Жүдо бөхийн “Гранд слам” тэмцээн энэ сарын 3-4 өдрүүдэд Азербайжаны Баку хотноо болно. Энэ тэмцээн нь олимпийн оноо цуглуулах тэмцээний чансаагаараа эхний тавд ордогоороо онцлогтой. Тиймээс энэ дэвжээнд ойрд цуглараагүй шилдэг жүдочид ирэх нь тодорхой юм. Энэ оны анхны “Гранд слам” тэмцээнд манай улсаас 17 жүдоч зодоглохоор эх орноосоо өнөөдөр мордлоо. Энэ удаагийн тэмцээнд Азийн аваргад зодоглосон гурваас бусад нь шинэ тамирчид юм.
“Гранд слам”-ын татамид 60 кг-д Д.Амартүвшин, Г.Хэрлэн, 66 кг Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр, 73-д Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Э.Ууганбаяр, 90 кг-д Х.Цогтгэрэл, -100 кг-д Б.Энхбат, +100-д Ө.Дүүрэнбаяр, Б.Сугаржаргал нар оролцох юм. Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд 48 кг-д Г.Отгонцэцэг, 52 кг-д А.Цолмон, Ч.Аззаяа, 57-д Б.Сумьяа, Б.Мөнгөнчимэг, 63 кг-д Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал нар оролцох юм байна. Тэдний дараагийн зогсоол Дэлхийн шилдэг 16 жүдочдын тулаан юм. Энэхүү тэмцээн нь ОХУ-ын Тюмэн хотноо энэ сарын дундуур болох юм байна.