Н.МӨНХСАРУУЛ
Монгол бөхийн түүхэнд тодорсон хүчит арслангуудын нэг улсын начин цолтойдоо анх улсад заан цолыг алгасан түрүүлж арслан цолонд хүрч задгайдуу “салхитай” барилдаанаараа үзэгчдийг шуугиулж явсан Баньдийн Ганбаатар арслантай ярилцлаа.
-Та яг Баян-Өндөрийн унага биз?
-Тийм ээ. Би Тэрэлжийн уулсын суганд тоглож өссөн дөө.
-Бөх үзэж суухад өвгөчүүл танай аавыг адуунд их эрэмгий гэлцэх юм билээ?
-Адуунд эрэмгий, нойронд сэргэг хүн. Баян-Өндөрийн бараг эмнэг ардаг бүхнийг Баньд л унаж сургасан гэж үеийнхэн нь хуучилдаг юм. Морь их сайхан уургална. Одоо 85 настай үр ачаа тойруулчихаад сууж байгаа даа.
-Таны бөх болох анхны гарааг чинь сонирхвол...?
-1975 онд манайх хотод шилжиж ирсэн. Есдүгээр ангисаа бөхөөр хичээллэж 1976 онд Улаанбаатар хотын пионер сурагчдын IV спартикиадаар чөлөөт бөхөөр улсын аварга болж бөөн баяр болж байлаа. Хөхөө багшийн шавь л даа. Наймдугаар анги төгсөх жилээ сумынхаа наадамд хоёр даваад байнд нь литрийн шанага, толгой лаа өгөхөд аав маань машид бэлгэшээн дээшээ харсан сав, асан мандахын бэлгэдэл лаа өглөө хэмээн ихэд баярлан “Миний хүү бөх болох юм байна” гэж урмын цулбуур атгуулсан даа.
-Та бөхийн харгуйд гаргасан амжилтаа тодруулаач?
-1990 оноос хойш “Алдар”-т үндэсний бөхийн дасгалжуулагч хийлээ. Самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт 10 гаруй жил байлаа. Энэ хугацаанд самбо бөхөөр гурван удаа, жүдо бөхөөр дөрвөн удаа улсынхаа аварга болж байсан. Үндэсний бөхийн улсын спартакиадын аваргаар нэг удаа тодорсон. 1978 оноос үндэсний бөхөөр барилдан улсад нэг удаа түрүүлж, арав шөвгөрлөө.
-Начин цолтой түрүүлсэн жил их одтой, азтай байсан даа?
-Дөчин жилээр С.Цэрэн аварга начин цолтой түрүүлж байсан. Би тэр амжилтыг давтсандаа баярлаж явдаг. Тэр жил ер нь их одтой жил. Улсад түрүүлээд ДЗО-ны XII их наадамд Монголынхоо тугийг барьж жагсаад л. Самбо жүдо бөхөөр олон улсын хэмжээний мастер болоод.
-Таныг их задгай, салхитай барилддаг гэдэг. Энэ талаар найрагчийн наргиа ч бий дээ?
-Би ер нь бие зовоосон баглаа барилдаанд нэг их дуртай биш. Хүний хийн дээр, бариа зөрүүн дээр шийдсэн мэхээ зоригтой хийгээд унагах унахаа шийдэх сайхан даа. Ганбаа арслангийн гарах сайхан салхитай, чиглэл нь тогтворгүй ер нь яаж ч мэднэ гэх утгаар Ц.Чимэддорж найрагч “Ерэн есөн этээ”-дээ бичсэн л байдаг юм.
-Би 1980-аад оны сүүлч ерээд оны эхээр бөх их үздэг, ялангуяа өөрийн тань барилдааныг тэр тусмаа тохой таллаад өлгөж, өхийлдөж цохих мэхийг тань харахсан гэж байлаа?
-Тэр үе миний барилдааны оргил үе л дээ. Бөхчүүд их хөдөлгөөнтэй, хөдөлгөж барилддаг байлаа. Хөдөлгөөн дунд юу ч гарч болох. Улсын заан Ч.Бямбадорж, улсын гарьд П.Сүхбат, улсын заан С.Сүхбаатар, хоёр ихэр Ло.Эрхбаяр, Энхбаяр гээд яах ийхийн зуургүй л хөлд ордог яруухан сийрэг барилдаанууд их гаргадаг байж. Одоо бол бөхийн сургууль олширч барилдаан элбэгшээд нэгнийхээ алхаа гишгээ, мэхийг андахаа байж. Нэгнийгээ анасан, хүлээсэн ийм барилдаан жаахан элбэг болоо юу гэж санагддаг.
