Д.ЦЭРЭННАДМИД
“Хилчин” спорт хорооны дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын өсөх идэр начин, хурандаа Д.Дашжамцтай ярилцлаа. Тэр тун сайхан яриа хөөрөөтэй нэгэн юм. Түүний ус нутаг, бага насны амьдралаас бид хоёрын яриа эхлэв.
Хурандаа ингэж ярьлаа:
-Миний уугуул нутаг Өвөрхангай аймгийн Өлзийт сум. Хуучнаар бол Сайнноён хан аймгийн Илдэн бээсийн хошуу. Олонхи нь Цогт хун тайжийн удмынхны нутаг. 1954 онд ээжийнхээ 19 настайд гарсан юм. Жирийн малчны хүүхэд яаж өсдөг билээ тэр л аясаар малын захад өндийсөн дөө. Нэг онцлог нь гүүний саам л их ууж өссөн. Зэлэн дээр бол хувинтай саам руу толгойгоо хийчихдэг, гэрт бол хөхүүр хавиар сааманцар эргүүлээд л... Саамны хүүхэд нэртэй л байлаа шүү дээ.
-Саамнаас салдаггүй байсан гэхээр өсөлт сайтай бадируун “нөхөр” байж таарах нь дээ?
-Гүүний саам цагаан идээгээр тэжээлгэж өссөн хүүхэд эрүүл чийрэг өсдөг. Тэгээд ч тэр үү, миний өвөг эцэг Санжаа гэж хүн байсан. Тэр л намайг бөх болно гэж их урамшуулдаг байж билээ. Хүүхэд юм болохоор онгирч саахалтын хүүхдүүдтэй ноцолдох дуртай. Дээлийн товч шилбэ ч бүтэн явах нь ховор. Сургуульд байхад сумын наадмаар бөхийн аманд очиж унах олон. Тэгсээр байгаад л цэрэгт яваад тамирчин болох замдаа орсон. Тэр цагаас хойш 41 жил болчихож. Байлдагчаас хурандаа хүртэл цол зүүлээ.
-Би ер нь бөх болох нь гэж урамшсан анхны барилдаанаа дурсвал ямар вэ?
-Бас л сонин түүх яринаа. 1972 онд Өвөрхангайгаас 17 машин цэрэг морддог юм. Замдаа барилдаан зохион байгууллаа. Би учирсан бүхнээ хаясаар ногоон дээлтэй өндөр залуутай үзүүр, түрүүнд үлдээд түүнд унаж байлаа. Тэр үеэс л барилдаж болох юм байна гэсэн урам орсон доо.
-Ногоон дээлтэй өндөр залуу хэн байв аа?
-Улсын заан Ё.Ишгэн байсан. Тэр учраанаас хойш эр хүний, бөхийн хувьд сайхан найзууд байлаа бид. Харамсалтай нь тэр маань наслаагүй дээ.
-За тэгээд цэрэгт очоод л жинхэнэ үзэж тараа байлгүй дээ?
-Хилийн цэргийн Дорнодын отрядын улсын баатар П.Чогдонгийн удирдсан хилийн хороонд хуваарилагдан очсон. Тэнд байхад хилийн цэргийн 40 жилийн ой болж гурван оны цэрэг оролцсон барилдаан болоход Дорновийн Сэр-Од гэгчтэй үлдээд би түрүүлсэн. Тэгснээр тамирчин болох зам шулуудсан шиг байгаа юм. Лав л заал танхимын барилдаанд барилдах эрхтэй болов. Цаашид нь бодлогоор хилийн цэргийн хэмжээний уралдаан тэмцээнд явуулдаг байлаа. Харин надад нэг л бодол байх. Бушуухан халагдаад хөдөөгөө очихсон гэж. Өөрийн хэдэн морьдтой, адуу, айаргт хорхойтойг хэлэх үү. Гэтэл яг халагдах үеэр надтай таван нөхрийг улираах тушаал гардаг юм. Ингээд л ахлагч мөрдөстэй форм өмсөөд “Хүч” спорт хороонд орон тооны тамирчин болдог байгаа даа.
