Д.НАДМИД

Тийм ээ. Жүдоч Д.Төмөр­хүлэг дэлхийд жин­дээ нэгд бичигдлээ. Энэ бол гарамгай амжилт. Саяхан л идэрчүүдэд хүч үзэж байсан жаахан хүү одоо Монголынхоо нэрийг дэлхийд мандуулсан том бөх болжээ. Лондонгийн олимпоос хойших жил хү­рэхгүй хугацааны амжил­тыг хэлбэл анхны жингээ өсгөж 66 кг-д зодоглоод долоон тэмцээнд оролцох­доо дөрвөн алт, гурван мөнгөн медаль хүртээд байна. Тэмцээн бүхэнд үзүүр, түрүүний бөх бай­сан гэсэн үг. Өнгөрсөн сард Тайландад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд тун ч сайхан барилдсан даа. Өөрийн нь ярианаас иш татвал нэ­лээд хүнд барилдаан хий­сэн юм билээ. Иран, Хон­конг, Солонгосын жүдоч­дыг ялсан. Хэсгийн авар­гын төлөө барилдаанд таар­сан Солонгосын бөх­тэй дөрвөн удаа барил­дахдаа гуравт нь ялжээ. Тэгээд алтан медалийн төлөө Японы нэрт бөх Фү­күоки Масаакитай ба­рилд­жээ. Тэр манай Х.Цагаан­баатар, С.Мияа­рагчаа нартай олон удаа таарахдаа ялж, ялагдаж өгөө аваатай явсан турш­лагатай хашир тамирчин. Д.Төмөрхүлэг түүнтэй ба­рил­дахын өмнө Цагаанаа баатар болон багш дасгал­жуулагчтайгаа сайн зөв­лөлдөж хөдөлшгүй нэг зураас дээр хүч үзэхээр гараад яг л бодсныхоо дагуу мэх хийж хамгаалж барилдаад ялж Тайваний тэнгэрт Монгол төрийн дууллаа эгшиглүүлснээ бахархан ярьж байсан юм.

Тэгвэл Д.Төмөрхүлэ­гийн магнайд залагдсан монгол төрийн далбаа Бакугийн тэнгэрт дахин мандлаа. Тэх тэгэхдээ хамгийн өндөрт мандсан гэж болно. Яагаад гэхээр энэ “Их дуулга”-д Д.Тө­мөр­хүлэг бүх өрсөлдөгчөө илүүрхэн түвэггүйхэн тү­рүүлж чансааны 500 оноо авснаар 66 кг-д дэлхийд чансаагаар тэргүүнд зог­сох болсон. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэр байрт олон жил жагссан даа. Халаагаа Д.Төмөр­хүлэгт хүлээлгэн өгч бай­на. Энэ тухайгаа баатар маань хэлэхдээ:

-Жүдогийн 66 кг-ын жин хэзээ ч Монголын өмч байх нь. Бидний ха­лааг авч буй Д.Төмөрхүлэг маань итгэл найдварыг хад­галж чадах бөх. Түүнд асар их ирээдүй бий гэсэн юм.

Үнэндээ Д.Төмөр­хүлэгийн барилдааныг харж байхад хурц дайчин хийгээд шийдэмгий нь онцлог байгаа. Ид ирэн дээрээ яваа гэдгийг бө­хийн мэргэжилтнүүд онцолж буй юм. Өөрөө ярих нь:

-Би 66 кг-д барилдах болсноор амжилт гаргах үүд хаалга нээгдлээ. Оролц­сон тэмцээн бүрээ­сээ медаль хүртсэн маань их урам зориг нэмлээ. Жүдогийн оргил хол ха­раг­даж байвч би олимп, дэлхийн аварга болохын төлөө бүхнээ зориулна гэсэн юм. Хэлж чадна гэдэг хийж чадна гэсэн үг шүү дээ. Биеийн бяраас сэтгэлийн бяр илүү гэдэг билээ. Төмөрхүлэг удам­тай бөх. Аав Даваадорж нь улсын харцага цолтой бас л гарамгай барилдаантай нэгэн байсан. Хүү Төмөр­хүлэгтээ ихийг захидаг төдийгүй олон мэх зааж өгсөн юм билээ. Түүнээс нь хутгах мэхийг жүдо­гийн онцлогт тохируулан өөрийн болгож авч үлдсэн гэж Д.Төмөрхүлэг ярьсан. Бас гадаадын тэмцээнд очиход намайг Даваадорж гэж дууддаг учраас би аавынхаа нэрийг дуурс­гаж ачийг нь бага ч атугай хариулж явна гэж боддог гэсэн байна. Басхүү хар­цага аавын хүү үндэсний бөхөөр хааяа зодоглодог. Сумын заан цолтой гэж байгаа. Харин жүдодоо хамгаа зориулдаг учраас аавынхаа зодгийг сэргээх зав нь бага байдаг аж.

Д.Төмөрхүлэгт нэг ну­гаршгүй чанар бий гэж дасгалжуулагч нар нь ярь­даг. Тэр нь юув гэвэл түү­нийг өрсөлдөгчөөсөө айж хулчийж үзээгүй. Ямагт би ялна дийлнэ гэсэн шийд­мэг барилдаан хийж чад­даг гэсэн бий. Удахгүй тэр ОХУ-д болох шилдэг 16 буюу “Мастерс”-т орол­цоно. Тэнд дахиад алтан медаль хүртэх биз ээ. Ерөөл өргөнөм.