-Та бөхийн удамтай юу?
-Ээжийн талд бөхийн удамтай. Эмэг эхийн талд өндөр Гүнчин гэж бяртай хүн байж. Улсад дөрвөн удаа дөрөв давсан цэргийн арслан Цэрэндорж, аймгийн арслан Дамдинсүрэн нар ээжийн эгч, дүүсийн хүүхэд. Улсын өсөх идэр начин Жамъянпүрэвийн ээж манай эмээ нар төрсөн ах дүүсийн хүүхэд.
-Хүүгээ бөх болгоно гэж боддог биз дээ?
-Отгон хүү удамшвал бөх болно биз ээ. Түүнийг цаг хугацаа харуулах байх. Манай хадам улсад хоёр удаа дөрөв давсан гэдэг юм. Эхнэрийн төрсөн ах нь улсын заан Д.Лхагвасүрэн юм шүү дээ. Бөх болоход тань өөрийн сонирхол, бие хаа, сэтгэлзүй гээд их юм орно л доо. Дан ганц удмаар шийдэхгүй л дээ.
-Олон жил багш дасгалжуулагч хийлээ. Ямархуу багш вэ дээ та?
-Ер нь хатуу талын багш. Хэцүүдээ хэцүү, хэрэгтэйдээ хэрэгтэй. Миний ямар багш байсан нь баг хамт олны амжилтаар илэрнэ. Үндэсний бөхийн хувьд улсын гарьд И.Доржсамбуу, улсын начин С.Мандах, улсын заан Д.Сайнбаяр, улсын начин Дэлгэрбат, Цэнгэлсүрэн, Сүхбаатар, улсын начин Сангисүрэн, Б.Сугаржаргал гээд олон улсын цолтнууд багш шавийн холбоогоор надтай хамааралтай явдаг.
-Дасгалжуулагч гэдэг ер нь хэн юм бэ?
-Тамирчин хүн цэвэр өөрийн амжилтын төлөө явдаг. Дасгалжуулагч бол бүгдийн төлөө байх учиртай. Яг л олон хүүхэдтэй эх гэсэн үг. Тэдний амжилт надаас хамааралтай болохоор сэтгэлзүйн ачаалал их. Хэн хаана, хэнтэй таарав гээд л. Давахад нь баярлаад, унахад нь эмзэглээд хэцүү л дээ. Наадам дуустал нойртой хонохгүй. Эцсийн эцэст ханхайж хэлхийсэн халхын сайхан бөхчүүдийн багш гээд явж байх сайхан шүү дээ.
-Яг өөрийн тань багш хэн бэ?
-Халхын цуут бөх харцага Өвөө миний анхны багш. Аавын олон сайхан хүүг “Алдар”-т бөхийн дэвжээн дээр өлгийдсөн энэ буянт хүний ачийг монгол түмэн монгол бөхийн түүх мартах учиргүй юм. Би багшийнхаа ажлыг “Алдар”-т өвлөж авсан. Мөөеө аварга, Д.Цэрэнтогтох аваргуудын үг сургамжийг ямагт дээдэлж ирсэн.
-Дархан мэх чинь чухам юусан билээ?
-Нэг их дархансаад байхгүй ч хоёр талдаа хөл авчихдаг, суйлчихдаг, шуудагнаас аль ч талдаа хавирдаг, гар таллаж татаад өлгөж цохидог мэхийг голлон хийдэг байлаа. Гэхдээ би нутгийн их аварга Д.Цэрэнтогтохын барилдааныг их шүтдэг, ялангуяа түүний хүн ямар мэх хийнэ, түүнийг нь дагуулж хариулж чаддаг тэр гайхамшигтай чадварыг эзэмших гэж их хичээж явлаа. Гэвч гүйцэд сурна гэж юу байхав.
-Өвөрхангайн бөхчүүд гээд ярихаар өнийн түүх сөхөгдөнө дөө?
