/1912-1980/

Н.БАТМӨНХ

Улсын арслан Ө.Чүлтэмсүрэн бол Засагтхан аймгийн Ний бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Баян-Улааны хоолой гэдэг газар 1912 оны усан хулгана жил төржээ. Гурван настайдаа эх нь нас барж өнчин хоцорсон тул Дэлгэрмөнхийн хүрээнд “Донхор” Гүржав гэдэг хочтой ах ламынхаа асрамжинд амьдарч байсан бөгөөд түүнийг хужгар гэж хочилж байжээ. Тэр улмаар Улаанбаатар хотод шилжин ирсний дараа хжугар хоч нь “Хужаа” болон дуудагдах болсон гэдэг. Чүлтэмсүрэн бага наснаасаа хүрээнд шавилан сууж, үеийн банди нартайгаа ноцолдон бөх болох замналаа эхэлжээ. Өлзийтийн Чүлтэмсүрэн 12-13 насандаа сумын заан цолтой ах Дугар, Гэндэнжамц нарыгаа давгаж овоо, хийд, сахиусын тахилга, аймаг орон нутгийн наадамд барилдаж нутгийн ахмад бөх “Годон” Дампил, Д.Дагва арслан нарт тоогдож улмаар улсын баяр наадамд барилдахаар зоригложээ. Тэрээр 16 настайдааа аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин цол авчээ.

1936 оны Улсын баяр наадамд зодоглож 1024 бөхөөс тав давж Монгол Улсын начин цолыг 24 насандаа хүртжээ. Энэ наадамд дөрвийн даваанд таарч түүнд өвдөг шороодсон Сэлэнгэ аймгийн “Данигай” хэмээх Данзан заан сайн бөх болоорой гэж арван төгрөг өгөхөд улсын цол авснаас дутуугүй баярлаж байсан тухайгаа хожим дурсаж урам гэдэг багаддаггүй юм шүү хэмээн ярьж байжээ.

Улсын наадамд барилдсан он жилүүдийн амжилтыг харвал

1938 онд 1024 бөхөөс тав давж шөвгөрчээ.

1941 онд 448 бөхөөс тав давжээ.

1942 онд 360 бөхөөс ес давж түрүүлж 30 насандаа Монгол Улсын арслан цол авчээ.

1943 онд 512 бөхөөс тав,

1944 онд 512 бөхөөс долоо давсан бол

1945 онд 512 бөхөөс дөрөв давж Төв аймгийн залуу бөх Жанцангийн Төмөртогтоход унажээ.

Тэгээд 1946 онд 1024 бөхөөс долоо давж бат хүчит чимэг авч

1947 онд 512 бөхөөс дөрөв давж тавд Архангай аймгийн залуу бөх Жамбалжавын Хөхөөд унажээ.

1948, 1949 онд 512 бөхөөс долоо давжээ.

1950 онд 512 бөхөөс найм давж үзүүрлэжээ.

1951 онд 1024 бөх ба­рилдахад нэг давж унаснаар барахгүй тэр жил нь хурдан азарга нь үхсэн учраас төрсөн нутаг Хөвсгөлөө зорин тэнд очоод Төрийн наадамд зодоглолгүй зургаан жилийг өнгөрүүлжээ.

1958 онд зургаа давж харилтгүй чимэг.

1959 онд тав давж бууршгүй хүчит чимэг тус тус нэмжээ.

Түүнээс хойш 1962 онд гурав давжээ. Дараа нь 1964 онд 512 бөхөөс дөрөв давж, тавын даваанд Ш.Батсуурь аварга өвдөг шорооджээ. Бас нэг амжилтыг дурдахад Ө.Чүлтэмсүрэн арслан 1942 онд Сүхбаатар аймаг анх байгуулагдсаны баяр наадамд очиж барилдаж Булганы Л.Нямжавыг хаяж түрүүлж байсан.

1948 оны зун арсланг нутаг сэлгэж нүүж явахад нь машинтай хүмүүс хээр уулзаад Сэлэнгэ аймгийн наадамд очино. Тэднээс Батсуурь аварга зэрэг хот хөдөөгийн олон бөх очих гэнэ гэдгийг сонсоод тууж явсан хонь, уналга морио хүнээр хөсөг рүүгээ явуулчихаад тэр машинаар нь Батсуурь аваргатай барилдах гол зорилготой очиж, Батсуурь аваргыг далбаагаа өгнө үү. Өмсөж гаръя хэмээн гуйж авчраад өмсөж үзвэл гарын хуруу орж барьц авах боломжгүй шахам байсан бөгөөд гагцхүү  ар суганд нь хоёр хуруу орж болохыг мэдээд далбааг нь надад томдоод байна хэмээн буцаажээ. Наадмын үзүүр, түрүү булаалдахаар аварга, арслан хоёр үлдэж Чүлтэмсүрэн нөгөө л төлөвлөлсөн барьцаараа барихад нь Батсуурь түүнийг нь тавиулахаар хүчтэй сэгсчиж халахад нь хүчийг нь дагаж өхийлдэх мэхээр аваргыг давж түрүүлж байжээ. Ө.Чүтэмсүрэн арслан 1963 оны улсын наадмаар Ж.Мөнхбатыг Л.Сосорбарамтай барилдаж байхыг нь ажиглаж байснаа чи сугадаж дайрахаар нь баруун хөлийн өсгий дээр нь зүүн хөлийн чинь өлмий хүрмэгц цааш нь түлхчих гэж захиснаар Ж.Мөнхбат давж байсан байна.

Ө.Чүлтэмсүрэн арслан барилдахаа больсноос хойш зарим жил бөхийн засуул, хөлийн цэц хийдэг байсан бөгөөд ялангуяа бөх засах ухааныг гоц сайн эзэмшсэн бараг л зассан бөх бүрээ дэвуулдаг сайн зөвлөгч байжээ. Тэр нуруугаар өндөр биш, шар царайтай, мулзан толгойтой тухайн үеийн бөхчүүд дунд жижигт нь ордог ч монгол бөхийн барилдааны арга ухааныг маш сайн эзэм­шиж чадсан. Өхийлдэх, өлгөх, мушгих, бусгах мэхүүдийг даацтай чадамгай хийдэг, ба­рил­даж байгаа бөхийн хөдөлгөөн, мэх хийх үед биеэ суллаж авхаалжтайхан барилддаг бөх байжээ. Бас алиа шогч хүн байсан. Тэрээр бөхчүүдийг ам авахад нь Хөвсгөлийн Чүлтэмсүрэн гэж хужийсан жижиг шар юм байгаа. Түүнийг л хүртчих хэмээн өөрийгөө авахуулж байсан дурсамж байдаг.

Арслан амьдралынхаа сүүлийн жилүүдэд Төв аймгийн Баянчандманьд амьдарч байсан бөгөөд ганц охинтой байжээ. Арслангийн дүү Шаравжамц 1941 оны улсын баяр наадамд тав давж начин цол авчээ. Халхын цуутай арслан 1980 онд бурхны оронд заларчээ.