Д.БОЛОРМАА

 

Эх орныхоо нэрийг Лондоны дэвжээнд мандуулж чадсан бүсгүй бол С.Батцэцэг. Эр хүнээс дутахгүй  эр зоригоо гайхуулсан түүний гавьяаг хэн хүнгүй  шагшиж байна. Олимпийн наадмаас медаль авалгүй 32 жил завсарласан чөлөөтийнхөн ч “Манай чөлөөт бөх сэргэлээ” хэмээн бахдаж  байна. Олон улс, тив дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суугаар Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин, Лондон-2012 олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Соронзонболдын Батцэцэгтэй  ярилцлаа.

 

-Танд баяр хүргэе. 32 жилийн турш завсардсан чөлөөтийн медалийг та эх орондоо авчирлаа шүү дээ?

-Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа. 32 жил завсардаад байсан медалийг эх орондоо авчирсандаа маш их баяртай байна.

-Барилдаж байхдаа ямар тактик баримталж байв. Багш дасгалжуу­лагчийн зөвлөмж хамгийн ойр байсан байх?

-Дэвжээнд гарахаас өмнө багш маань тактик боловсруулж өгсөн.  Гэвч гарсныхаа дараа багшийнхаа тактикийг хэрэгжүүлж, хэлснээр нь барилдаж чадаагүй. Энэ удаагийн олимпод манай чөлөөтийнхөн амжилттай оролцох боломж байсан ч тактикийн алдаа гаргаж бага зэрэг амжилтгүй оролцсон нь харамсалтай. Гэхдээ гутрах хэрэггүй. Цаашид олон тэмцээн уралдаан биднийг хүлээж байна.

-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв. Тамирчин бүр өрсөлдөгч хэдий ч эмээж байсан бөх байсан биз?

-Хэнийг ч басч болохгүй. Чөлөөт бөхийн дэвжээнд барилдаж байгаа бөх болгон өрсөлдөгч байдаг. Хэн нэгнийг ялгаад тэр дорой, энэ хүчтэй гэж хэлэхийн арга байхгүй. Тэгээд ч олимпод оролцож байгаа тамирчин болгон хамгийн хүчтэй байдаг. Эх орноосоо шилдгээр шалгараад ирж байгаа учраас аргагүй шүү дээ. Гэхдээ би тэдний хэнээс нь ч айж бэргээгүй.

-Олимпийн дэвжээнээ медаль хүртэж байхад тань хамгийн түрүүнд юу бодогдож байв?

-Эх орон, аав, ээжийгээ л боддог юм билээ. Надад итгэл хүлээл­гэсэн багш, надад найдлага тавьсан монголчууд гээд л. Хүний итгэлийг тээж явна гэдэг хэцүү учраас амласандаа хүрч чадсандаа баяртай байна.

-Та залуу байна. Үүнээс ч илүү амжилт таныг хүлээж байгаа?

-Тийм ээ. Би гэлтгүй Монголын тамирчдыг олон сайхан амжилт хүлээж байгаа. Тамирчид маань нэгэн сэтгэлээр зүтгээд явбал амжилт ойрхон гэж хэлмээр байна. Олимпоос медаль хүртсэнгүй гэж гутрах хэрэггүй. Та дэлхийн хэмжээний болно гэсэн зорилго тавиад зүтгээрэй гэж тамирчдадаа уриалмаар байна.

-Амжилтын гол шалтгаан бол сэтгэл зүй. Таныг тэмцээний үеэр тайван, аядуу байсан гэж дасгалжуулагч чинь онцолж байна лээ?

-Барилдах чинь миний ажил шүү дээ. Та хүнээс ярилцлага аваад ажлаа хийж байна. Түүн шиг би ч гэсэн барилдахдаа ажлаа хийж байна гэж боддог. Ажлаа хийхдээ сандарч мэгдээд байх шаардлага байхгүй биз дээ. Мөн сэтгэл зүйн талаас тайван байхад маань багш маань нөлөөлсөн юм.

-Багшийнхаа талаар яриач.Гавъяат тамирчин З.Дүвчин  “С.Батцэцэг дэвжээнд гарахдаа  сандардаггүй  их тайван барилддаг. Спортын хүнд байх ёстой хамгийн чухал чанар түүнд байдаг. Чөлөөт бөхийн төрөлд 32 жилийн дараа дэлхийн аваргын эрхэм алдрыг хүртсэнд нь шавьдаа их баярлаж байгаа.   Цаашдаа ч олон амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна” гэж байсныг санаж байна?

-Багш маань их өвөрмөц барилддаг хүн. Багшийнхаа барил­даанаас их зүйлийг суръя гэж боддог ч бүрэн гүйцэд сурч амжаагүй байна. Багш минь өвөрмөц барилдаантай болохоор сурахад цаг хугацаа хэрэгтэй юм шиг байна лээ. Түүний ачаар медаль хүртлээ. Энэ бол миний амжилт гэхээс илүү багшийн маань уйгагүй хөдөлмөр, намайг дэмждэг тэр их сэтгэлийн тэнхээ юм.

-2008 оны олимпоос хойш бокс, жүдо сонирхогчдын тоо эрс өссөн. Одоо чөлөөт бөх сонирхогч хүүхэд залуус нэмэгдэнэ байх даа?

-Монголчууд чөлөөт бөхийг эртнээс дэмжиж ирсэн. Монголчуудын сэтгэлд байнга байдаг спортын төрөл бол чөлөөт бөх. Энэ утгаараа чөлөөт бөхийг сонирхох залуус олон болоосой гэж хүсч байна.Монголчууд дай­чин чанартай тэр дундаа эмэгтэйчүүд нь дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ харуулсандаа баяртай байна. Цаашдаа гаргасан амжилтандаа цадаад суухгүй. Намайг болон миний журмын нөхдийг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа учраас илүү их бэлтгэл хийх болно. Энэ дашрамд, спортод элэгтэй, спортод хайртай монголчуудаа баярлалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар тамирчдын нийгмийн асуудлыг анхаарч байгаад талархаж байна. Энэ дэмжлэг ма­най тамирчдын амжилтад сайнаар нөлөөлнө гэдэгт итгэж байгаа.