Д.БОЛОРМАА
Монголын спортын түүхэнд “Лондон-2012” олимп тодоос тод бичигдэж байна. Монголчууд түүхэндээ хамгийн олон медаль хүртсэн олимп нь энэ юм. Биеийн тамир спортын газрын Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтохтой ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Энэ удаагийн олимпоос манай тамирчид медалийнхаа тоог ахиулж чадлаа?
-1964 оноос хойш олимпийн тоглолтод Монголын баг тамирчид оролцож ирлээ. Үүнээс хойш таван медаль авсан амжилт бол байгаагүй. Энэ утгаараа таван медаль авч чадсан нь түүхэн том амжилт. Яахав, Монголын ард түмэн болоод спорт сонирхогчид маань олимпийн алтан медалийг хүлээж байсан. Маш том хүлээлт. Гэвч алтан медалиа авч чадсангүй. Тэмцээн Европод болсон нь тамирчдын амжилтад их, багаар нөлөөлсөн гэж дүгнэж байна. Цаг уур, цагийн зөрүү, хоол унднаас эхлээд Монголын тамирчдад эрс тэс байлаа. Дээрээс нь шүүлтийн үйл ажиллагаа Азийнханд чанга байсан. Гэхдээ манай тамирчид энэ бүхнийг давж ард түмний хүлээж байсан алтан медалийн дайтай мөнгөн медалиуд авсан шүү. Тэр дундаа медальгүй 32 жил завсарласан чөлөөтийн төрлөөр С.Батцэцэг маань медаль хүртлээ. Энэ бол чөлөөт бөхийн цаашдын амжилтад нөлөөлөх сайхан медаль юм. Харин ганзага хоосон ирсэн 24 тамирчныхаа бэлтгэл, өрсөлдөх чадвар, сэтгэл зүйд цаашдаа анхаарах ёстой юм байна. Медаль хүртэж чадаагүй ч сайн тамирчид. Тэдний бэлтгэл, хичээл зүтгэл хэдхэн тамирчны амжилтаар халхлагдах учиргүй.
-Дасгалжуулагчийн хувиар энэ удаагийн олимпод хэр амжилттай оролцоно гэж тооцоолж байсан бэ?
-Спортын бүх төрлүүд том амлаж байсан. Бокс, жүдо, чөлөөтийнхөн тус бүртээ 4-5 медаль авна гэсэн. Амлалт биелсэн бол ард түмэн ихэд баярлах байлаа. Гэхдээ таван медаль чамлахааргүй амжилт юм.
-Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр маань олимпийн хошой медальтан боллоо. Түүний хувьд дэвжээнээ хамгийн тайван байж чаддаг онцлогтой?
-Багш нь Н.Түвшинбаяраар бахдаж байна. Түүнийг Монголын ард түмэн битгий хэл дэлхийн жүдо сонирхогчид “Агуу тамирчин” гэж шагшиж байна. 2008 онд ямар хүнд сугалаанаас ямар сайхан барилдаан хийж аварга болсныг монголчууд мэднэ. Лондоны олимпоос ч гэсэн Олимпийн аварга гэдгээ харуулж хоёр дахь медалиа хүртлээ. Монголын түүхэнд тодоос тод бичигдэх гавъяатай тамирчин юм. Сэтгэл зүйн хувьд хамгийн тайван байж чаддаг нь гарцаагүй үнэн. Ямар сайндаа Бээжингийн олимпод барилдахаас 45 минутын өмнө хурхираад унтаж байсан хүн шүү дээ. Тэр үед шийдвэрлэх барилдаан үдээс хойш болсон учир тэр хугацаанд Түвшээг амраая гэж бодоод хэнийг ч түүнтэй уулзуулаагүй. Түүнтэй уулзах эрхийг хоёр л хүнд өгсөн. Энэ бол Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, нөгөө нь Э.Энхбат. Би шаардлагатай гэж үзвэл өөрөө орох боломжтой. Ингээд Э.Энхбатаар Түвшээгийн байгаа тамирчдын өрөөний хаалгыг гаднаас нь мануулсан. Дээр хэлсэн хүнээс өөр хэн ч орохгүй шүү гэж захисан. Э.Энхбат хаалгыг үнэхээр сайн манаж, хэнийг ч оруулаагүй. Үүний дүнд Түвшээ хоёр цаг маш сайн унтаж амарсан. Барилдаан болохоос 45 минутын өмнө ороход Түвшээ бүр хурхирчихсан унтаж байсан шүү. Тийм том барилдааны өмнө тэгж амарч чадаж байгаа, тийм тайван байгаа тамирчныг би өмнө нь хараагүй. Тэгээд Түвшээг сэрээгээд “За, одоо бос доо. “Хоол идэх үү?” гэхэд “Үгүй” гээд жаахан ус л уусан. Түвшээ алтан медалийн төлөө барилдсан Казахстаны бөх Аскат Житкиевийг өмнө нь ялж байсан. Тиймээс “Чи ялж байсан. Тэр их аймхай хүн” гэж хэлсэн. Түвшээ илүү үг хэлэлгүй “За” л гэсэн. Түүний байгаа байдал, унтаж амарснаас харахад өөртөө үнэхээр итгэлтэй, зоригтой байгаа нь анзаарагдаж байсан. Түвшээ дэвжээнд гараад өрсөлдөгчөө жижиг торгуулиар ялаагүй, олон том үнэлгээ дараалан авч, тасархай түрүүлсэн шүү дээ. Энэ удаагийн олимпод ч гэсэн маш тайван байсан.
-Түүнийг Солонгосын бөхтэй барилдаад гэмтсэний дараа эмч нар барилдах шаардлагагүй гэж зөвлөж байсан. Та багшийн зүгээс барилдахыг нь зөвшөөрсөн үү?
-Гэмтэл авсаны дараахан бие нь халуун учраас учиргүй их өвдөхгүй байсан юм билээ. Гэхдээ хөл нь гишгэхийн аргагүй болчихсон санжигнаж байсан. Намайг “Барилдах шаардлагагүй” гэхэд “Багш аа, би барилдчихъя” гээд дэвжээнээ гарсан. Энэ бол тэр хүний спортын төлөө, эх орныхоо төлөө ямар их эр зориг гаргасныг гэрчлэх байх. Өөрт нь ч гэсэн дахин олимпийн аварга болно гэсэн эрмэлзлэл дүүрэн байсан. Гэхдээ гурван мөчтэй хүн өрсөлдөгчөө ялна гэдэг хэцүү. Хөлнөөсөө болж ялагдсан. Түүнээс биш тэрээр өмнө нь ОХУ-ын бөхийг илт давуугаар ялж байсан. ОХУ-ын тамирчин дэлхийн хэвлэлүүдэд “Би Монголын тамирчин Н.Түвшинбаярыг хүндэлж явдаг. Тэр бэртэлтэй байсан нь мэдрэгдсэн. Надтай сайн барилдаан гаргаж чадаагүй. Би их азтай хүн” гэж үнэлсэн шүү дээ. Мөн Н.Төгсцогт мөнгөн медалиа авчихаад чамлангуйгаар уйлж байсныг та бүхэн харсан байлгүй. Тамирчин хүн болгон ийм л тэмүүлэлтэй байдаг. Ер нь амжилт гаргах тамирчид төрөлхийн зоримог, шийдэмгий зантай байдаг. Хойшид ч гэсэн зоримог, шийдэмгий, хүчтэй, өөрийн гэсэн шуудхан бодолтой тамирчид амжилт гаргана.
-Энэ удаагийн олимпод Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба болон жүдогийн гавьяат тамирчин М.Бундмаа нарыг амжилт үзүүлнэ гэж хүлээж байсан ч талаар боллоо. М.Бундмаагийн тухайд жиндээ дэлхийд чансаагаар хоёрдугаарт бичигдэж байгаа шүү дээ?
