1291Ч.ГАНТУЛГА

Жүжигчин, продюссер Н.Оргилыг дугаарын зочноор урилаа. Түүнтэй уран бүтээл болон “Маркo Поло” киноны тухай ярилцсанаа хүргэе.

-Таныг ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ажлаа өгснөөс хойш уран бүтээлийн ажилдаа орсон гэж сонссон?

-Ажлаа өгөөд жил болж байна. ОдооМаркo Полокиноны Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан продюссераар ажиллаж  байна. Мөн  шинэ уран бүтээл хийх хэд, хэдэн санаа бий. Цаг нь болохоор тодорхой болох байх.

-Киноны ажил хэр үр дүнтэй урагшилж байна вэ?

-Зураг авалт өнгөрсөн зургадугаар сард Унгарт эхэлсэн. Одоогоор Сло­вакад үргэлжилж байна. Одоогоор Европын ор­нуу­дад авах зураг дуусч байна. Цаашлаад арван­хоёрдугаар сар хүртэл Малайзад зураг авна.

-Монголоос 40 хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. Энд ямар хүмүүс багтсан бэ?

-Олны хэсэгт 10 жүжигчин, орлон тоглогч 10 хүн. Мөн хөөмийч, бөмбөрчин, уртын дуучин болон  дадлагын ажилтнууд багтсан. Харин Ц.Цэрэнболд, 12 настай Б.Эрхэмбаяр болон н.Баярцэцэг нарын жүжигчин туслах дүрд сонгогдсон. Цэбо болон хүүгийн дүр нь Хубилай хааны бага насны хэсэгт гарна. Хүүхэд насных нь дурсамжийн зургууд гэж ойлгож болно.

-Дандаа туслах дүрд сонгогдож. Монголын тухай киноны гол дүрд яагаад монгол жүжигчин сонгоогүй юм бол?

-Кино гарах гол зах зээл нь Америк. Дэлхийн киноны зах зээлийн ихэнхийг эзэлдэг энэ улсын хэл нь Англи. Тиймээс англи хэлтэй жүжигчин тоглуулна.

Харин монгол жүжигчдэд хэлний бэрхшээл их байна. Танай сониноор дамжуулаад нэг санаа дэвшүүлмээр байна. Монгол Улс англи хэлийг албан ёсны хоёр дахь хэлээ болгох хэрэгтэй. Хүүхдүүдэд бүр цэцэрлэгт байхаас нь заадаг болчихвол бид дэлхийн ямар ч улстай хамтарч, нүүр бардам ажиллаж болно. Ганц кино ч биш бусад салбарт амжилт гаргана. Хэлтэй бол хөлтэй гэдэг үнэн үг шүү.

-Таны хувьд өнгөрсөн жил энэ кинонд тоглосон учраас арай туршлагатай байгаа байх. Монголынхоо жүжигчдэд зөвлөгөө өгөв үү?

-Би өнгөрсөн жил уран бүтээлчидтэй холбоо тогтоохын тулд гурван долоо хоног олны хэсэгт тоглосон. Хэдийгээр хальт гараад өнгөрдөг жижигхэн хэсэг байсан ч үүнийхээ үр шимийг одоо үзэж байна. Тухайн үед кинонд оролцсоноор монгол жүжигчдээ хамруулах, эх орноо сурталчлах боломжийг судалж эхэлсэн. Зорилгодоо ч хүрлээ. Үүний ачаарМарко Полокинонд монгол жүжигчдийн оролцоо 10 дахин нэмэгдээд байна. Оролцож байгаа уран бутээлчдэд зөвлөгөө өгсөн. Мөн өөрөө очиж газар дээр нь ажиллаад ирлээ.

11933419_1482798582044011_109314079714062949_n-Монголын тухай өгүүлэх кино учраас монголчуудын оролцоо илүү байвал сайхан л байна. Мэдээж бидэнд Холливудаас суралцах зүйл их байгаа байх?