-Ярих юм их ээ. Их Монгол Шаравжамц, Мээтэн Аюур, Молиго Бүргэд, Дэрэн бор гэж эхлээд л яг Далай гүний хошуунаас Ж.Мөнхбат аварга, Даваасүрэн, Дамдинбазар, Цэвээнсүрэн... гээд тоочиж барамгүй хүчтэнүүд байлаа. Нутгийн уулс наадамд цуг ирдэг гэж Ш.Сүрэнжав найрагчийн нэг үг бий дээ. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, арслан Баньдын Ганбаатар гээд цолоо зарлуулахад ч хол нутгийн уулс минь нүдэнд үзэгдээд, хоёр гарны бяр амтагдаад ирэх шиг сайхан даа.
- “Алдар” спорт хороог таны амьдралын “их өргөө” гэж болох биз?
-Яриа юу байхав. Үе үеийн шилдэг бөхчүүд “Алдар” нийгэмлэгээс төрсөн байдаг. Би ялгаагүй. Эндээс авах л ёстой цолоо хүртэж амьдралаа эхэлсэн. Амьдралын ханиа ч эндээс олсон. Хань маань тэшүүрийн спортын мастер хүн.
-Таны гоёл юу вэ?
-Монгол дээл, монгол заншил, адуу, айраг, аав ээжийн алс хөдөө нутаг. Хөхүүр хөхүүр айраг, хөх хөх өвгөд, монгол сэтгэл минь л мөнхийн гоёл доо.
-Өнөөдөр та гавьяаны амралтаа эдэлж байгаа ч гар хумхиж суугаагүй ээ. Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээ өөртэй тань амгай, зуузай хоёр шиг холбоотой буй гэдэг?
-Өвөрхангайн бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг хийлгэж, гал ахалж, дэвжээг тэргүүлдэг. Залуу бөхчүүддээ зааж, сургаж өөрийн сурсныг хэлж ярьж явах надад сайхан байдаг.
-Танай дэвжээ амжилт их биз. Дэвжээнээс тань одоо шинэ улсын цол горилох бөх олон байна уу?
-Манай дэвжээний амжилт арвин. Энэ жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд II байр эзэлсэн. Сүүлийн жилүүдэд Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал нар улсын начин цолд хүрлээ. Д.Ганхуяг арслан маань бяр хүч мэх ухаан ид тэгширч улсад дахин түрүүлэх, үзүүрлэх итгэл дүүрэн байдаг. Аймгийн арслан Болдбаатар, Батдорж, Ц.Чимэддорж гээд улсын цолд ойрхон идэр арслангуудын ирээдүй саруулхан байна даа. Аймгийн харцага Бундхорол, аймгийн начин Батсайхан гээд цолоо ахиулах залуус байгаа.
-Ам нээвэл уушги нээ. Би ер нь таныг сайн шалгаанаа. Та дотно үерхдэг нөхдөө яриач?
-Амьдралын хүрдэн тойрогт хүмүүний ертөнцөд олон сайхан хүмүүстэй андалж явна даа. Бөхийн хүрээнийхнээс дархан аварга Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ аваргуудтай дотно байдаг. За талийгаач Д.Баяраа гарьд, заан З.Дүвчин, начин Бадрах, начин Чулуун, Улаанхүү бүгд л тоот бөхийн тоонд орж торгон зодгийн мөр атгалцсан бөхөөр холбогдсон эрхэм андууд даа.
-Таны хобби юу вэ. Би таныг ном, уран зохиолд дуртайг дуулсан...?
-Ном сонин хоёрт дуртай. Сонирхсон ном сониноо авахыг л бодно шүү. Уран зохиол уншина гэдэг их гэгээн зүйл. Уншсан зүйлээсээ хүн ухаарал, эргэцүүлэл, сургамж, санаа олон зүйлийг авна. Ном уншсан хүний харьцаа, яриа нэг л өөр байдаг даа. Би бөхийн ертөнцөд хөл тавиагүй бол уран зохиолын багш болох байсан юм.
-За танд баярлалаа. Гэгээн сайхан яриаг тань уншигчид шимтэн унших буй заа?
-Баярлалаа. Бөхчүүд, бөхийн хорхойтнууд “Бөхийн мэдээ”-гийн уншигчдадаа оюуны их бяр хуримтлуулаарай гэж ерөөе.