Д.ЖАВХЛАН
Энэтхэгийн Нью-Дели хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Г.Мандахнарантай ярилцлаа.
-Юуны өмнө танд Азийн аваргын хос мөнгөн медалийн эзэн болсонд баяр хүргье?
-Өнгөрсөн олимпийн эрх олгох тэмцээнээс хойш хэсэгтээ амарлаа. 2016 оны олимпийн циклийн анхны Азийн аварга Энэтхэгт болсон. Би энэ тэмцээний өмнөхөн үндэсний шигшээ багт орсон. Тиймээс миний бэлтгэл сургуулилт яг сайхан таараад байна. 2013 оны Ази тивийн тэмцээнд залуу бүрэлдэхүүний цугларалт болж байгаагаараа онцлог юм. Тэд яах аргагүй ирэх олимпийн шилдэг хүчтэнүүд юм. Тэдэнтэй туршлага солилцох сайхан завшаан энэ тэмцээнээр тохиолоо. Би 60 кг-ын жинд олон жил барилдсан. Харин энэ удаагийн тэмцээнд 66 кг руу өгсч орсон. Цаашид олимпийн эрх олгох тэмцээнүүдэд ч 66-даа барилдах бодолтой байна. Энэ жин надад тохирч байгаа гэсэн үг. Би хүчтэй бөхчүүдтэй таарсан. Жишээ нь надтай эхэлж барилдсан Японы бөх гэхэд Лондоны олимпийн аварга юм. Мөн аваргын төлөө барилдсан Энэтхэгийн бөх олимпийн наадмын мөнгөн медальт байх жишээтэй. Барилдаан бүр хэцүү байлаа.
-2009 оны Азийн аваргад мөн мөнгөн медаль хүртсэн байх аа?
-Тэр үед чөлөөт бөхийн спортод дөнгөж хөл тавьж байсан юм. Харин энэ удаа амжилтаа давтлаа.
-Дөрвөн жилийн дараа яг хэвэндээ гэж шүүмжлэх хүн гарвал юу гэж хэлмээр байна?
-Манай монголчууд ялалт ялагдлын үнэ цэнийг сайн мэддэг учир тийм зүйл ярих хүн гарахгүй биз дээ.
-Медалийн өнгөө хувиргах боломж байв уу?
-Алтан медалийн төлөө эзэн орны тамирчинтай барилдсан. Шүүгчдээс бага зэргийн нөлөө орсон байх. Гэхдээ дараагийн тэмцээнд шүүгч, хөгжөөн дэмжигчидтэй нь цуг ялна гэж бодож байгаа.
-Та 60 кг-д барилддаг байхдaa жингээ хасдаг байсан уу. 66 кг өмнөх жингээс чинь юугаараа онцлог байна?
-60 кг-ын жинд барилдахын тулд багагүй жин хасдаг байсан. Энэ хэрээр ачаалал нэмэгдэнэ. Харин 66 кг-д барилдах нь надад амар байна. Азийн аваргад анх удаа энэ жиндээ барилдаж байна. Хурд бага зэрэг удааширсныг эс тооцвол бяраар бусад өрсөлдөгчөөсөө илүү байсан шүү.
-Та өнгөрсөн Лондоны олимпийн эрхээ бараг л атгаад алдсан. Тэр тэмцээн танд том сургамж байсан уу?
-Тэгэлгүй яахав. Ид амжилт гаргадаг үедээ олимпийн наадмыг үзэгчдийн суудлаас харах нь ямар сайн байхав. Би өнгөрсөн хугацаанд их сургамж авсан. Тиймээс том жижиг бүхий л тэмцээнд хүчээ бүрэн дайчлах бодолтой байна.
-Хэдхэн хоногийн дараа Улаанбаатарт “Мongolia open” олон улсын тэмцээн болно. Энэ тэмцээнд зодоглох уу?
-Эх орны дэвжээнд олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн болж байхад надад амрах эрх байна гэж үү. Монголын шигшээ багийн тамирчид энэ тэмцээний үндсэн бэлтгэлд өчигдрөөс гараад байна. Би энэ тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. Харин энэ удаагийн тэмцээнд шинэ жиндээ түрүүлэх зорилго тавиад байна.
-Таны багш Ц.Цогтбаяр шигшээгийн ахлах дасгалжуулагч болсон. Арай л өөр байна уу?
-Миний багш өмнөх дасгалжуулагчдын адил ажлаа хийж байгаа. Тэр, энэ нь гэж яримааргүй байна. Тухайн тамирчны амжилт өөрөөс нь шууд хамааралтай байдаг. Намайг хүүхэд байхаас мэдэх багштайгаа шигшээ багт хамт бэлтгэл хийх нь надад нэг талаар амар байна. Гэхдээ Цогоо багш ганцхан надтай ажиллахгүй шүү дээ. Шигшээ багийн бүх хүнд хүрч ажиллах үүрэгтэй.