Б.БАРС
Орост байсхийгээд л Монголын түүхэн сэдвээр нүсэр төсөвтэй кино хийж, тэр нь үзэгчдийг байлдан дагуулаад зогсохгүй янз бүрийн кино наадмын шагналыг хамдаг болжээ. Хэд хэдэн улсаас хөрөнгө босгож бүтээсэн найруулагч Сергей Бодровын “Монгол” түүхэн блокбастер 2007 онд ОХУ-ын киночдын “Ника” шагналыг долоон номинацид аваад зогсохгүй “Оскар”-ын алтан баримлыг шилдэг гадаад кино номинацид гардахаа шахсан.
Тэгвэл монголчуудын байгуулсан Алтан орд гүрний XIV зууны нэгэн үйл явдлыг дүрсэлсэн “Орд” кино “Ника” шагналд 11 номинацид нэр дэвшээд долоог нь өөрийн болгоод удаагүй байна. Энэ кино Москвагийн олон улсын 34 дүгээр кино наадмаас гурван ч шагнал хүртсэн. “Орд”-ыг бүтээхэд оросууд 12 сая ам.доллар зарцуулсан юм билээ. Сүүлийн жилүүдэд Орост ийм их хөрөнгөөр кино хийж байгаагүй гэх.
Удахгүй Сергей Бодров “Монгол” киноныхоо үргэлжлэлийг бүтээгээд үзэгчдэд толилуулна. Залгуулаад хойд хөршид Монголын сэдэвтэй өөр нэг томоохон дэлгэцийн бүтээл гарах янзтай. Ямар боловч хэд хэдэн тийм төсөл яригдаж эхэлжээ.
Оросын киночдын дунд Монголын сэдэв ёстой л моодонд орж байна. Социализмын үед, оросууд монголчуудын удирдлаган дор 200 гаруй жил байсныг хөндөх нь тун эмзэг, бүр хориотой ч гэмээр зүйл байсан. ЗХУ-ын задралын дараахь тарчигхан он жилүүдэд тиймэрхүү кино хийх санхүүжилт байсангүй. Харин улс орныхоо эдийн засгийн тогтворжилтыг даган киноны салбар өндийж эхлэхэд “Хориотой бүхэн сонирхол татдаг” гэх бичигдээгүй хуулийн дагуу энэ сэдэв уран бүтээлчдийг соронз шиг татах болсон гэлтэй.
Гэхдээ ЗХУ-ын үед хийсэн Монголтой холбоотой хэд хэдэн чамбай бүтээл бий. В.Пудовкины 1928 онд найруулсан хар цагаан, дуугүй “Чингисхааны удам” кино тэр үедээ соёлт Европыг байлдан дагуулсан төдийгүй өнөөг хүртэл ЗХУ-ын үеийн оргил бүтээлүүдийн нэгд тооцогддог юм билээ. Энэ кинонд хийдэд шавилан сууж залхаад тайга руу зугтан ан хийж яваад партизаны отрядад элсэн байлдаж, улмаар Английн цэрэгт олзлогддог Баяр гэх монгол залуугийн адал явдал ихтэй замналын тухай өгүүлдэг.
Мөн домогт А.Тарковскийн 1966 онд найруулсан “Андрей Рублев” кинонд Алтан ордны төгсгөлийн үе гардаг. Дээр нь алдарт А.Германы зохиолоор 1991 онд хийсэн “Отрарын мөхөл” кинонд Дундад Азийн Мохаммад шахын гүрнийг Монголын цэрэг байлдан дагуулж буй үеийг харуулдаг билээ.
Харин Андрей Прошкины найруулсан “Орд” киноны ихэнх үйл явдал Алтан ордны нийслэл Сарай-Бат хотод өрнөдөг. Хаан Жанибекийн эх Тайдула гэнэт сохорч, ямар ч эмч домч, мэргэч төлөгч илааршуулж хүчрэхгүй байжээ. Тэгтэл хааны тойрон хүрээлэгчид Москвагийн хар лам Алексий янз бүрийн өвчин эдгээн ард олныхоо дунд домог мэт ярих болсныг дуулж гэнэ.
Тэгээд хааны элч нар Москва руу довтолгож, гайхамшгийг бүтээгч гэгддэг Алексийг Сарай-Батад очин эх хатныг хараа оруулахыг тушаажээ. Эс чадвал Москваг тэр чигт нь галдан шатаана гэж сүрдүүлсэн аж. Москвагийн ван Иван Иванович хар ламыг биечлэн ятгаад Сарай-Бат руу явуулжээ. Холын аян замд Алексий өөрийн туслах Федькаг авч явна. Алтан ордны нийслэлд ирээд орос лам үзээгүйгээ үзэж, янз бүрийн адал явдалтай учирна...
Үйл явдал нь ингэж эхэлдэг тус кинонд тоглох жүжигчдийг сонгох гэж уран бүтээлчид олон газар орноор, бүр Монголоор хүртэл явсан гэх. Үр дүнд нь кинонд халимаг, буриад, тува, татар, якут, казах, киргизүүд ихээр тогложээ.
Сарай-Бат хотын аварга том декорацийг Астрахань мужийн Селитренное тосгоны ойролцоо босгожээ. Ингэхдээ түүхийн үнэн бодит байдал гэхээсээ илүү зураачдын задгай сэтгэлгээнд тулгуурлан бодит бус, бараг харь гаригийн юм шиг харагдах хот бүтээхийг зорьсон аж. Учир нь кино зохиолд Сарай-Батын тухай “Гэнэт шавар хот харагдав. Энэ хот хорвоогийн хөрснөөс бүрэн арилах цаг ирнэ. Магадгүй ийм хот хэзээ ч байгаагүй ч байж болох...” гэсэн байжээ. Одоо тэрхүү өвөрмөц декорацийг ашиглан Астраханийн захирагч А.Жилкиний санаачлагаар “Алтан ордны нийслэл Сарай-Бат хот” нэртэй аялал, жуулчлалын төв байгуулж эхэлсэн байна.
