Б.БАРС
ОХУ-ын найруулагч С.Бодровын “Монгол” кино хэдэн жилийн өмнө дэлхийг шуугиулан “Оскар”-ын шагналд шилдэг гадаад киноны номинацид нэр дэвшиж байсан билээ. Түүнтэй “Атлантида” сэтгүүлийн сурвалжлагч уулзаж ийн ярилцсан аж.
-Манайд нэг хэсэг түүхэн сэдэвт кино бараг хийхээ больсон. Яагаад тэр вэ?
-Би ч бас гайхдаг юм. Манайх чинь баялаг түүхтэй орон шүү дээ. Мөн янз бүрийн сонирхолтой домог ч цөөнгүй. Түүхээрээ дэндүү дураараа тоглож харыг цагаанаар, цагааныг хараар будаж, гэмтнийг баатар болгож байсны хар гай юм уу даа. Бидний түүхийн тухай ойлголт төлөвшөөгүй ч юм шиг. Гэтэл дорнын түүхийн үйл явц тасралтгүй үргэлжилж, хүмүүст маш чухал домгууд өнөөг хүртэл амьд хэвээр байна. Чингис хааны тухай домгууд Монголд хэзээнээс амь бөхтэй оршсоор ирсэн. Тэр хүн монголчуудын хувьд хамгийн нэр хүндтэй түүхэн хүн. Гэтэл манайд тийм хүн байна уу. Харамсалтай нь алга.
-Оросууд бид сүүлийн 200 жил хаанаас гаралтай гэдгээ эрэлхийлсээр явна. Их талаас гэж та боддог уу?
-Бид дорнын их талаас гаралтай гэж бодохыг хүсдэггүй шүү дээ. Европуудтай өөрсдийгөө адилтгахыг хичээдэг. Бид харанхуй бүдүүлэг биш, бид боловсролтой гээд Европ руу л тэмүүлээд байдаг. Их талаас жийрхээд хэрэггүй юм. Тэнд бидний үндэс, маш давгүй үндэс бий. Их талд эрч хүч, агуу сэтгэл байсан. Тэнд хүмүүст итгэл үнэмшил, сүсэг бишрэл, санаа сэдэл байсан юм. Ингэхдээ маш энгийн итгэл үнэмшил. Тэнгэр газраа л шүтэхэд хүмүүст хангалттай байж.
-Монголын дарангуйлал, ер нь монголчуудын тухай домог бидний хувьд маш чухал юм шиг. Жишээ нь Герман, Кармалита хоёрын “Отрарын мөхөл” киноны зохиолд монголчуудыг сайн ч биш муу ч биш, зүгээр л хорезмшахын ялзарсан гүрнийг нураах их хүч гэж харуулдаг. Тэр киноны ялзарсан гүрнээр зохиогчид ЗХУ-ыг цаагуураа хэлээд байсан санагддаг?
-Гайхалтай зохиол шүү. Би тэр зохиолоор хэн, яаж кино бүтээх бол гэж бодож явсан. Гэтэл залуухан казах найруулагч Ардак Амиркулов зориглон барьж аваад тун дажгүй кино хийсэн. Үнэхээр Мохаммад шахын гүрэн ялзарч, нийгмийг сул дорой, өөдгүй хүмүүс тэргүүлж байжээ. Тэгээд л Монголын худалдаачдыг хядан өөрсдийнхөө мөхлийг дуудсан. Үүний дараа эхэлсэн монголчуудын салхи мэт довтолгоон түүхийн шударга үйл явц байсан гэж боддог.
-Гэхдээ Германы зохиол дээр худалдаачдыг тагнуулчид байсан гэж дүрсэлдэг?
-Миний бодлоор цаазлуулсан монголчууд худалдаачид байсан нь үнэн байх. Ийм ч учир энгийн иргэдийг нь алахыг Чингис хаан тэвчээгүй биз. Торгоны замыг чухам Чингис хаан байгуулсан шүү дээ. Түүнээс өмнө зохион байгуулалттай олон улсын худалдааны сүлжээ байсангүй. Хаана ч гэсэн жинчдийг тонон дээрэмдэж, алж хяддаг л байсан. Оросын хувьд монголчуудад эзлэгдсэн нь одоо хүртэл тун эмзэг сэдэв. Гэхдээ тэр үед Орос маш сул дорой байсан. Аль нэг улс Оросыг эзлэх л байлаа. Өрнөдөөс литв, герман, шведүүд дайрч эхэлсэн үе. Тэдний хувьд оросууд буруу номтнууд, эзлэн түрэмгийлж өөрийн шашиндаа оруулах ёстой хүмүүс байсан юм. Аз болж Невийн Александр өрнөдтэй нийлснээс монголчуудыг дагах нь дээр гэдгийг ойлгосон. Ингээд Монголын дарангуйлал гээчийн 200 жилийн дотор Орос орон хөл дээрээ бат бэх зогсч чадсан юм шүү. Хэрэв өрнөдийн харгис түрэмгийлэлд өртсөн бол тэгж босч чадах байсан уу.
-Таныхаар бол өрнөдийн соёл иргэншилд хүчээр нэгтгэгдсэн бол Орос сүйрэх байжээ?
-Сүйрэх нь хаашаа юм. Улс орны түүх огт өөрөөр, гаж зүг рүү эргэх байсан. Католик шашинтай Орос гэхээр сонин сонсогдож байгаа биз дээ. Магадгүй чи бид хоёр оросоор бус литвээр ярилцах байсан ч юм билүү.
-”Монгол” киногоороо та өнөөгийн хүмүүст нэг чухал юм хэлэхийг оролдсон санагддаг?
-Нийт үзэгчдэд өгүүлэх гэсэн нийтлэг зүйл бий. Харин Орос орны иргэддээ онцлон бас нэг юм хэлэх гэсэн юм. Өнөөдөр манай оронд юу болж байгаа билээ. Улстөрчид үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлах үзлээр нийгмээ өвчлүүлж байгаа нь туйлын аюултай. Нүдний хэв өөр хүмүүст тоомжиргүй хандсаны хэрэггүй гэж хэлэх гэсэн юм. Нэгдүгээрт, бид чинь тэдний адил нэг гаралтай. Хоёрдугаарт тэр хүмүүс биднээс илүү хүчтэй, ухаантай байж болох. Тэдний ар талд бид нарт байхгүй тийм чухал хүчин байж ч болох юм. Тэднийг үл тоомсорловол юу ч болж болно шүү.