-Монголын кино урлаг 80 гаруй жилийн түүхтэй. Харин сүүлийн 25 жилд  чанартай кино гарах нь багасчээ. Оюуны хоосролд орсон Монголын төр, нийгэм кино урлагаа хөсөр хаясан. Нийгмийн өөрчлөлт нь хувь хүний ёс жудагтай ихээхэн холбоотой. Социализмын үед кино урлагийг төрөөс дэмждэг байсан. Одоо ч тийм орон бий. Зөв бодлоготой, соёл, түүхээ хүндэлж, дээдэлдэг улс кино урлагаа шууд бодлогоор дэмжиж, хангалттай санхүүжүүлдэг. Холливуд ч тийм. Бидэнтэй адил тогтолцоотой байсан Орос улс ч тийм. Бид киноны арвин түүхтэй ч харамсалтай нь Оросын нөлөөнд, Манжийн дарлалд байсан учраас ч юм уу дэндүү гандаж, гундсан байна. Цаг хугацаа үүнийг өөрчлөх байх. Холливуудаас суралцах зүйл их байна даа.

-Та ССАЖЯ-нд ажиллаж байхдаа кино үйлдвэрийн тухай бодлого боловсруулна гэж ярьж байсан. Зорилгодоо хэр дөхсөн бэ?

-Сайдын хийх багц ажлын төлөвлөгөөнд кино үйлдвэрийн бодлого орсон байсан нь намайг Соёлын газрын даргын ажлыг авахад их нөлөөлсөн. Ажиллах хугацаандаа их судалсан. Америкийн кино үйлдвэрүүдийг, түүнийг хэрхэн барих анхан шатны төлөвлөгөөг гаргасан. Харин манай төрийн бодлого хэтэрхий удаан юм. Дээрээс нь төрийн яам, тамгын газраар дүүрсэн төрийн албан хаагч гэх том нэр зүүсэн мэргэжлийн бус хүмүүс ажил удаашруулдаг. Энэ зүй бус явдлаас болж асуудалгүй, хугацаандаа бүтчих ажил гацаанд ордог. Энэ системийг өөрчлөхгүй бол ямар ч ажил явахгүй байна. Би хувиараа эхэлсэн ажлаа үргэлжлүүлж байгаа. Америкийн шилдэг кино үйлдвэр барьдаг байгууллагатай уулзаж, анхны тохиролцоонд хүрсэн. Одоо газар тогтоогоод ажилдаа орвол хоёр жилийн дотор олон улсын стандартад нийцсэн кино үйлдвэр барих бүрэн боломжтой байна. Энэ нь түүх, соёлоо сурталчилж, эх оронч үзэлтэй, саруул ухаантай, эрүүл биетэй Монголын ирээдүй болох хүүхэд залуучуудын хүмүүжилд нөлөөлөхөөс гадна эдийн засгийн хувьд дэлхийн томоохон бизнест хөл тавина гэсэн үг.

-Таны анхны киноГэрчийг устгабайх аа?

-Анхны гол дүрд нь тоглосон киноГэрчийг устга”. Харин анх тоглосон кино бол Монгол кино үйлдвэрт хийсэнХааны сүүлчийн хатан”. 2001 онд Лос Анжелест сургууль төгсөөд, 2002 онд эх орондоо ирээд гурван жил хөөцөлдөж байж, таван сая төгрөгөөр кино хийдэг байсан үед 30 сая төгрөгөөр Монголын анхны адал явдалт, акшин төрлийн киног хийсэн.

-Бас зоригтой байна шүү?

-Зориг ч бaйсан байх. Харин туршлага бага байж. Хүсэл эрмэлзлээрээ л дайраад орсон доо. Эхлээд хийх гэж бөөн юм болж билээ. Хөрөнгийг нь босгочихоод байдаг. Миний бодож, төлөвлөснөөр хийх баг олддоггүй. Тэгэхээр нь найз Тукадaа хандсан. Манай хүн жудагтай болохоор наадах чинь арай л том төсөл байна. Би давж гарахгүй байх гээд өөр хүн санал болгосон юм. Надад өөр сонголт байгаагүй учир зориглоод орсон. Хэмжээндээ зодоонтой, машины уралдаантай кино болж байлаа.

