Д.НАДМИД
-Би Эрдэнэт-Од багш шигээ тамирчин болно. Багшийнхаа хүрч чадаагүй амжилтад хүрнэ гэж зориглон хэлж буй эмэгтэйг Доржсүрэнгийн Сумъяа гэдэг. Жүдо бөхийн 57 кг-д одтой яваа юм тэр. 2012 он гэхэд Европын цуврал тэмцээнүүдээс мөнгө, хошой хүрэл медаль авчирсан. “Чингис хаан” дэлхийн цомд аваргалсан. Чиндаогийн “Гран при”-д мөн түрүүлсний гадна самбо бөхөөр 21-хэн насандаа дэлхийн аварга болсон гээд тоочвол түүний тамирчны цөөн жилийн амьдралтай дүймгүй олон амжилтын тухай ярих болно. Бас “Лондон-2012” олимпод зодоглоод авсан тамирчин. Түүнтэй бэсрэгхэн ярилцлаа.
-Өөрийг чинь бөх болоход юу нөлөөлсөн бэ?
-Аав маань чөлөөтөөр барилддаг байсны нөлөө бий. Би эхээс олуул. Таван дүүтэй. Тэдний дөрөв нь эрэгтэй. Тэд миний анхны бэлтгэл хангагчид байсан шиг. Одоо санахад дүү нартайгаа л ноцолдчихно доо. Хүн муу хэлэх байх гэж ч санадаггүй байж.
-Чи цөөн жил жүдогоор хичээллээд олимпод зодоглсон тамирчны нэг гэгдэх болж?
-Тийм ээ. Олимпийн тухай зүүдлээ ч үгүй явж байсан чинь онооны илүүгээр сонголтод өртсөн тамирчны тоонд орж олимп гэдэг оргил наадмын татамид гарсан даа.
-Олимпод оролцоод юу олж авсан бэ?
-Хүссэн бүхэн олимпод оролцдоггүй. Хамгийн их хүч хөдөлмөр зарцуулж хөлс гаргасан тамирчин л тэр наадамд очдог юм байна гэдгийг нүдээр үзлээ. Миний хувьд их сургамж авсан. Нэг ёсны олимпийн утаа үнэрлэсэндээ туршлага суусан гэж болно. Тэр бүхнээ 2016 оны Бразилийн олимпод үзүүлнэ гэж бодож байгаа.
-Лондонгийн олимпод хожигдсон Солонгосын жүдочтой өмнө нь барилдаж байсан уу?
-Бид хоёр хэд хэд таарсан. Өгөө аваатайл байсан. Гэвч Лондонд би ялагдчихсан. Энэ бол намайг хойшид сайн барилд гэсэн сургамж байлаа. Олимпийн дараа түүнтэй нэг удаа таарч барилдсан. Би ялсан. Ер нь олимпийн дэвжээ гэдэг бусдаас эрс өөр санагдсан шүү. Би оргил амжилтынхаа эхийг тавьчихлаа гэж бодож байгаа.
-Улсын шигшээ багт ер нь 57 кг-д хүчтэй өрсөлдөгч олон уу?
-Ер нь жингийн маань тамирчин бүр л хүчтэй өрсөлдөгч. Яагаад би тэгж хэлж байна вэ гэвэл Эрдэнэт-Од багш маань жүдод хэзээ ч, хэнийг ч басч болдоггүй юм шүү гэж захьдаг юм. Жүдод дэвжээн дээр нэг секунд ч үнэтэй байх үе бий. Тайвширвал хэдхэн секундэд цэвэр тавиулчих осолтой байдаг нь жүдогийн онцлог юм даа. Би эхлээд чөлөөтөөр хичээллэж эхэлсэн ч жүдог илүүд үзэж урвасан.
-Олимпийн тухай ярьчихлаа. Тэгвэл түүнээс өмнө хамгийн их урмыг чинь бадраасан амжилт хэзээ байсан бэ?
-Чиндаогийн “Гран при”-д түрүүлж алтан медалийн эзэн болсон минь онцгой их урам, хүч чадал хайрласан. Тэнд аваргын төлөө Бразилийн хүчтэй тамирчныг ялсан. Өмнө нь Европын цуврал тэмцээнд түүнтэй таарч ялж байсан. Харин Бразилд зохиогдсон багийн тэмцээнд хүрэл медалийн төлөө барилдаанд түүнд ялагдсан удаа бий. Чиндаод бид хоёрын хооронд тун ширүүхэн барилдаан гарсан. Би сууж үүрэх мэхээр ялсандаа их баярласан. Би өөртөө боломж байгаагаа ч эндээс олж харсан юм.
-57 кг-д дэлхийн чансааг тэргүүлэгч Японы бөх Мацүмото Каоритой таарсан удаа бий юу?
-Тэр Лондоны олимпийн аварга ёстой мундаг бөх. Түүнтэй Германд болсон “Гран при”-д хэсгийн аваргын төлөө барилдаж торгуулиар хожигдсон удаа бий. Оноо алдаагүй ч шүүгчид намайг идэвхгүй барилдлаа гээд торгосон. Каоригийн барилдааны тухайд би одоо мэднэ. Түүнийг надаас илүү гэж бодвол алдаа болно. Тамирчин хүн хэзээ ч өөрийгөө голж болдоггүй.
-Жүдо, чөлөөт гэээд их спортод цэвэр ялж байгаа тамирчнаа харсан хүн өөрийн эрхгүй омогшиж баярладаг. Харин тамирчинд ямар сэтгэгдэл төрдөг юм бол...?
-Цэвэр ялалт гэдэг тухайн тамирчны чадал чансааг л илтгэж байгаа хэрэг шүү дээ. Би дээр хэлсэн дээ. Жүдо бол цаг хугацааны тэмцэл. Эрсдэл маш ойрхон байдаг төрөл. Үнэлгээгээр илүү яваад хэдхэн секундэд цэвэр ялагдах нь бий. Тэр утгаараа цэвэр ялна гэдэг үнэ цэнэтэй. Тамирчны нэр төрийн хэрэг гэж боддог.
-Өнгөрсөн жилийн нэг том амжилт чинь самбо бөхийн дэлхийн аварга болсон явдал мөн биз?
-Тийм ээ. Анх удаа самбын төрөлд ДАШТ-д оролцоод аварга болсон юм чинь том амжилт байлгүй яахав. Тэр тэмцээнд 64 орны хүчтнүүд ирсэн байсан. Би жин хасч 56 кг-д барилдсан. Алтан медалийн төлөө Болгарын бөх Калина Стефановтой барилдаж ялаад аваргын медаль зүүхдээ тун сайхан байсан. Нэг сонин нь би тэр тэмцээнд орохоо мэдсэн ч жүдогийн бэлтгэл хийж байгаад л явсан даа. Тийм болохоор барилдааны эхэн үед жүдогоор үзчих гээд л байсан. Гэвч удалгүй самбог мэдэрч барилдсан даа.
-Хаанахын бөх гэж дуудуулдэг билээ дээ?
-Би чинь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул. Одоо “Хилчин” спорт хорооны тамирчин. Олон олон алдартай тамирчин төрүүлсэн хороо, клубт харьяалагдаж явдагтаа басхүү баярладаг даа.