Бэлтгэсэн Д.ЖАВХЛАН
Олимпийн шинэ мөчлөгийн гарааны жилд Монголоос нэг бус Азийн аварга төрөв. Хамгийн анх гавьяат тамирчин Б.Сэр-Од марафоны төрөлд аваргалж алтан медалийн дардан замыг зассан гэхэд болно. Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард Хонконгт болсон Азийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр цаг 17 минут 56 секундын амжилтаар Азийн аварга болсон. Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд гурван олимпод дараалан оролцсон хашир туршлагатай тамирчин билээ. Тэрээр таван жилийн өмнө Японы Осакад Азийн аваргын мөнгөн медалийг хүртэж байсныгаа ахиулсан нь энэ.
Тэгвэл алтан медаль булган сүүлтэй байж Энэтхэгийн Дели хотноо зохиогдсон дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай эмэгтэй дугуйчин Т.Энхжаргал алтан соёмбот далбайгаа намируулсан юм. Түүний энэ амжилт дугуйн спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх нь дамжиггүй. Тэрээр дугуйн спортоор хичээллээд ердөө нэг жил болж байгаа ч туршлагатай багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийснээр 28 км замыг 39 минут 27.3 секундэд туулж аваргалсан билээ.
Улмаар өнгөрсөн долоо хоногт Тайландын нийслэл Бангкок хотноо болсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний татамид ОУХМ Д.Төмөрхүлэг 66 кг-ын жинд аваргалсан юм. Тэрээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хонконгийн Ю Люн Чуйг цэвэр ялж, дараагийн барилдаанд БНСУ, Японы бөхчүүдийг дараалан юүко үнэлгээгээр ялж тивийн аварга болсон билээ. ОУХМ Б.Төмөрхүлэг Лондоны олимпийн татамид 60 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд ирэх олимпийн оноо цуглуулах тэмцээнд 66 кг-д зодоглож байгаа билээ.
Харин энэхүү баярт үйл явдалтай дөрөө холбосон алтан медалийг Энэтхэгийн Нью Дели хотноо чөлөөт бөхийн ААШТ-ээс гавьяат тамирчин О.Насанбурмаа өрсөлдөгчдөө төвөггүй буулган авч алтан медалийн буухиаг амжилттай залгууллаа. Тэрээр 2004 оны чөлөөт бөхийн Азийн аваргаас хүрэл медаль авч чөлөөтийн мэргэжилтнүүдийн анхаарлыг яахын аргагүй татсан нэгэн. Мөн 2008 оны Дэлхийн аваргын дэвжээнээс мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн долоо хоногт болсон Тивийн аваргаас алтан медаль хүртсэнээр олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээний медалийн цуглуулгаар эмэгтэй тамирчдаа тэргүүлэх боллоо.
Ийнхүү шинэ олимпийн мөчлөгт Монголын топ спортын залуу халаа эхний шалгалтаа амжилт тай өгөөд байна.