-Гаргасан хөрөнгөө нөхөж чадсан уу?

-Харамсалтай нь гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй үйлдлээс болоод дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр товлосон кино аравдугаар сард дэлгэцэнд гарсан. Гэхдээ яг л зарлагаа нөхсөн. Энэ бүтээл миний хувьд алдаа, оноотой ч их туршлага хуримтлуулсан түүхтэй.

-Та анх үзэгчидтэйМартъядууны клипээр танил болсон шүү дээ. Тухайн үед европ төрхтэй хүн клипэнд тоглох нь нүдний гэм байлаа?     

-Манай Тука тэр клипийг хийсэн юм. Тухайн үед би Холливудад жүжигчний мэргэжлээр сурдаг байсан үе. Зуны амралтаараа Монголд иртэл дуучин Сараа клипэнд тоглох санал тавьсан. Түүнээс хойш захаар явахаар ногоо зардаг бүсгүйчүүд энэ нөгөө Сараагийн клипэнд тоглодог залуу байна гээд л шивнэлддэг байлаа. Тэгэхээр сонсогчдод нэлээд хүрсэн юм байлгүй.

-Энэ клипнээс хойш бүсгүйчүүдийн хараанд их өртсөн байх. Хайрын захиа их авсан уу?

-Бүсгүйчүүд надад хайраа илчилж, гүйж байсныг санахгүй байна. Магадгүй би тийм нөхцөл бүрдүүлэх боломжийг өгдөггүй байсан байх.

-Холливудад сургууль төгсчихөөд, тэнд ажиллаж, амьдрах боломж бүрэн байсан байх. Хааяа Монголд ирсэндээ харамсдаг уу?

-Анх 1997 онд Америкт очсон. Монголчуудын хувьд Америк гэдэг их хол сонсогддог байсан үе л дээ. Надад ховорхон боломж тохиосон юм. Оччихоод анх жижигхэн сургуульд сурдаг байлаа. Харин Лос Анжелест очоод Америийн урлагийн академид шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Хичээлийнхээ хажуугаар ажил хийнэ. Хамгийн хүнд хэцүү, хар ажлуудыг хийж хэдэн төгрөг олно. Хичээлээ давтах цаг гаргана гээд л. Миний хувьд хүнд юм шиг мөртлөө амьдралын олон зүйлийг сургасан он жилүүд тэнд өнгөрсөн. Би эх орондоо ирсэндээ хэзээ ч харамсч байгаагүй. Учир нь гадаадад олон жил байх хүсэл, сэтгэлзүй надад байдаггүй. Жаахан удахаар эх орноо санаад болдоггүй зантай.

-Та аль нутгийн хүн бэ. Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ?

-Өвөөгийнхөө нутгаар яривал Сэлэнгийн Ерөө суманд харьяалагддаг. Би эмээгийн амины хүүхэд байлаа. Эмээ минь нутгийнхаа тухай их ярина. Ярьж байсан бүх сайхан газраар нь явахыг хүсдэг. Эмээгээ бодож том охиноо Ерөө гэж нэрлэсэн. Харин бага нас минь Дамбадаржаад өнгөрсөн. Намайг жаахан байхад тэр хавь ногоон зүлэгтэй, айл цөөтэй байсан. Тэнд л ах нартай хөлбөмбөг өшиглөж, үеийнхээ хөвгүүдтэй чулуу нүүлгэж, ноцолдож өссөн дөө.

-Хэр сахилгагүй хүүхэд байсан бэ?

-Анх найман настайдаа орос сургуульд орчихooд Монгол, орос хүүхдүүдтэй адилхан үзэлцээд явдаг хүү байсан. Орос хүүхдийн нүүрийг нь улайлгаад, багшдаа донгодуулж байсан ч удаатай. Хүч байхад ухаан хэрэггүй юу чамд, хар гэрт хийгээд өгье гээд их сүртэй загнадаг багш байж билээ.