-Тэр үед “Хилчин” спорт хороо гэж байгаагүй юм уу?
-Уг нь “Хилчин” чинь 1946 онд байгуулагдсан юм. 1954 онд “Хүч”-тэй нэгдсэн. Дараа нь 1955-1975 он хүртэл “Алдар” гэж байлаа. Тэгээд 1975 ондоо “Хүч” дахин байгуулагдсан. Би анхны таван тамирчны нэг нь. Ийм л түүх бий.
-Таны анхны багш ямар хүмүүс байсан бэ?
-Олимпийн тугч гэгддэг байсан Найдан гуай, бөхийн багш маань Б.Гэлэг. Тэднийхээ удирдлагад самбо, жүдогийн тамирчин болов. 1976 онд самбо бөхийн улсын аваргын тэмцээнээс анхны хүрэл медалиа авч байлаа. Түүнээс хойш олон улсын уралдаан тэмцээнд явж бас чамгүй амжилт үзүүлсэн дээ. Самбогоор улсын гурван удаагийн аварга, тухайн үеийн ЗХУ-д болж байсан олон улсын гурван ч тэмцээнд түрүүлсэн. Тэр үед 3-4 жил босоо л тамирчин байж. Ер нь 10-аад жил хуруу дарахад эхний гуравт багтдаг л байлаа даа. 1980 онд Москвагийн олимпод оролцсон. ОУХМ цолтой болсон.
-Үндэсний бөхөөр улсын цолд хэдийд хүрлээ дээ?
-Самбо, жүдогийн бэлтгэл гээд үндэсний бөхөөр барилдах цаг зав тун бага байдаг байлаа. 1978 онд улсынхаа баяр наадамд анх зодоглож гурвын даваанд Ч.Бээжин аваргад унасан. 1979, 1980 онд гадаадын уралдаан тэмцээн, олимпийн бэлтгэл гээд зодоглоогүй. Тэгээд 1981 онд улсын наадамд хоёр дахиа барилдаад тав давж улсын начин цол хүртсэн. Улсын гарьд Д.Баярааг начин байхад нь тавын даваанд аманд нь очоод хаясан. Зургаагийн даваанд дархан аварга Х.Баянмөнхөд унасан. Дараа жил нь дөрвийн даваанд Р.Давааням, тавд Г.Жалааг давж начин цолоо баталсан. Зургаагийн даваанд О.Бахыт начинтай тунаж барилдаад дийлээгүй. Дараа нь голдуу л гурав давж байсан. Нэг удаа дөрөв даваад Д.Цэрэнтогтох аваргад унаж байлаа.
-Таны үеийнхэн Д.Дашжамцын дархан ачих мэх тун осолтой. Мэдээд байгаа хэрнээ хондлой дээгүүр нь давчихдаг гэж ярьдаг. Үнэхээр өөрийн чинь дархан мэх ачих, тонгорох байв уу?
-Яахав. Нэг үе сурцтайхан л ачдаг, тонгордог байлаа. Миний баруун хөлийг бөхчүүд тэр бүр авдаггүй л юм. Хөлийг чинь аваад хаяна гэж амлаад авсан нь тонгоруулчихаад амаа барьж байсан нь ч бий. Ингэж ярихаар мэдэх нь тийм л гэх байх. Залуучууд мэдэхгүй биз. Энэ нөхөр онгирлоо гэж магадгүй. Шавь нартаа ч ачих, тонгорох мэхээ уламжлуулах гэж зааж ч үзсэн л дээ.
-Дасгалжуулагчийн хувьд ярихад таныг олон шавьтай хүний нэг гэж дуулсан юм.
-Тийм ээ. Дөч гаруй жилийн хугацаанд олон хүний багш гэгдэж явна. Хөгшин, залуу 1000 шавь лав бий. Хаа л явна “Багш аа, багш аа” гэх нь сайхан л байдаг юм. Өөрөө олон сайн багштай байлаа. Шигшээ багт байхад Д.Баатаржав, Г.Пүрэв-Очир, Ч.насантогтох, Ш.Чанарав гээд л алдартнуудтай өрсөлдөж бас тэднээсээ их юм дурсан.
