1909-1978 он

Н.БАТМӨНХ

Засагт хан аймгийн Сар­туул Сэцэн ван­гийн хошуу, одоо­гийн Зав­хан аймгийн Сант­маргац су­мын нутаг Хол­боо-Цайдам гэ­дэг газар 1909 оны шороон та­хиа жил малчин эмэгтэй Шаг­дарын ууган хүү болон мэндэл­жээ.

Тэрээр 16 орчим настайгаасаа Галуутын хүрээнд шавилан сууж байхаасаа эхлэн бөхийн шинж бүрдэж эхэлсэн үеэсээ овоо тахилгын наадамд бөхийн аманд гарч эхэлсэн бөгөөд тэр үеийн нутгийн сайн бөх Чойдон заан, тэмээ өргөдөг гэзэгт хар, хөх Лут-Очир нарыг өвдөг шороодуулж, овоо тахилгын наадамд хэд хэдэн удаа түрүүлж нөхдөөсөө тасарч илэрхий хүч тэнхээ сууж эхэлжээ.

Ш.Санжсүрэн 1932 онд Архангай аймгийн баяр наадамд очиж барилдан хүчит 128 бөхөөс Сайн ноён хан аймгийн Саруул гүний хошууны “Аат” хэмээх Д.Лувсанжамцыг хаян түрүүлж аймгийн арслан цол авчээ.

Түүний улсын баяр наадамд үзүүлсэн амжилтаас сонирхуулъя.

1935 онд 720 бөхөөс зургаа давж “Хотлоор баясгагч” начин цол.

1937 онд 896 бөхөөс зургаа давж “Идэр залуу, үнэн хүчит” заан цол.

1942 онд 360 бөхөөс найм давж үзүүрлэж 33 насандаа Монгол Улсын “Идэр хүчит, уран” арслан цол хүртжээ.

1946 онд 1024 бөхөөс гурав давжээ.

1947 онд 512 бөхөөс гурав давж Төв сургуулийн Банзарт унажээ.

1951 онд 1024 бөхөөс дөрөв давж Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Даваагийн Дамбадондогт унажээ.

Мөн 1952, 1954, 1956 онуудын баяр наадамд тус бүр хоёр давжээ.

Үүнээс гадна 1937 оны Завхан аймгийн баяр наадамд үзүүрлэж “Бас баярлах, баатар зоригт, бардам түрэмгий барилдаанч”,

1938 онд Төв аймгийн баяр наадамд түрүүлж “Үнэн хүчи”т чимгүүдийг тус тус авчээ. 1938 онд Хэнтийд барилдаж түрүүлж байсан  байна. Тэрээр Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойгоор уригдан ирж ахмад бөхчүүдийн барилдаанд барилдаж нэгийн даваанд Булган аймгийн Сайхан сумын харьяат А.Моломжамц зааныг орхиж байжээ.

Ш.Санжсүрэн арслан Гандан хийдэд лам болон шавилан сууж байжээ. Бөхийн хувьд барьцгүй гүйх, эсвэл барьцнаас дамжиж хонгодох, дайрах мэхийг дадамгай хийдэг, чац өндөр, том янхирдуу биетэй барилдаан төрх нь ерөнхийдөө Ш.Батсуурь аваргатай төстэй хүн байжээ.

Ш.Санжсүрэн арслан 1932 оноос нягтлан бодогчийн, 1960 онд нябо-бүртгэлийн мэргэжлийг тус тус суралцан эзэмшиж, улс, хоршооллын байгууллагад 1978 он хүртэл олон жил үр бүтээлтэй ажиллаж байснаас гадна шаардлагатай үед тусгай даалгаврыг ч гэсэн гарамгай сайн биелүүлж явжээ. Ш.Санжсүрэн арслан ажиллаж байсан байгууллагынхаа намын үүрийн товчооны гишүүн, нарийн бичгийн даргаар 30 шахам жил ажиллаж, аймаг, хотын бага хуралд гурван удаа, аймгийн депутатаар таван удаа, гар үйлдвэрийн их хуралд төлөөлөгчөөр, артельчдын холбооны тэргүүлэгчээр сонгогдон хамт олны итгэл найдварыг хүлээж явжээ.

1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн баярт ажлаараа шалгаран оролцож “карбин буу, бүрх малгай”-гаар шагнагдаж байснаас гадна улс хоршооллын байгууллагын санхүү, тоо бүртгэлийн ажилд идэвхи зүтгэлтэй ажилласныг нь төр, засаг өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, түрэмгийн Японыг ялсан болон Халх голын ялалтын 30 жилийн медаль, Ардын хувьсгалын 25, 40, 50 жилийн хүндэт медалиар шагнагджээ. Ш.Санжсүрэн арслан өсвөрийн болон залуу бөхчүүдэд бөх хүний анхаарч хэрэгжүүлж байвал зохих зүйлийн талаар байнга зөвлөдөг нэгэн ёсны багш хүн байж. Завхан аймгийн биеийн тамирын байгууллагаас жил бүр түүний нэрэмжит үндэсний бөхийн хүүхэд, залуучуудын барилдааныг зохион байгуулдаг сайхан уламжлал тогтжээ. Халхын нэрт арслан Ш.Санжсүрэн ажил үүргээ гүйцэтгэж амьдарсаар 1978 оны үед насан өөд болжээ.