-Та загварын тайзнаа хэсэг хугацаанд алхсан. Тухайн үед мэргэжлийнхэн таныг загварын ертөнцийн шинэ, өөр өнгө төрх гэж үнэлдэг байсныг санаж байна?

-Өөрийгөө жүжигчин болох ёстой гэдгээ мэдэрсэн үедээ, загварын тайзан дээр гарсныгаа азтай гэж боддог. Учир нь тайз надад хэрхэн биеэ авч явах, бусадтай харьцахыг сургасан. Манай найзын найз нь загвар өмсдөг залуу байлаа. Очих бүрт л чи загвар өмс гэж зөвлөдөг байсан. Тэгээд 1994 онд юу ч мэдэхгүй найзуудтайгаа явж очоодГоёлнаадмын шалгаруулалтад орсон чинь тэнцчихсэн.

-Одооны загварын акулуудаас та хэн хэнтэй нэг тайзнаа алхаж, хэр дотно нөхөрлөдөг байв?

-Акул нь ч юу юм бэ. Баяраа, н.Мандах, Шинээ гээд сайхан найз, эрэгтэй загвар өмсөгчид байсан. Харин эмэгтэйчүүдээс О.Оюунтуяа, Ц.Түмэнхүслэн, Б.Тунгалаг, Б.Туяацэцэг, Б.Хонгорзул, жижиг н.Байгаль гээд мундаг бүсгүйчүүд байлаа. Э.Одгэрэл биднээс арай ахмад байсан. Би загварын тайзан дээр удаагүй. 1995 ондШилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр тодорсон. Харин 1997 онд нь Америк руу сурахаар явсан юм. Одоо ч гэсэн энэ найзуудтайгаа уулзаж, дотно байдаг.

-Таныг харахад их хатуу, зарчимч хүн шиг санагддаг. Сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлдэг вэ. Та хэзээ хамгийн зөөлөн байдаг вэ?

-Гэр бүлтэйгээ байхдаа л хамгийн уян, зөөлөн хүн болчихдог. Гэхдээ хүүхдүүдээ болж бүтэхгүй бол аавын хувьд даацтай үг хэлж, сэтгэлд нь сэвгүйгээр ухааруулахыг боддог. Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлчихнэ. Аливаа зүйлийг үнэнээр нь шууд хэлчихвэл амар санагддаг юм. Ширүүн төрхийн хувьд манай өвөөгийн удмыг Буриадын Махаантан гэж овоглодог. Миний найм дахь үеийн өвөг эцгийн нэр. Дээр үед Махаантан ирж байна адуу, малаа хураагаарай гэдэг байсан гэнэ лээ. Тэгэхээр нэлээд ширүүн улс байдаг байж. Тэднийгээ дуурайсан юм болов уу.

-Магадгүй урлагийн хүн болоогүй бол одоогийн Н.Оргил хэн байх байсан бол?

-Төсөөлж, бодож үзээгүй юм байна. Миний хувь тавилан, сонголт бүхэн цаанаасаа сэтгэл зүрхнээс ундарсан хүслийн минь дуудлага байсан. Энэ мэргэжлийг сонгоод, эзэмшиж чадвал амьдралаас сайн сайхныг мэдрэх юм байна гэдгээ ухаарсан. Нас явах тусам хүн төлөвшдөг. Төлөвших тусмаа урлагийн үнэ цэнийг мэдэрч байна. Урлагийн төлөө хийе гэж бодож, санасан зүйл минь Монголд хараахан бүрдээгүй байгаа нь харамсалтай. Заримдаа өөрийгөө 10 жилээр түрүүлж амьдардаг юм болов уу гэж бодох юм. Гэхдээ амьдралыг туулах бүртээ туршлагажиж, илүү ихийг хийх урам зориг орж байгаа нь таатай.