Ч.ГАНТУЛГА

Дуучин Л.Банзрагчтай холбогдлоо.

-Сайн байна уу. Өдрийн мэндийг хүргэе?

-Чамд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе.

-Таныг нутагтаа очсон гэж сонссон. Төрсөн нутгаар зуншлага хэр байна?

-Төрсөн нутгийн зуншлага сайхан байна. Саяхан Увс аймгийн 90 жилийн ой болсон. Энэ үеэр нутагтаа очиж, ая дуугаа өргөлөө. Мөн хонь хариулж, даага сургаж байсан сайхан үеийнхээ дурсамжаар аялж, эрч хүч хуримтлуулаад ирлээ. Удахгүй шинэ уран бүтээлийн ажил цэгцрэх байх.

-Та даага сургадаг байсан юм уу?

-Багадаа хурдан морь унадаг байлаа. Бие жижигтэй болохоор нутгийн ах нар надаар морио унуулах их дуртай. Бараг наймдугаар ангид ортлоо морь унаж, уралдсан байх шүү.

-Улсын наадамд оролцож байв уу. Айраг, түрүү хэр арвин бэ?

-Манай нутаг хол учраас улсын наадамд оролцож чаддаггүй байлаа. Харин аймгийнхаа наадамд түрүүлж байсан. Тухайн үед хүүхдүүдэд шагнал өгдөггүй байсан юм. Харин уяач л унасан хүүхдээ мялааж мөнгө өгнө. Тэгэхээр нь бөөн баяр болоод өнөөх мөнгөөр нь үеийн найзуудтайгаа амттай чихэр, жимс аваад хувааж иддэг байлаа.

-Та морин дэл дээр давхиж явахдаа анх Д.Банзрагч гуайн дуунаас сурсан гэж дурссан байдаг?

-Анх дуу гэдгийг мэддэг болоод сурсан дуунууд маань Д.Банзрагч гуайнх байсан юм. Хөдөөнөөс яагаад сайн дуучид төрдөг вэ гэдэг асуултын нууц нь тал нутагтай нь холбоотой санагддаг. Учир нь хүүхдүүд хөдөө хурга, ишгээ хариулж байхдаа чөлөөтэй, хүссэнээрээ дуулж болно. Тэгэхээр хоолой задрах нөхцөл бүрддэг. Харин хотод дөрвөн хананы голд яаж хүссэнээрээ дуулахав дээ.

-Анх таныг Д.Банзрагч гуайн дууг дуулахад хүний дууг хууллаа гэж шүүмжлэх хүмүүс байсан?

-Шүүмжлэх хүмүүс байсан ч урам өгч, дэмжсэн хүн түүнээс олон байсан. Тэдгээр хүмүүсийн ачаар өдий зэрэгтэй уран бүтээлч болсон гэж боддог. Хэдийгээр би энэ агуу хүнийг гүйцэж дуулаагүй ч хөг аялгууг нь алдагдуулахгүйгээр уран бүтээлийг нь дахин сануулж, хөгжмийн найруулгыг нь шинэчилсэн.

-Дууны зохиолчдоос нь зөвшөөрөл авсан юм уу?

-Хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас нь зөвшөөрөл авч дуулсан. Үүнд ямар ч хууль зөрчсөн, оюуны өмчийг хулгайлсан асуудал байхгүй.

-Зохиолын дууг хөдөөний урлаг гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Та тэр хүмүүст юу гэж хэлэх бол?

-Өнгөцхөн, явцуу бодлоо хаяж, жалга довноосоо гараасай гэж хүсч байна. Тэгж ярихын оронд хөдөө явж, мах идэж, айраг уу л даа. Тэгвэл хөдөө нутагт Монголын түүх, уламж­лал тэр чигээрээ бий гэдгийг ухаарах байх.

-Хамгийн сүүлд хэзээ нийтийн унаагаар үйлчлүүлсэн бэ?

-Би 2004 онд СУИС-ийг төгссөн. Төгстлөө бусад оюутнуудын адил нийтийн унаагаар үйлчлүүлдэг байлаа. Арслантай гүүрний хажууд манай дотуур байр байдаг байсан юм. Хааяа унааны мөнгөгүй болохоороо алхана. Цантсан хүрэмнийхээ захыг босгочихоод л. Харин төгссөнөөсөө хойш нийтийн унаанд суусангүй.

[embed]https://www.youtube.com/watch?v=OdOCOJIcu00[/embed] [embed]https://www.youtube.com/watch?v=UNrxMA_qRo0[/embed]

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин