Д.ЖАВХЛАН

Ардын хувьсгалын 91 жилийн ойгоор шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу  наймдугаар сарын дундуур олон нийтэд ил болж, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын на­чин цол шинээр хүртсэн Б.Сугаржаргал нараас сэр­гээшийн төрлийн бэлд­мэл илэрсэн билээ. Хол­богдох байгууллагууд шин­жилгээний дүнг но­тол­соноор Баяр наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн хоёрдугаар са­рын дундуур хуралдаж, ул­сын арслан Х.Мөнх­баатарын Ардын хувьс­галын 91 жилийн ойн баяр наадамд тав, зургаа, до­лоо­гийн давааг хү­чин­гүй болгож, чимгийг нь ху­раах, улсын начин Б.Сугар­жаргалын зургаан сар барилдах эрхийг ха­саад байсан.

Тэгвэл өчигдөр Үндэс­ний баяр наадмыг зохион байгуулах үндэсний хо­роо­ны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва дээрх бөх­чүүдэд цолны даваанд унасан хоёр бөхөд шинэ цолыг нь нөхөн олгов. Тухайлбал, Ардын хувьс­галын 91 жилийн ойн баяр наадмын тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд өвдөг шороодсон улсын начин Ж.Оргил өсөх идэр чимэг, зургаагийн даваанд унасан улсын начин Ж.Амартүвшин шинээр харцага болон дэвшиж, долоогийн даваанд унасан улсын харцага Т.Санчирт шинээр заан цолны тэмдэг үнэмлэх гардуул­лаа. Ха­рин улсын начин Б.Сугар­жаргалд тавын даваанд унасан улсын заан Б.Соронзонболдод ч мөн чимэг нэмэх юм байна. Өчигдөр Төрийн ордонд шинээр заан цолоо авсан Өвөрхангай айм­гийн Хархорин сумын харъяат, “Хилчин” спорт хороо, АПУ компанийн бөх улсын заан Т.Санчираас баярын сэт­гэгд­лийг нь хуваалцлаа.

 

Т.Санчир: 26 ЖИЛ ТАСАРСАН ЗААН ЦОЛЫГ ЗАЛГУУЛАХ ХУВЬТАЙ БАЙЖ

 

-Өвөрхангай аймгаас зургаан жилийн дараа та заан цолыг залгуулах хувь­тай байж дээ. Танд баяр хүргэе?

-Хуртай, хувьтай сай­хан өдөр болж байна. Баяр­лалаа. Манай Хар­хорин сумаас миний мэ­дэхээр “Том” хэмээх Ц.Санжаа ах маань 1960 онд, З.Дүвчин ах 1987 оны наадмуудад долоо давж заан цол хүртсэн байдаг. Би улсын наадмын зүлэг ногоон дэвжээнд 10 дахь жилдээ барилдаад, Хар­хорин сумын 26 жил тасраад байсан заан цолыг залгуулах хувьтай байж дээ. Өнөөдрийн орсон хур бороо сонин утга санааг илэрхийлж байгаа биз. Үндэсний баяр наад­мын комисс хууль дүрмийнхээ дагуу надад өгөх ёстой заан цолыг цаг алдалгүй өгсөнд баяртай байна. Монгол бөхийн босоо цагаан хийморь намайг болон нутгийн зон олны хүссэн хүлээлтийг тайл­лаа.

-Та өнгөрсөн баяр наад­маар шинээр харцага цол авсан. Харин өнөөдөр заан цолоо нөхөн авч байна. Наадмын индэр дээрээс цол авах Төрийн ордноос цол авахын ялгааг тайлбарлахгүй юү?

-Зүлэг ногоон дэв­жээнээ наадамчин олон­тойгоо шинэ цолныхоо баярыг хуваах нь сайхан байлгүй яахав. Манай ард түмэн наадмын сураг чимээтэй хаяа нийлсэн энэ үед цолоо авч байгаа нь надад тааламжтай бай­на. Шинээр авсан цол маань надад удахгүй болох наадмын сэтгэл зүйд асар их өөрчлөлт авчрах байх аа.  

-Өнгөрсөн наадмын бэлтгэлээ хаана, хэрхэн базаав?

-2012 оны наадмын бэлтгэлээ гавьяат дас­галжуулагч Д.Дашжамц багшийнхаа удирдлаганд “Хилчин” спорт хороо­ныхоо бөхчүүдтэй Бугын сангийн аж ахуйд гарсан. Ер нь тэнд л тогтмол гардаг юм. Би Бугын сангийн аж ахуйгаас аймгийн арслан, улсын начин, улсын хар­цага зэрэг сайхан цолуудаа авсан.  Их өгөөжтэй, сай­хан хангай байгаа юм. Энэ жил ч мөн тэндээ гарах бодолтой байна.

-Наадмын даваа болгон хүнд байдаг. Өнгөрсөн наадмын даваануудын та­лаар ярихгүй юү?

-Наадмын хоёрын да­ваанаас эхлээд л ширүүн өрсөлдөөн гардаг.  Миний хоёрын давааны учраа Архангайн аймгийн арс­лан У.Батгэрэл байсан. Гуравт Завханы аймгийн харцага Э.Баасандорж гэж олон жил сайн барил­даж байгаа залууг амлаж давсан. Харин дөрвийн оноолтонд улсын харцага Ө.Даваабаатартай таарч даваад тавд Б.Ганбат арс­ланг  давж начин цолоо баталсан. Зургаагийн да­ваанд улсын арслан Д.Азжаргалыг давж улсын харцага цолыг авсан даа.