Д.НАДМИД
Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болж өндөрлөв. Энэ тэмцээнд Монголын баг тамирчид хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтайгаар багаараа хоёрдугаар байрт орсон нь томоохон амжилт юм. Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнд 27 орны 200 гаруй жүдоч хүч үзэн өрсөлджээ.
Өмнө нь Бакугийн тэмцээн гран-при ангилалд байсан бөгөөд энэ жилээс зэрэглэл ахиж “Их дуулга”-д багтсан байна. Энэ тэмцээнд ирсэн тамирчдын бүрэлдэхүүнээс үзэхэд тавдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Тюмень хотноо болох жин жингийн шилдэг 16 жүдоч оролцдог “Мастерс” тэмцээн болох учраас зарим шилдгүүд Бакуд ирээгүй байна. Манай улсаас Азербайжаны нийслэлд эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчнаа илгээснээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлэв.
Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг, 52 кг-д А.Цолмон, эрэгтэйчүүдийн -100 кг-д Э.Энхбат гурав мөнгө, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Бакугийн татамид эхний өдөр зодоглосон манай цагаан өмсгөлтнүүд маш сайн барилдаж таван медаль хүртснээр багийн дүнгээр тэргүүлж байсан бол хоёр дахь өдөр барилдсан бөхчүүд Э.Энхбатаас бусад нь шигшээ барилдаанд хүрч чадаагүйгээс байраа ухраалаа.
-100 кг-д алтан медалийн төлөө барилдсан Э.Энхбат ээн орны тамирчинг ялсан бол манай баг тасархай түрүүлэх байсан билээ. Энэ тэмцээнд гарамгай барилдсан бөхийн нэг нь 60 кг-д зодоглосон Д.Амартүвшин. Өнгөрсөн сард Туркийн Самсун хотод болсон гран-пригийн аварга тэрбээр Бакугийн “Их дуулга”-д анх удаа аваргаслнаар дэлхийд данстай нэгэн болов. Тэгвэл Д.Төмөрхүлэг хэдхэн хоногийн өмнө Тайландад Азийн аварга болсон амжилтаа бататган “Их дуулга”-д өрсөлдөгч бүрээ илүүрхэн ялж түрүүлэн чансааны 500 оноо авснаар 66 кг-ын жинд дэлхийн чансаагаар жагсаалтын эхэнд бичигдэх болзлоо хангалаа.