-Барагцаагаар 10 гаруй медаль авах боломжтой байсан. М.Бундмаа тэр дундаа жүдочид эхний өдрүүдэд хангалтгүй барилдсан. “Яачихсан юм бол доо” гэмээр гайхал төрүүлж байсан. Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар медалийн тооцоонд байсан хүмүүс. Аль аль нь жижигхэн алдаа гаргасан. Барилдаан дуусах гэж байхад 7-8 секундын алдаа гаргасан. Үнэхээр харамсмаар. Харин долдугаар сарын 30-наас эхлээд барилдаан сэргэсэн. С.Ням-Очир анхны медаль авч, 63 кг-ын Ц.Мөнхзаяа жиндээ тавдугаар байранд орсноор барилдаан сэргэж эхэлсэн юм. Жүдочид амжилт гаргаагүй нь дасгалжуулагчийн алдаа байсан байх гэж бодож байна. Яагаад гэвэл тамирчид цагийг нь дэндүү тулгаж очсон. Олимп эхлэхээс ердөө хоёр хоногийн өмнө очсон. Англи, Монгол хоёр долоон цагийн зөрүүтэй учраас 7-10 хоногийн өмнө очих ёстой байсан. Гэтэл тулгаж очсон. Ингэснээр ямар ч сэргэлтгүйгээр барилдсан. Харин очсоноос хойш 8-9 хоногийн дараа цагийн зөрүү арилж амжилт гаргаж эхэлсэн шүү дээ. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Шинжлэх ухаан нотолсон асуудал. Дээрээс нь гадаадын сурвалжлагч нар манай тамирчдаас “Өрсөлдөгчөө судалсан уу” гэж асуухад манай хэд “Үгүй ээ, өөрийнхөөрөө үзнэ дээ” гэж хариулах жишээтэй. Тэгэхээр судалгаа бас хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш дасгалжуулагч нар тамирчдаа сайн бэлдсэн.
-Одоо тамирчид маань амралтын байдалтай байна уу?
-Ирэх сарын эхний долоон хоногоос манай улсад дэлхийн цомын тэмцээн болно. Түүнд манай тамирчид оролцоно. Ер нь тамирчдад өчүүхэн ч амралт байдаггүй. Дараагийн тэмцээн хаяанд байгаа учраас амрах зав алга даа.
-Манай тамирчид дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгалаа. Монголын нэрийг гарсан тамирчдыг төрийн шагнал хүлээж байдаг?
-Олимп эхлээд удаагүй байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж очсон юм. Тэр үед М.Бундмаа, Х.Цагаанбаатар нар муу барилдсан үе. Бид ч Ерөнхийлөгчийг ширүүхэн үг хэлэх болов уу гэж эмээж байсан юм. Гэвч тэрээр “Та нар айж эмээгээд байх юм байхгүй. Монголчууд энэ медалийг авч үзээгүй юм биш. Авбал авна биз, байвал байна биз. Та нар чадлаараа л оролц” гэсэн. Энэ үг манай тамирчдад маш том урам болсон. Маргааш нь С.Ням-Очир маань хүрэл медаль авсан шүү. Тэр үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Насаа багш аа, цаашид яах бол” гэхээр нь “Медалийн өнгө хувирна аа” гэж хэлсэн маань ч биеллээ. Дээрээс нь амжилт гаргасан тамирчдад урамшуулал олгох болсонд маш их талархаж байна. Цаашдаа олимпод долоон төрлөөр биш 14, 29 тамирчин биш 290 тамирчин оруулах учиртай. Тэгвэл дор хаяаж 20 медаль хүртэх чадвар манай тамирчдад бий шүү. Энэ дашрамд, нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Учир нь, би олимпийн аваргуудыг анхлан бэлтгэж байсан багш нарыг гавьяат цолоор шагнаасай гэж хүсч явдаг. Тодруулбал, С.Ням-Очирын анхны багш бол Улаангом коллежийн Биеийн тамирын багш, аймгийн арслан Ю.Баттогтох. Түүний олон сайхан шавь нар өнөөдөр амжилт үзүүлж байна. Түүний дараагийн багш “Хангарьд” клубын дасгалжуулагч Ш.Бат-Орших байна. Тэр 1996 оны Атландын олимпод Д.Нармандахыг дасгалжуулан оролцуулж медаль хүртэж байлаа. Мөн У.Мөнх-Эрдэнийн анхны багш Д.Батмөнхийг шагнаж урамшуулах хүний нэг. Тэрээр “Сөүл-1988” олимпийн хүрэл медальт Нэргүйн Энхбатыг бас л дасгалжуулж байсан. Эцэст нь, Н.Түвшинбаярын анхны багш Ш.Эрдэнэ-Очир байна. Төр, засгаас шавь нарынхаа гарааг сайн тавьж эдгээр дасгалжуулагчдийг шагнаасай гэж дотроо залбирч явна даа.