Тус кино “Монгол”-ын нэгэн адил бишгүй шүүмжлэлд өртсөн аж. Зарим нь Оросын түүхийг харлууллаа гэж байхад нөгөө хэсэг нь эсрэгээр, Алтан Ордыг хэтэрхий “доош нь хийж” түүхийг гуйвууллаа гэжээ.
Юутай ч Монголын сэдвийг урьд нь хөндөж явсан В.Пудовкин, А.Тарковский, А.Герман, С.Бодров зэрэг “акулуудын” шийрийг хатаан Андрей Прошкин Оросын орчин цагийн кино урлагийн урдаа барих төлөөлөгчдийн нэгд зүй ёсоор тооцогдох болсон билээ.
Ингээд, түүний “Афиша” сэтгүүлд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.
-”Орд” кино Орос дахь Монголын ноёрхлын үеийн тухай анхны том бүтээл болж байх шиг. Уг нь Оросын түүхийн энэ сонин содон үе найруулагчдын сонирхлыг ихээр татмаарсан?
-Урьд нь Алтан ордын цаг үеийн тухай кино байсан уу гэвэл байсан. Алдарт “Андрей Рублев”. Өөр байхгүй. Ичмээр шүү. Гэхдээ тэр кинонд “Орд”-оос арай хожуу үеийг дүрсэлсэн. Ер нь “Орд”-ыг би анхнаас нь хийе гэж өөрөө санаачлаад, хөөцөөлдөөд зорьсондоо хүрсэн юм биш. Над руу продюсерууд утсаар ярьж, Алексий гэгээнтний тухай кино хийх санал тавьсан юм. Киног “Үнэн алдарт шашны нэвтэрхий толь” нэртэй компани хийх гэж байгааг дуулаад шууд л эелдэгхэнээр татгалзья гэж шийдэж билээ. Гэвч продюсерүүд шашныг сурталчилсан кино огтхон ч биш гэж итгүүлж чадсан. Тэгээд л бүх ажил өрнөж эхэлсэн дээ.
-Продюсерүүд киног үзээд юу гэсэн бэ?
-Тэд нарт ямар нэг хэмжээгээр таалагдсан гэсэн. Продюсер Сергей Кравецт би талархаж явдаг шүү. Тэр киноны зохиолыг бичсэн Арабов бид хоёрыг хөөж явуулаад, илүү “зөв” киног өөр хүнээр хийлгэж болох л байсан. Бид хоёр яахав, шашин, сүмтэй холбоотой биш. Гэтэл Сергейн ажил үүнээс салангид байна гэж үгүй шүү дээ. Хэдийгээр “Үнэн алдарт шашны нэвтэрхий толь” шашны бус иргэний байгууллага ч тэд бидний сэдсэн киног зөвшөөрсөн нь иргэний зоригтой нь холбоотой гэж боддог.
-Та кино зохиолыг анхнаасаа Арабоваар бичүүлнэ гэж шийдсэн үү?
-Тэгсэн. Нэгдүгээрт, Арабов үнэхээр гайхалтай сайн кино зохиолч. Түүн шиг зохиолч манайд магадгүй гурав, дөрөвхөн л байх шиг. Хоёрдугаарт, тэр шашин шүтлэгийг хүндэлдэг ч ямар нэг үзэл бодолд баригддаггүй. Тэр ганц хоёр хуудас юм биччихээд лам дээр очин өмнө нь сөгдөж мөргөн зөвлөгөө авах хүн биш.
-Хүмүүсийн сүсэг бишрэлтэй эвтэйхэн харьцахгүй бол болохгүй болсон цаг даа?
-Миний бодлоор үнэн алдарт шашны тэргүүн нар төр засгийн удирдлагатай дэндүү дотно байх болж. Бид киногоороо тийм байж болохгүйг ямар нэгэн байдлаар ойлгуулж чадсан гэж бодох юм.
-Гэвч киног анх дэлгэцнээ гарч байхад үнэн алдарт шашны эсрэг бүтээл болж гээд шүүмжилсэн?
-Киноны маань талаар утгагүй юм бишгүй ярьсан, ярьсаар ч байгаа. Зарим нь бүр үнэн алдарт шашинтны боевик, тулаантай кино гэж нэрлэсэн. Би “Орд”-ыг хийгээд зүүнээс ч, баруунаас ч бишгүй алгадуулсан. Тэгнэ гэдгийг ч анхнаасаа мэдэж байсан юм. Яагаад гэхээр манай оронд аливааг нэг л өнцгөөс хараад сурчихсан.
-Та киногоо орчин үеийн тухай гээд байгаа. Яагаад вэ?
-Түүхэн кино орчин үетэй ямар нэг сэжмээр холбогддог гэж боддог. Түүхээс орчин үеийн бүх асуудал толин дээр юм шиг харагддаг гэх үү дээ.
-Түүхэн баримтуудыг гажуудуулсан гэх шүүмжлэл ч их гарсан даа?
-Тэр үеийн тухай маш цөөхөн түүхэн сурвалж үлдсэн юм билээ. Тэгээд ч ихэнх нь улс төрийн шинжтэй болохоос энгийн ард иргэд яаж амьдарч байсан тухай биш. Гэхдээ бид зориудаар киногоо бодит үнэнээс домог руу хазайлгасан юм. Анхнаасаа ч бидний шийдэл тийм байсан даа.