-Тэр олон шавь нараасаа нэрлэ гэвэл хэнээс эхлэх бол. Та...?
-Их аварга Б.Бат-Эрдэнээс эхлээд улсын аварга Д.Сумъяабазар, улсын заан С.Сүхбаатар, Н.Хишигдорж, Ч.Бямбадорж, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ гээд л явж өгнө дөө. Улсын начингууд бол тоогүй олон. Би чинь эхний үед самбо, жүдо, үндэсний бөх гурвууланг дасгалжуулж байсан. Сүүлдээ үндэсний бөхийг дагнасан. Тэгэхээр тив, дэлхийн аварга, медальтнууд ч зөндөө л дөө. Би нэг юм боддог юм. Миний шавь гэж хэлэх нэг хэрэг. Тэр хүн л миний багш чинь Дашжамц шүү дээ гэж ярьвал л баталгаатай шүү дээ. Энэ хөдөлмөрийнхөө үр шимээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч гэдэг эрхэм нар алдрыг хүртсэн. Тиймээс олон зуун шавь нараараа бахархаж явдаг даа. Олон ч дасгалжуулагч төрүүлсэн дээ.
-Таны гарын шавь нарын нэг нь улсын заан С.Сүхбаатар агсан байх. Тэр хүний талаар жаахан дурсахгүй юу?
-Санжжавын Сүхбаатар “Хүч” нийгэмлэгт анх ирэхдээ хазгайдуу хэлтэй, туранхай залуу ирж байсан. Тун удалгүй хувилж ирсэн. Өсөх ирээдүйтэй хүүхэд гэж бид ярьдаг байсан юм. Сайн ч бөх болсон. Чөлөөт бөхөөр Азийн аварга болсон. Үндэсний бөхөөр улсын заан цолтой. Үндэсний бөхийн хувьд гараа дэвээ гэж бид хүртэл түүний гарах дэвэхийг харах гэж л боддог байсан. Золбоотой сайхан ч барилдана. Олон олон барилдаанд түүний өрсөлдөгчийнхөө хөлийг аваад цацаж байхыг харахад үнэхээр бахархмаар байдаг. Ер нь барилдах хугацаандаа нэг ч жилийг алгасалгүй миний гар дээр бэлтгэл хийж байсан юм шүү дээ. Сүүлдээ гэр бүлийн хувьд ах, дүүс шиг ойр дотно байсан.
-Зан аашийн хувьд их зөөлөн, сайхан хүн байсан гэж бөхчүүд ярих юм билээ?
-Сайхан л эр хүн байж дээ. Уурлах уцаарлахыг мэдэхгүй шахам. Хүнийг дэмжих юмсан, туслахсан гэж л ярих. Бид” нам” Сүхээ гэх. Яахав Увс нутгийн аялгаар “ЭК нам” гэж их олон хэлнэ. Сүүлдээ тэр аялгаа мартаж билээ. “Хүч” нийгэмлэгийн түүхэнд онцгой амжилт, бүтээл гаргасан хүний нэг нь яахын аргагүй мөн дөө.
-Энэ жил түүний нэрэмжит барилдааныг “Хүч” спорт хороо зохион байгуулах гэж байгаа юм билээ...?
-Урьд нь төрөлх Увс аймагт нь барилдаан зохион байгуулдаг байсан л даа. Энэ жил “Хүч” дээр болох гэж байна. Бидэнд ч бэлдэх, барих юм байна.
-Та “Хилчин” спорт хороог хэдэн жил удирдаж байна вэ?
-15 жил болж байна даа. Яахав бусдад зааж сургасан юм ч бий. Бусдаас сурсан нь түүнээс илүү байх шүү.
-За сайхан ярилцсанд баярлалаа. Одоо хурандаа хувцсаа нэг өмсөөтөх нь үү. Зураг авъя?
-Чи чинь бас хилийн цэрэгт алба хаасан бэлтгэл дарга гэв үү. Хурандаад тушаал өгч болж байгаа юм уу. За за тоглосон юм. Хувцсаа өмсчихье, сурвалжлагч аа.